АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Даваа гариг (2021.04.19) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьсан талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдээлжээ.
Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийллээ.
Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засаг захиргааны зүгээс хоёр орны хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн саяхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёрдугаар компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 10-аад жилийн өмнө Монгол Улсад тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Жо Байдены хамт айлчилж байснаа дурсан, хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх хүч чармайлтыг талархан тэмдэглэв.
Мөн талууд Covid-19 цар тахлын нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: MIRAGENEWS.COM, ГХЯ
Холбоотой мэдээ