Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 5 байр ахиж, 68-д жагсав

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 5 байр ахиж, 68-д жагсав

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 5 байр ахиж, 68-д жагсав

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 2021 оны индекс: Ази, Номхон далайг цагдан хяналт (цензур), хуурамч мэдээллийн дайрлага нөмрөв.

Тус бүс нутаг дахь захиргаадалтын дэглэм бүхий орнууд мэдээлэлд тоталитар хяналт тавих аргаа улам нарийсгах зорилгоор Covid-19 цар тахлыг далимдуулан ашиглаж байгаа бол “ардчилсан дарангуйлалтай” улсуудын хувьд цар тахлаар шалтаглан, суртал ухуулгыг хэрэгжүүлэх, улс төрийн эсэргүүтэй тэмцэх зүйл заалт бүхий дарангуйллын шинжтэй хууль тогтоомж гаргалаа. Сэтгүүлчдийн эрх чөлөөг хангах нь хуурамч мэдээллийн эсрэг шилдэг хариу арга хэмжээ гэдгийг тус бүс нутаг дахь жинхэнэ утгаараа ардчилал хөгжсөн цөөн хэдэн орны төлөв байдал харуулж байна.

Covid-19 дэлхий даяар тархахаас өмнө Хятад улсад (177-д) үүссэнтэй нэгэн адил, цагдан хяналтын вирус – Хятад улс үүний тархалтаар дэлхийд тэргүүлж байна (доороос үзнэ үү) – Ази, Номхон далайн орнуудаар тархаж, аажмаар бүс нутгийн ихэнх хэсгийг нөмрөв. Хонгконг улсаас (80-д) эхлэхэд, хагас автономит “засаг захиргааны онцгой бүс” болох энэ улсад 2020 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Бээжингийн зүгээс тус улсын хэрэгт шууд оролцох эрхтэй болсноор сэтгүүл зүйн үйл ажиллагаанд ноцтой аюул занал тулгарсан.

Вьетнам улс (175-д) мөн нийгмийн сүлжээний контентод тавих хяналтыг чангатгахын сацуу 2021 оны нэгдүгээр сард болсон Коммунист намын таван жил тутмын ээлжит их хурлын өмнө хараат бус, тэргүүлэх сэтгүүлчдийн баривчилгааг өргөнөөр явуулсан. Тэдний дотор 2019 онд “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын “Нөлөөлөл” ангилалд Хэвлэлийн эрх чөлөөний шагнал хүртэж байсан Фам Доан Транг байна.

Цагдан хяналтын талаар хөрш зэргэлдээ Хятад улсаар заалгах шаардлага үгүй Хойд Солонгос улс (1 байраар ахиж 179-д) нь мэдээлэл болон хүн амдаа тоталитар хяналт тогтоосноороо индексийн үнэлгээнд хамгийн муу үзүүлэлттэй хэвээр байна. Гадны хэвлэл мэдээллийн цахим хуудас руу орсныхоо төлөө Хойд Солонгосын иргэн бүх насаараа хорих лагерт хорих ял эдлэх эрсдэлтэй.

Цагдан хяналтын хавчлагад 

Ши Жиньпин Ерөнхийлөгч 2013 оноос эхлэн Хятад улс (177-д)-ыг удирдах болсон цагаас хойш цахим орчны цагдан хяналт, мөрдөн тагнах, суртал ухуулгын ажиллагааг урьд өмнө байгаагүй хэмжээнд өрнүүлэх болсон. Ши Жиньпиний өөрийн удирддаг Хятадын Кибер орон зайн хяналтын захиргаа тус улсын 989 сая интернэт хэрэглэгчдэд хүрэх мэдээлэлд хяналт тавих зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.

Тус байгууллагын шинэ технологийн асар их хэрэглээ, цагдан хянагч болон троллуудын армийн хүчээр Бээжингийн зүгээс мэдээллийн урсгалыг хянах, цахим орчинд иргэдийг тагнах, цагдан хянах, нийгмийн сүлжээгээр суртал ухуулгаа тараах ажиллагааг хэрэгжүүлж байна. Үзэл санаагаа гадаадынханд тулгах, сэтгүүл зүйг төрийн ухуулга сурталтай адилтгах явдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор тус улсын дэглэмийн нөлөө олон улсын хил даван өргөжин тэлэв. Бээжингийн зүгээс Covid-19 цар тахлыг далимдуулан цахим мэдээлэлд тавих хяналтаа урьд өмнөхөөс илүү хэрэгжүүлсэн.

Сэтгүүл зүйн үйл ажиллагааг хааж боомилсон орнууд

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр нөхцөл байдал муу буюу маш муу гэсэн ангиллыг илэрхийлж буй улаан буюу хар өнгөөр тэмдэглэгдсэн наад зах нь 10 оронд цар тахлыг ашиглан мэдээллийн чөлөөт урсгалд саад хийх арга хэмжээг эрчимжүүлсэн. Тайланд (3 байраар ахиж 137-д), Филиппин (2 байраар ухарч 138-д), Индонез (6 байраар ахиж 113-д) болон Камбож (144-д) улсуудад 2020 оны хавар засгийн газрыг шүүмжилсэн аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай маш хатуу хууль, журам баталсан бөгөөд зарим тохиолдолд “худал” мэдээ мэдээлэл нийтэлсэн, нэвтрүүлсний төлөө нэлээн хэдэн жилийн хорих ялаар шийтгэхээр тусгасан байна.

Малайз улсад (18 байраар ухарч 119-д) мэдээлэлд туйлын хяналт тавих санаархал бодитой болж байна. Индексийн орнуудаас хамгийн ихээр буюу 18 байраар ухарсан үзүүлэлт 2020 оны гуравдугаар сард эвслийн шинэ засгийн газар байгуулагдсантай шууд холбоотой. Тус засгийн газраас “худал мэдээллийн эсрэг” тогтоол баталснаар эрх мэдэлтнүүдэд өөрийн үнэнийг тогтоох боломж олгосон. Тус улсын хөрш зэргэлдээ Сингапур улсын (2 байраар ухарч 160-д) хуулийн дагуу засгийн газар нь худал гэж үзсэн аливаа мэдээллийг “засаж залруулах”, холбогдох этгээдүүдэд шийтгэл ногдуулах дээрхтэй адил эрх мэдлийг сүүлийн хоёр жилийн турш эдэлж байна.

Мьянмарт (1 байраар ухарч 140-д) Ан Сан Су Чигийн засгийн газар цар тахлын үеэр “худал мэдээлэл”-тэй тэмцэх шалтагаар 2020 оны дөрөвдүгээр сард 221 цахим хуудас, тэр дундаа мэдээний тэргүүлэх цахим хуудсуудыг гэнэт хаав. Угсаатан хоорондын олон талт мөргөлдөөнийг мэдээлж сурвалжлах гэсэн сэтгүүлчдэд цэрэг армийн зүгээс байнгын дарамт шахалт үзүүлдэг явдал нь тус улс индексийн байраар ухрахад нөлөөлсөн.

2021 оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш тус улсын хэвлэлийн эрх чөлөөний байдал огцом доройтсон. 2011 оны хоёрдугаар сар хүртэл эрх барьж байсан цэргийнхний (junta) авч хэрэгжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, сэтгүүлчдийг үй олноор баривчлах, урьдчилсан цагдан хяналт тогтоох зэрэг харгис ажиллагааг сэргээснээр, Мьянмар улс 10 жилээр огцом ухарлаа.

Тус бүс нутагт цэрэг армийн зүгээс сэтгүүлчдэд хараа хяналт тавьдаг өөр нэг улс бол Пакистан (145-д) юм. Армийн хэмжээлшгүй эрх мэдэл бүхий Inter-Services Intelligence тагнуулын байгууллага шүүмжлэлийг нухчин дарахын тулд шүүх эрх мэдлээр дарамт шахалт үзүүлэх, сүрдүүлэн заналхийлэх, хүчээр хулгайлах, эрүү шүүлт тулгах зэрэг ажиллагааг улс дотроо болон хилийн чанадад асар олноор хэрэгжүүлсээр байна.

Хилийн чанадад сайн дурын цөллөгт амьдарч буй олон сэтгүүлч, блогчдыг дуугүй болгох зорилгоор сүрдүүлэн дарамталсан. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цэргийнхний тогтоосон хязгаарыг дурамжхан мөрддөг хэдий ч, Пакистаны цагдан хяналтын аппарат шүүмжлэлт дуу хоолой сонсогдох цор ганц орон зай болсон нийгмийн сүлжээнд хяналт тавихыг эрмэлзсээр байна.

Мэдээллийг хааж боогдуулах шалтаг, арга хэлбэр

Тус бүс нутаг дахь хэд хэдэн орны зүгээс цагдан хяналт тогтоохын тулд дарангуйллын шинжтэй шинэ хууль боловсруулахаасаа илүүтэйгээр өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “үймээн самуунтай тэмцэх”, “төрийн нууцын”, “үндэсний аюулгүй байдал” тухай хатуу хууль тогтоомжийг чанд мөрдөж, санаагаа гүйцэлдүүлсэн.

Шалтаг мундахгүй гэгчээр, мэдээллийг хааж боогдуулах арга хоёр талтай байх нь элбэг. Нэг талаар, засгийн газрууд улс төрчидтэй ойр дотно хэвлэн нийтлэгчид бүхий гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үзэл санааг түгээх үүднээс арилжааны шинжтэй шинэлэг аргыг ихэвчлэн ашиглаж байна. Нөгөө талаар, улс төрчид, идэвхтнүүдийн зүгээс албан чиг үүргээ баримтлаагүй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг төрөл бүрийн аргаар хайр найргүй дайрч байна.

Энэтхэг улсад (142-т) дээрх аргыг хэрэглэж байгаа байдал өгөгдсөн зааврын дагуу хэрэгжиж байна. Тухайлбал, засгийн газрын талын хэвлэл мэдээллээр суртал ухуулга цацагдахад, эрх баригч Bharatiya Janata намын дэмжигчид засгийн газрыг шүүмжлэх зориг гаргасан сэтгүүлчдийг “төрийн эсрэг”, тэр байтугай “терроризмыг дэмжигч” хэмээн цоллодог. Энэ нь нийгмийн сүлжээгээр олон нийтийн зүгээс тэдгээр сэтгүүлчдийн амийг, ялангуяа эмэгтэй бол, хороохыг уриалсан хэт хүчирхийллийн шинжтэй аяны нөлөөгөөр тэднийг зэмлэн буруушаах явдлыг дэвэргэнэ. Мэдээ сурвалжилга хийж байх явцад нь Bharatiya Janata намын идэвхтнүүд ихэвчлэн цагдаа нарын хамтаар бие махбодид нь халддаг. Эцэст нь, тэдэнд эрүүгийн хэргээр ял тулгадаг.

Хараат бус сэтгүүл зүйг харгисаар дарангуйлсан орнуудын тоонд Бангладеш (1 байраар ухарч 152-т), Шри Ланка (127-д), Непал (6 байраар ахиж 106-д) орж буй бөгөөд Непалын индексийн байрны ахисан үзүүлэлт хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд бодит ахиц гарсан гэхээсээ илүүтэйгээр бусад орнуудын ухарсан явдал нөлөөлсөн гэж болно. Папуа Шинэ Гвиней (1 байраар ухарч 47-д), Фижи (3 байраар ухарч 55-д), Тонга (4 байраар ахиж 46-д) улсуудад дарангуйлал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.

Бусад төрлийн аюул занал

Австралид (1 байраар ахиж 25-д) цагдан хяналтын вирусыг тараасан нь Фейсбүүк компани байв. Мэдээний контент байршуулсных нь төлөө технологийн компаниудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөх зохицуулалт бүхий шинэ хуулийн төсөлд Фейсбүүк компаниас хариу болгож, Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөрсдийн Фейсбүүк хуудастаа сэтгүүл зүйн контент нийтлэх, хуваалцахыг зогсоох шийдвэр гаргасан. Твиттерийн алгоритмын абсолют шинж чанараас үүдэн Энэтхэгт хатуу цагдан хяналтын тохиолдол гарсан. The Kashmir Walla сэтгүүлийн талаар троллуудын армийн гаргасан гомдолд дарагдсаны дараа Твиттерийн зүгээс уг сэтгүүлийн хуудсыг дахин сэргээх боломжгүйгээр гэнэт хаажээ.

Афганистанд (122-д) бас нэг төрлийн вирус тархсан нь сэтгүүлчдийн эсрэг, ялангуяа эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг үл тэвчих үзэл, хэт хүчирхийллийн вирус байв. 2020 онд зургаагаас багагүй тооны, 2021 он гарсаар дор хаяж дөрвөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны амийг хороосон хэрэг гарсан Афганистан улс нь хэвлэл мэдээллийнхний аминд хамгийн их халтай орны тоонд багтсан хэвээр байна.

Хуурамч мэдээллийн эсрэг хариу арга хэмжээ

Японы (1 байраар ухарч 67-д) шинэ ерөнхий сайдын зүгээс үндсэрхэг баруун жигүүрийнхний баримталдаг сэтгүүлчдэд үл итгэх хандлага, мөн хэвлэл мэдээллийн дунд түгээмэл байдаг өөрийн цагдан хяналтын аль алинд өөрчлөлт хийсэнгүй.

Ази, Номхон далай дахь шинэ залуу ардчилал бүхий Бутан (2 байраар ахиж 65-д), Монгол (5 байраар ахиж 68-д) болон Тимор-Лесте (7 байраар ахиж 71-д) улсууд нь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн өмнө хараат бус байдлаа баталгаажуулах чадвар бүхий хэвлэл мэдээллийн ачаар цар тахалтай холбоотой мэдээллийг хянах гэсэн санаархлыг хангалттай хэмжээнд эсэргүүцсэн.

Шинэ Зеланд (1 байраар ахиж 8-д), Австрали, Өмнөд Солонгос (42-т), Тайвань (43-д) зэрэг улсууд төдийлэн сайн биш ч гэлээ, ерөнхийдөө сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх, эрх мэдэлтнүүдийн зүгээс өөрсдийн бэлтгэсэн мэдээ мэдээллийг тулгах аливаа оролдлогогүйгээр тэдний олон нийтэд мэдээлэл хүргэх үйл явцад саад учруулаагүй. Хямралт үед цагдан хяналтыг хэрэгжүүлэх нь зайлшгүй арга хэмжээ биш бөгөөд бол хуурамч мэдээллийн эсрэг хамгийн сайн хариу арга хэмжээ бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэдгийг эдгээр орны сайн жишиг харуулж байна.

Эх сурвалж: REPORTERS WITHOUT BORDERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж