ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” зарласан билээ.
Тус хөтөлбөрийг бүх нийтийн эрүүл мэндийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж буй сувилагч, асрагч нарын дунд нээлттэй зарласан бөгөөд өнгөрсөн нэг сарын хугацаанд цаасан болон цахим хэлбэрээр хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 8-ны өдөр бүртгэлээ хаасан юм.
Энэ хугацаанд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийт 400 гаруй хүн хөтөлбөрт оролцох хүсэлтээ ирүүлж, хоёр шатны сонгон шалгаруулалтын дүнд 120 оролцогч шалгарлаа. Шалгарсан оролцогчдын тал орчим хувь нь орон нутгаас оролцож байгаа нь онцлууштай юм. Өөртөө үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлөө бодит болгоход нэг алхам ойртсон 120 оролцогчийн нэрстэй ЭНД дарж танилцаарай.
Энэ жилийн хөтөлбөрт шалгарсан 120 оролцогч нь хөтөлбөрийн хүрээнд санал болгох хувь хүний хөгжлийн дөрвөн төрлийн сургалтаас хоёрыг сонгон, хоёр сар гаруйн хугацаанд цахимаар үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд өөрсдийн идэвх, оролцоогоороо тэргүүлсэн 40 шилдэг оролцогч дотоодын их, дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын тэтгэлэг хүртэх болно.
Хөтөлбөрт шалгарсан нийт оролцогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье.
Жич: Шалгарсан оролцогчдод тусгайлан утсаар болон цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.
“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, мөн албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилготой бөгөөд ХААН Банк Сангаас анхны жилдээ санаачлан хэрэгжүүлж байна.
Холбоотой мэдээ