ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Х.Нямбаатар сайд, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар танаа
Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын иргэний хувьд би 2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын нэр дээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргах тухай шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү шаардлагаа та бүхэнд дахин уламжлахын ялдамд дараахь зүйлсийг бас дахин шаардаж, албан бичгээр хүргүүлж байгааг хүлээн авна уу.
- ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Улсын Дээд шүүхэд 2021 оны гуравдугаар сарын 31-нд болж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт хорих ял оноосны дараа Х.Нямбаатар сайд “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материалыг ил болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ” гэж цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн. Мөн өдөр төрийн нууц мэдээллийг ил болгох тухай Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарсныг би мэдээллийн зарим сайтаас олж уншлаа. Тэрхүү тогтоолд “УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хохироосон үйлдлийг шалгасан эрүүгийн 830142 дугаартай хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосугай” гэж дурджээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм буруутай эсэхийг шүүж, ял оноосон гурван шатны шүүх хурлын протокол, хэрэгтнүүд хэргээ хэрхэн хүлээсэн, тэднийг ямар нотлох баримтад үндэслэн “Алуурчид мөн” гэж ялласныг Монголын ард түмэнд нээлттэйгээр бүхэлд нь ил болгохыг шаардаж байна. Хэргийн материалуудыг бүхэлд нь нууцын зэрэглэлээс гаргасан тохиолдолд ямар нэгэн нам, улс төрийн хараат бус хөндлөнгийн хуульчдыг оролцуулсан нээлттэй сонсгол хийж, ард иргэдэд үнэн зөв ойлголт өгөх нь эрх зүйт нийгмийн зарчимд нийцнэ.
- С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалуудыг ил болгохтой холбоотойгоор зарим улстөрч ихэд сандарч, тэвдэж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ. Хамгийн ноцтой нь эдгээр материалаас өөрт ашигтай хэсгүүдийг түүвэрлэн авч ард иргэдэд үзүүлж, улс төрийн шоу дэглэх “эрх” тэр улстөрчид бий. Тийм ч учраас “Засгийн газраас ил болгох гэж байгаа хэргийн материалууд дотроос ялтнуудын хоорондоо утсаар ярилцсан, уулзалдсан бичлэгүүд алга болчихвий. Зарим баримтыг санаатайгаар сугалж аваад дарчихгүй байгаа” гэх хардлага учир мэдэх хүмүүсийн дунд байгаа нь нууц биш. Гэвч нэр бүхий улстөрчид зөвхөн өөрсдөдөө ашигтай хэсгүүдээс тасдаж үзүүлэхээр “найруулагч”-ийнхаа ажилд хэдийнэ орсон тухай мэдээлэл ч байна. Тодруулбал, “Жирийн иргэдийг хэлмэгдүүлэхэд оролцсон гэрчүүдийг байраар шагнасан” мэтээр мушгин гуйвуулж үзүүлэхээр бэлтгэж буй гэх. Тиймээс энэ мэт явуургүй санаархлаа зогсоож, энтертайнмент улс төр хийхгүй байхыг үнэнийг олж мэдэх гэсэн Монголын жирийн иргэний хувьд шаардаж байна.
- Ил болгох нэрийдлээр замхруулах гэж байна уу. Энэ асуултдаа би улстөрчид, холбогдох албан тушаалтнуудаас тодорхой хариултыг нэхэж байна. “Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалуудыг ил болголоо” гэж улстөрчид шоудацгаана. Гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаж, өөрсдөө ардын баатрын дүрд тоглоцгооно. Тэгээд энэ хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, нууцын зэрэглэлд дахин оруулах улс төрийн “хор” найруулаагүй гэх баталгаа бий юү. Энэ хэргийг илрүүлэхийг 23 жил хүлээсэн ард түмний итгэл, сэтгэлээр ингэж тоглож, хуурахгүй биз дээ!
- ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдэд “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эмнэлэгт хэвтэж байгаа” гэж нэг бус удаа ярьсан. Яагаад тэр вэ. Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Хорих ангид ял эдэлж буй хүмүүсийг эмнэлэгт 14 хоног хэвтүүлэн эмчлэх хуультай. Гэтэл гурван шатны шүүхээс ял сонссон тэдгээр хүмүүст ийм давуу эрх олгож, хууль зөрчих ямар ашиг сонирхол ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид байна вэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Захиалагчийг нь удахгүй зарлана”, “Ц.Амгаланбаатар захиалагчаа хэлчихсэн л юм билээ шүү дээ” гэж мэдэгдэж байсан Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болсныхоо дараахан “Захиалагчийнх нь хэргийг хаасан” гэж Т.Чимгээгийн ахтай уулзах үеэрээ ярьсныг хэвлэлүүд мэдээлсэн. Бас дахиад л асууя. Яагаад юуны учир захиалагчийн хэргийг хаах болов. Улсын нууцаас гараа ч үгүй байхад энэ хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээллүүдийг Ц.Нямдорж ямар илүү эрхтэй болоод ийнхүү дахин дахин задруулна вэ. “Ц.Нямдоржид үүсгэсэн” гэх эрүүгийн 5 хэргийг хэн хаана замхруулав. Энэ асуултад албан ёсны хариу өгөхийг шаардаж байна.
- С.Зоригийг хөнөөсөн хэргээс гадна “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг нууцын зэрэглэлээс гаргавал олон “юм”-ны учир зангилаа тайлагдана. Тэр дундаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Улсын Дээд шүүхээс ямар нотлох баримтад үндэслэн 1.6 жил хорих ял оноосныг ард түмэн мэдэх боломж бүрдэнэ. Улсын Дээд шүүхээс Б.Хурц нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчөөгүйг нь тогтоосон. Гэтэл яахаараа манай хүнд “Эрүүдэн шүүсэн” гэх хилс ял тулгадаг билээ! Тагнуулч Б.Хурцыг улс төрийн “зодуур”-ын бай болгосоор ирсэн Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалтай хамт байгаа юу. Хэрэв тийм бол энэ хэргийг ч бас нууцын зэрэглэлээс гаргана гэсэн үг үү. Ямартай ч олон жилийн туршид манай хүнийг гүтгэж, доромжлох сэдэв болсоор ирсэн энэ гурван хэргийг улсын нууцаас гаргахыг та бүхнээс дахин шаардаж байна.
Монгол Улсын иргэн Ү.Сарнай
2021.04.19