Гангийн үйлдвэрлэлийн өсөлт, Монголын коксжих нүүрсний эрэлт

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Гангийн үйлдвэрлэлийн өсөлт, Монголын коксжих нүүрсний эрэлт

Гангийн үйлдвэрлэлийн өсөлт, Монголын коксжих нүүрсний эрэлт

Дэлхий дахинд аж үйлдвэрийн салбарын гайхамшиг болох гангийн үйлдвэрлэлийг эдийн засгийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр хэмээн тодотгодог. Коскжих нүүрс нь гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд. Нэг тонн ган үйлдвэрлэхэд 1.5 тонн төмрийн хүдэр, 0.5 тонн кокс буюу түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 0.75 тонн металлургийн нүүрс хэрэглэдэг. Бид энэ удаа “Дэлхийн эдийн засаг” буландаа гангийн үйлдвэрлэл болон коксжих нүүрсний төлвийн талаарх мэдээллийг онцоллоо.

Хятадад коксжих нүүрс ашиглан ган үйлдвэрлэх гол цөм төвлөрч буй. Өөрөөр хэлбэл дэлхийн ган үйлдвэрлэлийн 50 хувийг Хятад үйлдвэрлэж буй бөгөөд эрэлт нь ч урд хөршид байгаа билээ.

Дэлхийн ган үйлдвэрлэлийн хэмжээ 1996 онд 750 мянган тоннд хүрч, Азийн хямралын үе буюу 1997-1998 онд өсөлт нь саарсан бол түүнээс хойш тасралтгүй өсч, 2008-2009 онд дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор буурчээ. Түүнээс хойш тасралтгүй өссөөр, БНХАУ эдийн засгийн бодлогодоо тохиргоо хийсэнтэй холбоотойгоор 2015-2016 онд гангийн үйлдвэрлэл саарч, 2017 оноос хойш тасралтгүй өсч буй юм.

Статистик мэдээллээс харахад, өнгөрсөн 2019 онд 1.9 тэрбум тонн руу дөхөж, 2020 онд тонноос давжээ. Дэлхийн хүн ам, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор гангийн хэрэглээ нэмэгдэж, сүүлийн 25 жилийн дотор дэлхийн ган үйлдвэрлэл бараг гурав дахин өссөн байна.

Дэлхийн гангийн 50 хувь нь барилгын салбарт шингэж буй тул эдийн засаг тэлж, барилгын салбарын үйл ажиллагаа зогсоогүй тохиолдолд гангийн хэрэглээ байсаар байх юм. Хятад, Азийн бусад орнуудад шинэ өсөлт бий болж буй учраас шинэ материалын хэрэгцээ өндөр. Сүүлийн 25 жилд Хятад улсад хотжилт маш эрчимтэй өрнөж, гангийн үйлдвэрлэл нь 20 жилийн дотор 10 дахин өсчээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятад 94.02 сая тонн ган үйлдвэрлэсэн нь сүүлийн долоон сарын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож буй юм.

Дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох гангийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг авч үзэхэд, Энэтхэг улсынх Хятадаас 10 дахин бага байгаа аж. Хэрэв Энэтхэг улсын гангийн үйлдвэрлэл Хятадын хэмжээний өсөлт үзүүлж, дор хаяж 50 хувьд нь хүрэхэд өнөөдөр дэлхий дээр худалдаалагдаж буй бүх коксжих нүүрсийг зах зээлийн хувьд шингээх юм.

Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн дараагийн 50 жилийг тодорхойлно гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн гангийн үйлдвэрлэл нэмэгдэх хэрээр түүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт өссөн бөгөөд цаашид ч өсөх дүр зураг ажиглагдаж буй ажээ.

“Mysteel” компанийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Хятадад гангийн 110 үйлдвэрийн коксжих нүүрсний нөөц өмнөх долоо хоногийн хэмжээнээсээ 1.5 хувиар буурсан байна. Энэ оны эхний сард судлаачид 2021 онд БНХАУ гангийн үйлдвэрлэл 2 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгааг мэдээлсэн. Энэ нь коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна гэсэн найдвар төрүүлсэн билээ.

Зах зээлийн судалгаагаар БНХАУ 60 орчим сая тонн коксжих нүүрсийг импортоор авах төлөв гарчээ. Монголын экспортолж буй нүүрс үндсэндээ коксжих ангиллынх тул манайд боломж бий юм.

Дэлхийн коксжих нүүрсний худалдааны 7-8 хувь, нийт нүүрсний хоёр хувийг манай улс нийлүүлдэг. Монголын коксжих нүүрс байршлын хувьд давуу талтай ч нийлүүлэлт Оросоос бага хэмжээтэй байгааг эдийн засагчид мэдээлдэг.

Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2 хувиар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна.

Өнөөдрийн байдлаар Хятадын дотоодын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 6.7 хувиар өсчээ. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр тавдугаар сарын гэрээт коксжих нүүрсний үнэ өсч, 1678 юань буюу 256.94 ам.долларт хүрсэн бол төмрийн хүдрийн үнэ 1045 юань буюу 176.5 ам.долларт хүрч нэмэгдсэн байна.

Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгаснаар Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч, 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлсэн байна.

Нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Хятадын хилийн ойролцоох бүс нутагт Монголын коксжих нүүрсний ханш нэмэгджээ. Тодруулбал, Монголоос импортолдог сайн чанарын түүхий коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт нэг тонн нь 1120-1150 юань байсан бол боловсруулсан коксжих нүүрснийх 1400-1450 юаньд хүрсэн байна. Энэ нь сарын өмнөхөөс 70-110 юаниар өссөн үзүүлэлт ажээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, гуравдугаар сард манай улс 2.14 сая тонн нүүрс экспортолжээ. Ердийн үед өмнө нь манай улс сард дунджаар 3-4 сая тонн нүүрс Хятад руу экспортлох боломжтой билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс экспортлоод буй бол дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 7.02 сая орчим тонн байна.

Эх сурвалж: Xinhua, Fengwey Energy, International Energy Agency

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж