Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Covid-19-ийн шинэ голомт илэрч, хатуу хөл хорио тогтоожээ. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өнөө өглөө 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах “улаан түвшин”-д шилжсэн байна.
Сүүлийн 24 цагт тус аймагт Covid-19-ийн гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 190 болжээ. Өнөөдрийн байдлаар 84 хүн тусгаарлах байранд ажиглалтад байгаа бол 371 хүн гэрийн хяналтад буй аж.
Хатуу хөл хорионы хугацаанд
- Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж, албан хаагчдынхаа 5-10 хувийг ажлын байранд ажиллуулах;
- Согтууруулах ундаанаас бусад хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, шатахуун түгээх станц, түлээ нүүрсний хүргэлт, банк, барилгын материалын дэлгүүрийг даваа, лхагва, баасан, ням гарагт 9.00-13.00 цагийн хооронд ажиллуулах;
- Зам барилга угсралт, тариалан эрхлэлт, ноос ноолуур, түүхий эд, өвс тэжээлийн худалдаа, тээвэрлэлтийг 22.00 цагаас өглөөний 8.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах;
- Сумын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагааг заасан хугацаанд хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд авто машинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;
Үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газрууд бүртгэл хяналтын системийг тогтмол хөтөлж байгаа эсэх, эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмд хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Холбоотой мэдээ