УИХ-ын Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2021.04.20)  13 цаг 08 минутад, гишүүдийн 63,2 ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн. Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байгааг дурдав. 

Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна. Иймд  Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Х.Булгантуяа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар шаардлагатай тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг хаврын тариалалтаас өмнө оруулж ирж амжих, эсэхийг тодруулахын зэрэгцээ хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцыг илүүтэй тодруулж байлаа. Мөн энэ хаврын нөөцийн махны хангамж, үнийн хөөрөгдлийг нэмэгдүүлэхгүй байхад хэрэгжүүлж буй арга хэмжээг лавлав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, хаврын тариалалтыг технологийн хугацаанд нь эхлүүлэхэд салбарын яам холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгааг хариултдаа тодотгоод эхний ээлжинд Улаанбаатар хотоос газар тариалангийн бүс рүү гарах 1100 тариаланчийг вакцинд хамруулж, дараагийн вакцинд энэ сарын 24-ний өдрөөс тариаланчдаа хамруулахаар Эрүүл мэндийн сайдтай ойлголцсон. Мөн газар тариалангийн бүс нутагт байгаа 14 мянган тариаланчийг вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна гэв. 

Салбарын яамны зүгээс  өнгөрсөн жилийн 11 дүгээр сард гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлж аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн үрийн буудай импортлох эрхийг олгосны зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 16 мянган тонн улаан буудайн элит үрийг нөөцлөөд байна. Үүнийг тариаланчдад хөнгөлттэй үнээр өгнө. Түүнчлэн хаврын тариалалт тавдугаар сарын 15-нд эхлэх учир энэ хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих учир цаг хугацааны хувьд хоцрох асуудал байхгүй гэдгийг салбарын сайд хариултдаа тодотгосон. Мөн энэ хавар нөөцийн махны тасалдал үүсэж, үнийн хөөрөгдөл гарахгүй. Үнийн хувьд өнгөрсөн оны түвшинд байх бөгөөд энэ сард 1800 тонн мах борлуулсан төдийгүй энэ жил нийт 11 мянган тонн мах нөөцөлсөн гэж З.Мэндсайхан сайд хариулав. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1 дүгээр зүйлд “хүлэмжийн аж ахуйн тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлд “2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл" гэж дагаж мөрдөх хугацааг сунгах саналыг гаргаж байлаа. 

Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56,2 хувь нь дэмжсэн.  

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал энэ үеэр Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үеэр гаргасан саналаа уг хуулийн төсөлд мөн нэмж тусгах байр суурьтай байгаагаа  илэрхийлсэн.

Ингээд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд  тус тус танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж