"Хүн бүрийн сэтгэл санааг Covid-19-ийн нөхцөл байдал зовоож байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

"Хүн бүрийн сэтгэл санааг Covid-19-ийн нөхцөл байдал зовоож байна"

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Covid-19-ийн нөхцөл байдал болон улс төрийн орчинд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.


Сайн байцгаана уу, Та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгая.

Ер нь цаг үеийн асуудлаар байр сууриа товчхон илэрхийлье гэж бодлоо. Монгол түмэн өнөөдрийн байдлаар маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Нэг хүнд ногдох Covid-19-ийн өвчлөл, нас баралтаараа дэлхийн олон оронтой харьцуулах юм бол хамгийн хүнд нөхцөл байдалд байгаа улс орны тоонд Монгол Улс багтаж байгаа. Монгол хүн бүрийн санаа үүнд зовж байна.

Цар тахлаас гадна манай үндсэн хүндрэл бэрхшээл улс төрөөс үүдэж ирсэн. Тэр зовлонгийн цөм нь, үүсгэгч нь улс төрийн нам гэдгийг бүгдээрээ мэддэг болсон.

Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирлээ. Түүнийг угтсан халуурал эрчээ авч байна. Та бид Монголынхоо зовлонг мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг ч гадарлана. Гол дүрд тоглогч өнөөгийн хэдээ ч танина. Харин энэ талцал, улайрал хэтэрч байна. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлцгээе.

Асуудлыг дарааллаар нь шийдье. Шийдэх боломжтойг нь цаг тухайд нь шийдээд явъя. Хуулиар шийдье. Хэлэлцэж, ярилцаж шийдье. Нээлттэй шийдвэрлэе. Хариуцлага ч тооцъё.

Монголыг зовоож байгаа цар тахлын аюул, хөнөөл, үр дагавар бид бүгдээс, төр засгаас бодитой, үр дүнтэй, шуурхай шийдэл нэхэж байна. Энэ чиглэлд бие биендээ тус дэм болж, нэгэн сэтгэл зүтгэлээр, хүн бүр хувь нэмрээ оруулж ажиллая. Бид энэ гайтай өвчний ард гарч чадна. Гэхдээ байж болох гарз хохирлын хамгийн багаар, зөв зохион байгуулалтаар хийх ёстойгоо хийгээд гарах хэрэгтэй.

Хуультай юм. Сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчид л шийднэ. Улс төрийн намын өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчилье. Шинэ хууль гаргаж, улс төрийн намыг шинээр, орчин цагийн шаардлагад нийцүүлж байгуулъя.

Өнөөдөр бол 1990 он биш. Бүх юм шинэ, мэдлэг туршлага дутмаг нимгэн байсан үе бидэнд бий. Та бид нийлээд Монголдоо тулгамдаж байгаа зовлон бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж чадна. Гагцхүү Монгол Улсын, Монгол үндэстний нийтлэг эрх ашигт үнэнч байх ёстой.

Баярлалаа

Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2021.04.20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж