АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA” түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гариг дээр нисдэг аппарат амжилттай хөөргөлөө. Ангараг гариг дээр “Ingenuity” нисдэг тэрэгний хөөрч, газардаж буй зургийг “Perseverance” өөрөө явагч аппарат өчигдөр (2021.04.19) дэлхий рүү дамжуулжээ.
Нийт 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. “NASA”-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн инженерүүд Ангараг гаригийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээжээ.
“Ingeniuity” төслийн удирдагч Мими Онгийн ярьснаар 40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч газардсан байна.
Нислэгийн эхний мэдээлэл дэлхий дээр нислэг болсноос хэдэн цагийн дараа ирсэн бөгөөд туршилтын явцад “Ingenuity” өөр дээр нь суурилуулсан навигацийн камерыг ашиглан Ангарагийн хэд хэдэн зургийг авчээ.
Эх сурвалж: BBC