Цэргийн сэтгэлзүйчид цахимаар зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Цэргийн сэтгэлзүйчид цахимаар зөвлөлдлөө

Цэргийн сэтгэлзүйчид цахимаар зөвлөлдлөө

Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлалууд, Барилга инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудыг хамруулсан нэгдсэн зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулав.

Тус зөвлөгөөн нь батлан хамгаалах салбарын алба хаагчдын сэтгэл зүйн хангалтын орчинд шинэ гарц, шийдэл бий болгож, хандлагаа өөрчлөн хариуцлагаа өндөржүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн соёл хүмүүжлийн офицеруудыг нэг зорилго, чиглэл дор нэгтгэн ажиллуулах тал дээр тодорхой санал тусгах үндсэн зорилгын хүрээнд явагджээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ, ХАРИУЦЛАГЫГ НЭН ТҮРҮҮНД ТАВЬЯ

Энэхүү цахим зөвлөгөөнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож, үг хэлэв.

Эрхэм генерал, офицерууд Та бүгдийн амрыг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Хэдий цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн бид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй. Өнөөдөр Зэвсэгт хүчний сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн ажилтнуудтай хийх зөвлөгөөнийг анх удаа цахимаар зохион байгуулж байна. Энэ нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх ач холбогдолтой ажил болно гэдэгт найдаж байна.

Батлан хамгаалах салбар Үндсэн хуульд заасны дагуу улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хариуцан ажилладаг. Зэвсэгт хүчний гол үүрэг нь Монгол Улсын иргэдийг батлан хамгаалах бэлтгэлжилттэй байлгах юм. Энэ үүргийг биелүүлэхийн тулд БХЯ, ЗХЖШ гэдэг хоёр байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс цэргийн сэтгэл зүйчидтэй хамтран хийж буй энэ зөвлөгөөнд миний бие мэргэжлийн хүний үүднээс биечлэн оролцож, хэрхэн цаг үедээ нийцсэн өөрчлөлт, хандлага бий болгох талаар санал бодлоо хэлж байгаа юм.

Хүнтэй илүү тулж харьцдаг бидний мэргэжил зүгээр ч нэг үүрэг өгдөг, лекц уншаад өнгөрдөг ажил биш. Өнөөдөр хүмүүжил, төлөвшил, соёлгүй цөөхөн хэдэн офицер, удирдах бүрэлдэхүүн, цэргүүдтэй ажиллаж байгаа албан тушаалтнаас болж нийгэмд ямар том сенсаци үүсэж, улмаар олон мянган ээжийн сэтгэлийг хямрааж, дээрээс нь 100 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний нэр хүндийг хэрхэн шороотой хутгаж болдгийг, асуудал ямар хэмжээнд хурцадсаныг харлаа. Тиймээс бид өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин олон шинэчлэл, дэвшлийг хийсэн. Хэдий тийм ч гэсэн бидэнд алдаа дутагдал байсаар л байгаа нь сая болсон үйл явдлаас тодорхой харагдаж байна. Би нэг зүйлд итгэлтэй байдаг. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнчээ харуулж, хийж байгаа ажлаа хариуцсан шиг хариуцаж, хийсэн шиг хийж байгаа гэж боддог. Гэвч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидгийн жишээг сая харууллаа. Тиймээс бид ажилдаа дүгнэлт хийж, залруулах зүйл гарвал цаг алдалгүй засаж байх ёстой. Бие биеэ шүүмжлэх нь гол биш. Цаашид яаж ажиллах вэ гэдэг чухал.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд залуусын хүмүүжлийн түвшин ямар байгаа вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн дүгнэлт гаргасан нь мэдээжийн хэрэг. Энэ бүхэнд мэдрэмжтэй байж, ухаалгаар хандах хэрэгтэй. Бид өнөөдөр нийгмийг шүүмжлээд суудаг хүмүүс байж таарахгүй. Өөрөөр хэлбэл хандлага гэдэг зүйл биднээс эхэлнэ. Ирээдүйн Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах залуусыг бид бэлтгэж байгаа учир хариуцлага гэдэг зүйлийг эхэнд тавих ёстой. Үүний тулд бид хандлагаа л өөрчилчихье. Цэргийн сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн ажилчид та бүхэн өөрсдийн анги, байгууллагадаа хамгийн нөлөө бүхий байх ёстой. Энэ боломжийг нь удирдлагын зүгээс дэмжих нь чухал.

Зэвсэгт хүчин бол онцлогтой салбар. Хугацаат цэргийн алба хаагчид, залуу офицер, ахлагч нарын зан төлөв, ар гэрийн байдал, амьдрал ахуй, боловсрол мэдлэг, бие бялдар нь ямар түвшинд байгааг судлаж мэдэх шаардлага үүсэж байна. Мөн хамт олны уур амьсгал гэдэг хамгийн чухал. Үүнд байнга дүгнэлт хийж байх ёстой. Хамт олон дотроо эрүүл зөв шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ангийн байрлалд өдөржингөө халамцуу байсан залуу офицерыг бүгд мэдэж байсан мөртлөө нэг ч хүн шаардлага тавиагүй. Хамгийн наад захын жишээ бол энэ. Тэр хүнийг ч бодохгүй, өөрийн ангиа ч бодохгүй байна гэсэн үг. Намайг дэслэгч цолоо аваад улс төрийн орлогчоор ажиллаж байхад цэргүүд өөрийн цэргийн байрны ойролцоо шүдэнзний мод хаяхгүй шүү гэж бие биедээ уриалдаг байсан. Тийм сэтгэл бүгдэд нь байх ёстой.

Хамт олныг ажилд нь дадлагашуулж, мэргэшүүлэхэд зориулсан олон ажил, арга хэмжээ байдаг. Түүн шиг маш сайн ажлыг сэдэж, зохион байгуулдаг болмоор байна. Хүмүүжил, төлөвшил гэдэг чухал юм шүү. Хамт олон дундаа орж ажиллаж чаддаггүй, ажлаас хойш суусан үл бүтэх нөхдөөс эртхэн салах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд офицер, ахлагч нарыг бэлддэг сургалтын тогтолцоо тааруу болсон нь маш их ажиглагдаж байна. Энэ асуудал дээр шинэчлэл хийхээр мөрийн хөтөлбөр болон Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан. Офицерын дөрвөн жилийн академик сургалтыг дараа жилээс эхлүүлнэ. Заавал академик сургалт төгссөн хүнийг хүнтэй ажилладаг албан тушаалд томилно. Жишээ нь, Аюулгүй байдлын сургууль болон бусад энгийн сургууль төгссөн хүнийг салааны захирагчаар томилохгүй гэсэн үг. Офицер, ахлагчийн боловсон хүчин бэлддэг энэ тогтолцоонд өөрчлөлт хийнэ. Сүүлийн жилүүдэд ахлагч нар офицерын бүрэлдэхүүнд маш ихээр шилжиж орсон нь буруу байсан гэдэг нь харагдаж байна.

ҮБХИС-ийн сургалтын материаллаг бааз, багш нар, бэлтгэгдэн гарч буй салаа, салбарын захирагч нарыг чанаржуулах асуудлаар тодорхой бодлогын шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ. Харин ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд сургууль төгсөгч нарын судалгааг БХЯ-нд ирүүлж баймаар байна. Тэр тусмаа мэргэжил бүрт нь дүгнэлт хийх хэрэгтэй. Гадаадад суралцан төгсөж байгаа болон дотооддоо бэлтгэгдэж буй сонсогч нарын юу нь болохгүй, юуг нь давтан сургах шаардлагатай байна вэ гэдгийг анхаарах ёстой.

Би Батлан хамгаалахын сайд гэхээсээ илүү БХЯ-ны ТЗУГ-ын даргаар 10 жил алба хашиж, хүнтэй олон жил ажилласан хүний хувьд хэлж байгаа юм. Бүгдээрээ хандлагаа л өөрчлөе. Миний бие үүсээд буй цаг үеийн хэрэг, зөрчилтэй холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Цаашид хэрэгжүүлэх ажлаа таван үндсэн чиглэлээр тусгасан.

Нэгдүгээрт, офицерын бүрэлдэхүүний ёс суртахууны түвшин тогтоох үзлэгийг хийнэ. Зэвсэгт хүчний дараагийн шинэчлэлийг хийх, удирдах бүрэлдэхүүний бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэлтийн байдал, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр төвлөрч түвшин тогтоох үзлэгийг энэ жилээс эхлүүлнэ. Дээрээс нь залуу офицеруудыг төлөвшүүлэх олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ бол офицеруудыг халж, сэлбэх ажил биш, өнөөдрийн Монголын Зэвсэгт хүчний офицер хүн ямар түвшинд байна вэ гэдгийг судалж, тохирох алба тушаалд нь томилж шинэчлэлийн суурь шийдлийг гаргаж ирэхдээ юм.

Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, ялангуяа хугацаат цэргийн алба хаагчтай ангиудад Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн дэргэдэх Иргэний зөвлөлийг байгуулна. Тус зөвлөлд үе үеийн цэргийн шилдэг дарга нар, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн алдартан, гавьяатнууд, эрдэмтэд, судлаачид, хүний эрхийн болон хүүхдийн байгууллагын төлөөллийг оролцуулна. Ангиуд өөрсдийнхөө хэмжээнд хүртэл Иргэний зөвлөлийг байгуулах нь зүйтэй. Нэгдсэн нийтлэг заавар, журам гаргаж байгаа. Иргэний зөвлөл нь Батлан хамгаалахын сайдын Зэвсэгт хүчинд тавих хуулиар хүлээсэн иргэний хяналтыг хэрэгжүүлэх гол субъект байх бөгөөд илүү та бүгдтэй илүү хамтарч ажиллах боломж бүрдэж байна гэсэн үг.

Гуравдугаарт, БХЯ-нд иргэдэд нээлттэй байдлаар 1800-1144 гэсэн тусгай дугаарын утсыг ажиллуулаад 20 орчим хоног өнгөрч байна. Энэ бол нийгэм, олон нийтэд нээлттэй байх талаасаа ач холбогдолтой. Энэ утас 24 цагаар тасралтгүй ажиллах бөгөөд иргэдээс ирсэн бүхий л төрлийн санал гомдлыг хүлээн авч, холбогдох албан тушаалтнуудаас хариу авч эргэн мэдээлэх үүрэгтэй.

Дөрөвдүгээрт, Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчтай нэгтгэл, ангийг хяналтын камераар тоноглох ажил хийгдэнэ. Энэ талаар Хүний эрхийн хороотой зөвлөлдсөний үндсэн дээр бүх шатны тушаал шийдвэр гарсан. Энэ чиглэлээр дотоод хяналтыг сайжруулах талаар анхаарах ёстой. ЗХЖШ-аас нэгдсэн тооцоо, судалгааг ирүүлсэн байгаа.

Тавдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад архидан согтуурах асуудалтай тэмцэх ажлыг зохион байгуулах талаар тушаал, шийдвэр гарсан. Цэргийн анги, төрийн байгууллага архинаас ангид байх ёстой. Гурван жилийн өмнө Зам, тээврийн яаманд болсон асуудалтай холбоотойгоор төрийн бүх байгууллагад архины хэрэглээг хатуу хориглосон. Харамсалтай нь энэ хууль, журам манай салбарт мөрдөгддөггүй юм байна. Цэрэг, архи хоёр хэзээ ч эвлэрэх ёсгүй. Манай сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицерууд энэ асуудлыг хүнд хүргэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ оноос эхлээд архины асуудлыг зогсоохоор ажиллаж байна. Дүрэмт хувцастай болон цэргийн ангид архи хэрэглэх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Нийгмийн хэмжээнд авч үзэж буй гэмт хэргийн 90 хувь нь архитай холбоотой байна.

Энэ таван үндсэн чиглэлээр миний бие шийдвэр гаргасан. Үүний хүрээнд тодорхой ажил хийгдэнэ. Цэргийн сэтгэл судлаач, соёл хүмүүжлийн офицерууд яг одооноос эхлээд дараах шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэл. Энэ салбарыг муу муухай зүйлгүй болгохын төлөө бүгдээрээ хамтарч ажиллая. Миний хувьд завгүй гээд суух юм байхгүй. Нэгтгэл, анги, салбартайгаа удахгүй танилцана. Та бүхний ч бас хичээл зүтгэл чухал шүү. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

ХҮНИЙ ЁСООР ХАНДАЖ, ЦЭРГИЙН ЁСООР СУРГАНА ГЭДЭГ ЗАРЧИМ ХАМГИЙН ГОЛ НЬ ЮМ ШҮҮ

Монгол Улсын Гавьяат багш, бэлтгэл хурандаа, доктор, профессор Г.МЯГМАРЖАВ:

-Хүн гэдэг амьтан бие, хэл, сэтгэл гурав дээр тогтдог. Болзошгүй дайн байлдааны нөхцөл байдал үүсэхэд цэргийн алба хаагчдын сэтгэл зүй ямар байгаагаас үр дүн хэр өөрчлөгдөх вэ гэдэг нь шийдэгддэг гэсэн үг. Тиймээс энэ төрлийн харилцааг сайжруулах нь тун чухал. Цэргийн хүн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг ёсчлон сахих үндсэн үүрэгтэй. Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар хугацаат цэргийн алба хаагчидтай яаж харьцаж байна, хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо хэрхэн харилцаж байна гэсэн судалгааг хийж үзэхэд харилцааны сэтгэл зүй гэдэг зүйлийг голлон авч үзэх шаардлагатай гэж дүгнэж байна.

Хүнтэй ажилладаг бүх мэргэжилтэн харилцааны сэтгэл зүйн энэ аргыг ашигладаг. Энэ нь бидний зөв амьдралын үндэс болдгоос гадна хүн хүнээ танин мэдэх ухаан болдог. Тэр утгаараа ухамсартай, зөв хандлагыг цэргийн алба хаагчдад эзэмшүүлдэг. Үүнд бид удирдлагын зүгээс маш их ач холбогдол өгөх шаардлагатай. Хугацаат цэргийн алба хаагчид ч гэсэн хүн учраас бие биедээ хүндэтгэлтэй хандах нь чухал.

Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор сургана гэдэг зарчим хамгийн гол нь юм шүү. Мөн цэргүүдээ хүлээн зөвшөөрч харилцах ёстой. Эх орноо хамгаалах хүндтэй үүргээ биелүүлж байгаа хүний сэтгэлийг нь нээх харилцааны арга, техникт суралцах хэрэгтэй. Дээрээс нь цэргүүдээс илүү юм шаардаж, захиран дарлаж хэзээ ч болохгүй. Хүний эрхэнд халдах ёсгүй. Би Америкийн цэргийн хуаранд очиж үзсэн. Цэргүүдээ маш их шахаж шаарддаг. Гэхдээ биед нь байтугай хувцсанд нь ч гар хүрдэггүй. Мөн цэргийн албанд ирж буй залуусаас сэтгэл зүйн тест авч, шашин шүтлэг талаас нь анхаарч ажилладаг. Энэ мэт гаднын жишгийг бид Зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж болно. Одоо ашиглаж байгаа цэргийн дүрмийг судлахад хугацаат цэргийн алба хаагчид санал гомдол гаргах боломж тун ховор байна. Тиймээс цэргийн дүрэмдээ гомдол, санал, хүсэлтээ уламжилдаг болгох зүйл, заалт нэмэх талаар анхаарлаа хандуулах цаг болсон. Сургалтыг маш сайн хийж байх хэрэгтэй. Сургалтын тогтолцоо сайн байхад элдэв хэрэг зөрчил гарах нь багасна.

БАЙНГЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АНГИУДАД АЛБАН ТУШААЛТНЫ ХОМСДОЛ ҮҮССЭН

ЗХЖШ-ын АУГ-ын Сургалт хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Т.МӨНХСАРУУЛ:

-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад сэтгэл зүйн хангалтын үндсэн үйл ажиллагаа чиглэгддэг бөгөөд сургалтын зорилгыг дэмжихэд чухал ач холбогдолтой. Тиймээс сэтгэл зүйн хангалт нь цогц үйл ажиллагаа болж чаддаг.

2015 оноос хойш Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 12 удирдлагын баримт бичгийг боловсруулан, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад сургалтуудыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь эдгээр заавар, зөвлөмжийг бие бүрэлдэхүүндээ судлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлага байна.

Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалтыг шууд зохион байгуулагч захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын нөхөн хангалт 62.9 хувьтай байгаа. ЗХЖШ-аас хугацаат цэргийн алба хаагчидтай нэгтгэл, ангиудад сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудыг түлхүү ажиллуулах бодлого баримталж байна. Тиймээс байнгын бүрэлдэхүүнтэй ангиудад эдгээр албан тушаалтны хомсдол үүссэн.

Мөн ангиудын соёлын төвийн байгууламж муудсан, дээврээс нь ус гойждог, сандал ширээ, техник хэрэгслийн дутагдалтай байна. 2018 онд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын номын сан, соёлын төв, дайчин алдрын болон соёл амралтын танхим, сэтгэл зүйн алжаал тайлах төвүүдийн үйл ажиллагааны зааврыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулж байгаа боловч төсөв мөнгөний хүндрэлтэй байдлаас шалтгаалан тохижилт, үйлчилгээний ажил хангалтгүй явагдаж байна.

Хөгжмийн зэмсэг, техник хэрэгслийн чанар байдлын хувьд эдэлгээний хугацаа дуусаж, ашиглах боломжгүй болсон, зарим анги өөр анги, байгууллагаас хөгжим, хэрэгслийг нь зээлж ашигладаг асуудал байсаар байна. Дээрээс нь зарим ангиудад хөгжимгүй хөгжимчид хүртэл бий. Энэ бол бидний зайлшгүй шийдэх асуудал мөн.

Сэтгэл зүйн хангалтын үндсэн үйл ажиллагаа бол мэдээлэл сурталчилгааны ажил байдаг. Цахим орчинд гарч буй шүүлтүүргүй мэдээ мэдээллүүд хугацаат цэргийн алба хаагч болон залуу офицеруудад хэрхэн нөлөөлж буйд дүгнэлт хийх шаардлагатай. Тиймээс Зэвсэгт хүчний хэмжээнд сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулагч алба хаагчдыг зайлшгүй нэмж ажиллуулах шаардлага үүссэн гэж ойлгож болно. Хамгийн гол нь бид бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлтгэл хичээлийг хангалтгүй зохион байгуулж байна. Сэтгэл зүйн бэлтгэл хичээл нь цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, цаашлаад дайн байлдааны үед үүсэж болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварт суралцуулдаг ач холбогдолтой.

ЗАЛУУ ОФИЦЕР, АХЛАГЧ НАР ЦЭРЭГ ДАЙЧИДТАЙГАА ХАМГИЙН НӨХӨРСГӨӨР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

Бэлтгэл хурандаа, цэргийн сэтгэл зүйн ухааны магистр С.ЭНХТАЙВАН:

-Залуу офицер, ахлагч гэдэг нэр цэргийн албаны алдаа, дутагдлыг хаацайлж, гэмийг нь өршөөхийн нэр биш. Залуу хүн гэдгээрээ алдаж болно гэж бодож байгаа бол түүн шиг эндүүрэл байхгүй. Цэргийн дүрэмд залуу офицер, ахлагч гэсэн нэг ч заалт байхгүй. Гол нь ажил, албандаа хариуцлагатай хандах ёстой. Хамгийн гол нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид цэрэг дарга хоёрын хооронд амьд харилцаа дутагдаж байна. Энэ нь бие биеэ хүндлэхгүй байгаатай шууд холбоотой. Иймээс залуу офицер, ахлагч нар цэрэг дайчидтайгаа хамгийн нөхөрсгөөр хандах хэрэгтэй.

Хугацаат цэргийн алба хаагчийн нэр хүндэд халддаг офицер, ахлагчид Зэвсэгт хүчинд байж таарахгүй. Хүний сэтгэл рүү өнгийж хар. Айдас, сандрал, сэтгэлийн түгшүүр гэсэн сэтгэцийн үндсэн гурван процессыг мэддэг байж цэргийн сэтгэл судлаач болж чадна.

Учирч болох эрсдэлийг зоригтойгоор даван туулах сэтгэл зүйг өөртөө бас цэргүүддээ суулгах нь офицер хүний чадвар юм. Саяхан ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг их сайхан уриалгыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүндээ хүргэсэн байсан. “Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөх нь мөрдэстэй хүн бүхний үүрэг шүү” гэж. Тэр уриалгыг ажил албандаа та нар мөрдлөг болгох хэрэгтэй. Танаас, надаас дайчин замналтай Зэвсэгт хүчин хэмээх их айлын нэр хүнд, сүр хүч хамаарна гэдгийг ойлгоорой.

СЭТГЭЛ ЗАСЛЫН ӨРӨӨ БАЙГУУЛНА ГЭДЭГ МАШ ЗӨВ САНАА

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Л.ЭНХТҮВШИН:

-Би 2015-2016 онд хугацаат цэргийн алба хаасан. Туршлагаас авч үзэхэд, хугацаат цэргийн алба хаагчдад өөрсдийн гомдол санал, сэтгэл зүйн байдлаа хэлж, ярих албан тушаалтан хамгийн дутагдалтай санагдаж байсан. Сэтгэл заслын өрөө байгуулна гэдэг маш зөв санаа. Гэхдээ тэр өрөөнд ажиллаж байгаа сэтгэл зүйч маш чадварлаг байх ёстой. Одоо үеийн залуучууд юманд илүү няцамтгай, туйлбаргүй болсон гэж ахмад үеийнхэн их ярьдаг. Энэ бол үе хоорондын зөрүүтэй байдлаас шалтгаалж буй асуудал юм.

Монголчуудыг сэтгэл зүйн хувьд социалист, завсрын, шилжилтийн, шинэ үеийнхэн гэж ангилж болно. Чухамдаа 1995 оноос хойш төрсөн залуусыг шинэ үед хувааж авч үздэг. Хугацаат цэргийн алба хаагчид, сургуулиа төгсөөд дөнгөж анги, байгууллагад ажлын гараагаа эхэлж буй залуучууд энэ үед хамаарагдана. Эхлээд бид шинэ үеийнхний сэтгэл зүйн онцлогийг судлах шаардлагатай. Ер нь монгол хүний сэтгэл зүйн хандлагаас авч үзвэл хоорондоо маш их ярилцдаг, гутранги зантай хүмүүс.

Шинэ үеийнхний хувьд өөрийнхөө тухай хамгийн их ярих хандлагатай байдаг. Тиймээс харилцааны талаар анхаарах нь зөв. Дэлхийн нэгдүгээр дайны үед Европын орнууд цэргүүдээс сэтгэл зүйн тест авдаг байсан. Улмаар цэрэг бүрийн сэтгэл зүйг судалж үүрэг гүйцэтгэх чадавхыг нь тодорхойлон тохирох албан тушаалд томилдог байсан. Энэ арга дэлхийн нэгдүгээр дайны үр дүнд маш том нөлөө үзүүлсэн.

Миний зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчин дараах байдлаар ажиллах нь үр нөлөөтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, туршилтын сэтгэл судлалын аргыг ашиглах. Энэ нь цэргүүдтэй ямар нэгэн байдлаар харилцаа үүсгэхэд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгийг судлах арга юм. Үүнээс ямар арга барилыг түлхүү ашиглах хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авна.

Хоёрдугаарт, байгууллагын сэтгэл судлал. Энэ бол байнгын бүрэлдэхүүн буюу офицер, ахлагч нар ямар зохион байгуулалтад орж, хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдгийг судлах арга.

Гуравдугаарт, клиник сэтгэл судлал буюу сэтгэлийн түгшүүр, стресс, сэтгэлгээний хэвийн бус байдал байна уу гэдгийг шалгах арга.

Дөрөвдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчдад ямар мэдээллийг яаж хүргэх болон ямар нэгэн мэдээллийг хэн гэдэг цэрэг буруугаар хүлээж авч байна вэ гэдгийг судалдаг. Улмаар сэтгэл зүйд нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах шаардлага бий болно.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж