ОХУ-ын зэвсэгт хүчин Сирид агаараас довтолж, зэвсэгт бүлэглэлийн 200 орчим хүнийг устгасан талаараа өчигдөр (2021.04.19) мэдээлжээ. Сири дэх Оросын цэргийн эвлэрүүлэх төвийн дарга, адмирал Александр Карповын хэлснээр Оросын онгоцууд Сирийн дорно хэсгийн Палмира муж дахь зэвсэгт бүлэглэлүүдийн хоёр ч нуувч руу дайрсан аж.
Тэрбээр “Довтолгоо амжилттай болж, зэвсэгт бүлэглэлийн 200 орчим цэрэг, 24 тээврийн хэрэгсэл, 500 кг орчим сум, тэсрэх бодис зэргийг устгалаа. Бидний довтолсон нуувчууд нь Сирид алан хядах ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байсан стратегийн чухал ач холбогдолтой цэгүүд байсан” хэмээн мэдээлжээ.
ОХУ 2015 оноос хойш Сирид цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Ерөнхийлөгч Башар Ассадын засгийн газарт 10 гаруй жил үргэлжилж буй алан хядлага, зэвсэгт мөргөлдөөнүүдийг дарж, улсаа бүхэлд нь нэг удирдлага дор зангидахад нь туслах болсон билээ.
Сирийн хүний эрхийн ажиглагчид агаарын довтолгооны талаар “Оросын арми болон Сирийн тавдугаар корпус хамтран Хомс цөлд Исламын улс бүлэглэлийн босогчдын байрлалуудыг хайж байсан. Эх сурвалжийн мэдэгдсэнээр довтолгоонд дор хаяж 26 дайчин үрэгджээ” хэмээн мэдээлсэн байна.
Ажиглагчдын мэдээлснээр тус довтолгоо нь Исламын улс бүлэглэлийнхэн Хомс цөлд Оросын хоёр цэргийг хөнөөсөн явдлын хариу байж болзошгүй аж. Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчин эл довтолгоогоор зогсохгүй нисдэг тэргүүдийн хяналт, хамгаалалт дор явган цэргийн ажиллагаагаа энэ долоо хоногт эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ