Үлэмж том ачааны хөлөг “Ever Given”-ийг Суэцийн сувгийн гацаанаас гаргахаар эргийн шорооноос ухаж буй эксковаторын зураг цахим ертөнцөд тарсан билээ. Суэцийн сувгийн үйл ажиллагааг сэргээхийн тулд олон цагаар тууштай ажилласан тус эксковаторын оператор Абдулла Абдел Гавадад Суэцийн сувгийн захиргаанаас илүү цагийн цалин, нэмэлт урамшуулал олгохоор болжээ.
Сувгийн удирдлагуудын мэдээлснээр, Абдул ямар нэгэн шагнал авахын төлөө биш, зөвхөн хөлгийг чөлөөлж, сувгийн үйл ажиллагааг сэргээхийн төлөө хоёргүй сэтгэлээр шаргуу ажилласан нь хамгийн үнэлүүштэй юм. Тиймээс Суэцийн сувийн удирдлага болон Египетийн засгийн газар Абдулын үнэнч, ариун хөдөлмөрийг урамшуулахаар шийджээ. Абдул нь Суэцийн сувгийн жинхэнэ ажилтан биш, гэрээгээр ажил гүйцэтгэгч нэгэн бөгөөд хөлгийг чөлөөлснийхөө төлөө өнөөдрийг хүртэл илүү цагийн цалин аваагүй байсан аж.
Анх “Ever Given” хөлөг өнгөрсөн сарын 23-нд гацсан даруйд хөлгийг чөлөөлөхөөр оролдож буй эксковаторын зураг цахим орчинд хурдтай тарж, зарим тохиолдолд хошин мэдрэмжтэй залуус тоглоом тохуу хийж байв. Гэхдээ хэрэг дээрээ тухайн үед ажиллаж байсан ажилчдын нөхцөл байдал тун хүнд байж. Абдултай хамт ажиллаж байсан хүмүүс ойролцоох майханд цөөхөн цаг унтаж, аюулгүй байдал хангалтгүй орчинд олон цагаар ажиллажээ.
Эцэст нь гуравдугаар сарын 29-нд Абдулын багийнхан, чирэгч усан онгоцууд, элс соруулагч, тэргэл сарны хүчинд хөлөг чөлөөлөгдөж, сувгийн үйл ажиллагаа хэвэндээ орсон билээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ