Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо цахимаар зохион байгуулах гэж байна. Энэ наадмын талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөр зохицуулагч Ц.Энхчимэгтэй ярилцлаа.
-Дэлхий дахинаа цар тахлын улмаас олон улсын наадмууд цуцлагдаж, зарим нь цахим хэлбэрт шилжээд буй. Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан удахгүй олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг цахимаар зохион байгуулах гэж байна. Наадмын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?
-Орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой хоёр дахь удаагийн “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26 -наас тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар бэлтгэл ажил ид өрнөж байна. Тус наадмыг Монголын урлагийн зөвлөлөөс /МУЗ/ санаачлан Монголын балетын хөтөлбөр, Гёте-институт, АНУ-ын Элчин сайдын яам, “Төгөлдөр” сан, “Монре импекс”, Америк дахь Монголын урлагийн зөвлөл, “Батзориг” сан хамтран оролцож байна.
Цахим наадмын нээлтийн тоглолт, олон улсын хөтөлбөр, монгол бүжигчдийн уралдаант хэсэг, мастер класс, бүжгийн сэдэвт кино үзвэр гэсэн үндсэн таван хэсгийн хүрээнд бэлтгэл ажлыг хийж байна.
-Хоёр дахь удаагийн наадам гэсэн үү?
-Тийм ээ. Хоёр дахь удаагийн наадам. Энэ наадмыг өнгөрөгч 2018 онд анх удаа зохион байгуулж, наадамд АНУ-ын “Ририй вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил колмэн дэнс”, ОХУ-ын “ТудаСюда” орчин үеийн бүжгийн хос урилгаар оролцож байв.
Мөн бүжиг дэглээч Б.Одбаяр, Э. Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл авалт” орчин үеийн бүжгийг шинээр дэглэн толилуулж, зураач Ж.Мөнхцэцэгийн “Төрөл авалт” үзэсгэлэнг наадмын туршид дэлгэн, соёлын олон төрлийг таниулснаараа онцлог болсон.
-Олон улсын орчин үеийн бүжгийн наадамд хэдэн орны бүжигчид ур чадвараа сорих бол?
-Монгол уран бүтээлчдээс гадна Америк, Солонгосын хамтлаг болон Польш, Канад, Хорват улсын гоцлол бүжигчид ур чадвараараа өрсөлдөх юм.
-Цахим наадмын давуу болон сул тал гэвэл?
-Сул тал гэвэл, бүжгийг тайзнаас эсвэл тэр орон зайд нь харж мэдэрч таашаах хамгийн сайхан байдаг. Үзэгчдийн хувьд тэр боломж, мэдрэмж хязгаарлагдаж буй. Гэхдээ давуу тал олон бий. Улс орны хил хязгаараас үл хамааран олон орны бүжигчдийн бүжгийг нэг дороос үзэж, уран бүтээлчдийн дотоод орон зайгаар төвөггүй аялах юм.
Мөн театрын суудлын тоонд, улс орны хил хязгаарт баригдахгүй маш олон хүнд хүрэх боломжтой. Энэ удаагийн цахим наадам нь энэ цаг үед бүжгийн салбарын уран бүтээлчид, бүжиг дэглээч, бүжиг сонирхогчдод эерэг сэтгэгдэл төрүүлж, эрч хүч нэмнэ гэж найдаж байна.
Аливаа үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахад тоног төхөөрөмж, техникийн мэдлэг чадвар нэн чухал. Энэ тал дээр манай наадмыг баримтат гэрэл зургийн “Батзориг” сан, “Лайв стрийм” компани, “White Rock Center" зэрэг хамт олон дэмжин ажиллаж байгаад талархая.
-Сэдвийн хувьд хотын хэмнэлийг орчин үеийн бүжгээр илэрхийлнэ гэж ойлгосон?
-Тийм. Хотын хэмнэлийг юу тодорхойлдог вэ. Өнгөрсөн үеийн түүх, дурсгал, хөгжил цэцэглэлт, харилцаа холбоо, иргэний сэтгэл оюун тухайн үеийн хэмнэлийг бий болгох ба энэ нь нөхцөл байдлаас үүдэн тогтмол хувьсан өөрчлөгддөг.
Түчигнэнэ, шаагилдана, чихцэлдэнэ тэгээд гэнэт зогсоно. Яг л бүжиг мэт… Бүжигчид өнөөгийн хотын хэмнэлийг бүжгээр илэрхийлэхийг зорино. Наадмаас бид хотын өөр өөр хэмнэлийг мэдрэх болно.
-Наадмын хөтөлбөрийн талаар сонирхуулахгүй юу?
-Цахим наадам нээлтийн тоглолт, олон улсын хөтөлбөр, монгол бүжигчдийн уралдаант хэсэг, мастер класс, бүжгийн сэдэвт кино үзвэр гэсэн үндсэн таван хэсэгтэй. Үүнд, “Хотын хэмнэл” нээлтийн тоглолтыг Монголын балетын хөтөлбөрийн дэглээ Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” бүжгээр нээнэ.
Наадмын уралдаант бус хэсэг. Монголын урлагийн зөвлөл нь олон улсын мэргэжлийн бүжгийн байгууллага, хамтлаг, уран бүтээлчдийн дунд 2021 оны нэгдүгээр сард хотын хэмнэлийг илэрхийлсэн богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарласан. Уг хөтөлбөрт АНУ, Канад, Польш, Хорват, Солонгосын зургаан уран бүтээл багтсан. Олон улсын бүжгийн богино хэмжээний видео бүтээлийг “Motion Mongolia” олон улсын орчин үеийн бүжгийн наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ. Хөтөлбөрийн шилдэг бүжгийн тоглолт нь “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болох юм.
Олон улсын хөтөлбөр нь нэгэн тусгай тоглолтыг хүргэж байгаа. Тэр бол Солонгосын “Libre Joven” хамтлаг болон монгол уран бүтээлчдийн хамтарсан “Meeting Hands” цахим тоглолт юм. “Хотын хэмнэл” монгол бүжигчдийн уралдаант хэсэгт монголын мэргэжлийн бүжгийн байгууллага, чуулга, хамтлагийн 19 уран бүтээлчийн 22 бүтээл ирснийг үзэгчдэд цахимаар хүргэнэ. Мөн эдгээр бүтээлүүдээс наадмын олон улсын гишүүдтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ”Шилдэг бүжиг дэглээч”, “Шилдэг эрэгтэй гоцлол”, “Шилдэг эмэгтэй гоцлол”-ыг тус тус шалгаруулна.
Олон улсын хэмжээнд контемпорари бүжгийн чиглэлээр өөрийн нэрийн хөдөлгөөнүүдээ бүтээж олон улсын наадмуудад уригдан бүжгийн салбарт тэргүүлж буй шилдэг сургагч багш Жо Алегадо, Английн нэрт Акрам Хан контемпорари бүжгийн компанийн дэглээч багш Еэн-Чин Лин, Германы Ричард Сийгалын бүжгийн компаниас жазз, мюзиклын багш нар Монголын бүжигчидэд өөрсдийн мэдлэгээсээ хуваалцана.
Мөн Соёл урлагийн их сургуулийн ахлах судлаач багш, дэглээч М.Мөнгөнцэцэг, уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулгын” бүжгийн багш Т.Содгэрэл нар мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдод мастер класс өгөх болно. Наадмын хүрээнд хотын залууст зориулж, “Hip Hop” бүжгийн мастер классыг “116” студийн бүжиг дэглээч П.Баттуул хүргэнэ. Бүжгийн сэдэвт кино үзвэр нь Германы кино найруулагч Бенедикт Мироуын “Зурвас тат”, кино найруулагч Уим Уэндэрсын “Пина” баримтат кинонуудаар наадмын үзэгчдэд мэндчилэх болно.
-Монголд орчин үеийн бүжгийн төрөл хэр хөгжиж байна. Энэ чиглэлээр уран бүтээл хийж буй хэчнээн уран бүтээлч байдаг бол?
-Монголын мэргэжлийн урлагийн чуулга, театрын уран бүтээлчид, бүжгийн студи, хамтлагууд, болон мэргэжлийн сургуулийн оюутнууд орчин үеийн бүжгийн контемпорари балет, бүжиг, стрийт, жазз, цэнгээнт гээд олон төрлөөр өөрсдийгөө сорьж уран бүтээл туурвиж байна.
Мөн Монголоос олон уран бүтээлч олон улсын театр, бүжгийн компаниудад амжилттай ажиллаж ур чадвараа хөгжүүлж яваа. Энэ наадмын монгол уран бүтээлчдийн дунд зарласан уралдаант хэсэгт ирүүлсэн бүтээлүүдээс бүжигчдийн маань ур чадвар, орчин үеийн бүжгийн өнөөгийн байдал сайн харагдана. Мөн гадаадад уран бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлчид ч оролцож буйг хэлэхэд таатай байна.
Холбоотой мэдээ