Өнгөрсөн сарын 12-ноос Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэхээр болсон ч энэ нь амжилт олоогүй. Улмаар халдвар авсан иргэн гэртээ нас барах тохиолдол нэмэгдсэн юм. Тиймээс Улсын онцгой комиссын хурлаар халдвартай иргэдийг тусгаарлах, эмчлэх байр, орны тоог нэмэгдүүлж, гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг тусгаарлах байранд шилжүүлэхээр болсон билээ.
Эрүүл мэндийн яам нь Covid-19-тэй хүнийг хүлээж авах орны нөөцийг нэмэгдүүлэхээр эмнэлгийн зориулалтаар ашиглах 10 мянган ор гаргах төлөвлөгөө боловсруулжээ. Одоогоор хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эмч, ажилчидтай нь дайчлахаар талуудтай ярилцаж, гэрээ хэлэлцээ хийж эхэлсэн байна.
Урьд нь ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг дээр 1000 гаруй ор бэлдсэн бөгөөд байдал хүндэрвэл Бөхийн өргөө, Буянт-Ухаад ор дэлгэх байдлаар зохицуулахаар төлөвлөөд байв.
Эрүүл мэндийн сайдын хувьд халдвартай хүнийг хүлээж авах орны тоог нэмэгдүүлэхдээ аль болох эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой, зөөврийн хүчилтөрөгч байрлуулах боломжтой, эмч эмнэлгийн ажилчид нь ажиллаж боломжтой байхаар зохион байгуулалт хийх шаардлагатай гэж үзэн, төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчлахаар болсон аж. Ингэхдээ үндсэн тусламж үйлчилгээг нь алдагдуулалгүйгээр аль нэг хэсгийг нь ашиглах байдлаар зохицуулалт хийх юм байна.
Өнгөрсөн сард Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн эмнэлгүүд болон ГССҮТ, АӨСҮТ, СЭМҮТ зэрэг 10 гаруй улсын эмнэлэгт 4000 орчим ор гаргасан. Харин өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох оюутны байр, хувийн хэвшлийн эмнэлгийг эмчтэй нь дайчлах зохион байгуулалт хийж байгаа юм. Энэ хүрээнд:
- Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувилал,
- Сэргээн засах клиник эмнэлэг,
- Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг,
- АШУҮИС-ийн оюутны байр,
- Монгол-Японы эмнэлэг,
- МҮИС-ийн оюутны дотуур байр зэргийг оролцуулаад 3000 ор нэмж гаргахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар Буянт-Ухаад 400 ор гаргаад байгаа ч аль болох эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох газруудыг ашиглах нь тохиромжтой тул түр хойшлуулахаар болсон байна. Буянт-Ухаа болон Бөхийн өргөөд Covid-19-тэй хүнийг тусгаарлан эмчлэхэд хоол болон ариун цэврийн өрөөний асуудал үүсэхээр байгаа ажээ. Тиймээс эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох газруудыг төлөвлөгөөнд оруулж, цаашид ч эмнэлгийн зориулалтаар ашиглах орны тоог нэмэх аж.
Мөн ЭМЯ хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулах бөгөөд ор цөөн эмнэлгийн эмч ажилчдыг дайчлах, ор нь 100-гаас дээш байвал эмнэлгээр нь дайчлах зохицуулалт хийхээр төлөвлөн ажиллаж буй юм байна.
Холбоотой мэдээ