Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таван ханатай гэр шатаж нэг хүн амиа алдаж, зургаан хүн түлэгджээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр, галын дуудлага өчигдөр 12:41 цагт бүртгэгдсэн байна.
Энэ дагуу Гал унтраах аврах ангийнхан очиход харамсалтай нь 50 настай эмэгтэй М амь насаа алдсан бол 33-55 насны зургаан хүн (хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй) нүүр, хүзүү, гар, нуруу, цээжний хэсэгтээ тус тус түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Гэмтсэн иргэд одоогоор Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тус эмнэлгийн эмч нар "Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар мэдээлэх боломжгүй" гэв.
Ахуйн гал түймрийн улмаас түлэгдэж, бэртсэн хүмүүсийн тоо нэмэгджээ. Эмч, мэргэжилтнүүд "Хөл хориотой ч ачаалал ихэссэн" хэмээн хэлэв. Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны хашаанд амбаар шатаж, 40 настай эрэгтэй амь насаа алдсан бол 44 настай эмэгтэй С нуруу хэсэгтээ түлэгдсэн байна. Галын дуудлага өчигдөр 20:14 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Энэ дагуу Гал унтраах аврах багийнхан очиход 2х2 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Галын улмаас нэр, нас тодорхойгүй нэг иргэн амь насаа алдаж, түлэгдсэн иргэнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллээс дурдвал,
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өглөө 08:49 цагт бүртгэгджээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход эзэн нь тодорхойгүй байшин шатаж байсныг цаг алдалгүй унтраажээ.
- Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн задгайд эзэн тодорхойгүй 10 метр хашаа шатаж байсныг алба хаагчид цаг алдалгүй унтраасан байна. Галын дуудлага өчигдөр орой 18:14 цагт бүртгэгджээ.
Орон нутагт Увс, Хөвсгөл, Хэнтий, Архангай аймагт гэр шатсан тухай ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд золоор хүний амь эрсдээгүй байна.
Холбоотой мэдээ