Супер лигийн сургаар хөлбөмбөгт иргэний дайн өрнөж байна | News.MN

Супер лигийн сургаар хөлбөмбөгт иргэний дайн өрнөж байна

Супер лигийн сургаар хөлбөмбөгт иргэний дайн өрнөж байна

Супер лигийн сургаар хөлбөмбөгт иргэний дайн өрнөж байна

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд өчигдөр нэгэн томоохон үйл явдал өрнөж, өнөө цагийн шилдэг 13 баг Европын Супер лиг хэмээх шинэхэн тэмцээнд оролцохоо зарлалаа. Гэвч дэлхий нийт үүнд бэлэн байсангүй. Тоттенхэм Хотспур багийн хөгжөөн дэмжигчдийн клубын зөвлөлийн гишүүн Траст CNN сайтад өгсөн ярилцлагадаа “Бид багийн эздийг асран хамгаалагч нар шиг л хардаг байсан бол өнөөдөр тэдний хуурамч болохыг мэдлээ. Хөлбөмбөгийн ертөнц иргэний дайны байдалд байна” гэв.

Супер лигийн эхлэл

Өчигдөр Реал Мадрид, Барселона, Челси, Манчестер Юнайтед, Ювентус, АС Милан, Арсенал, Интер Милан, Атлетико Мадрид, Ливерпүүл, Манчестер Сити, Тоттенхэм Хотспур, Севилья зэрэг өнөө цагийн хамгийн шилдэг, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй гэж хэлж болохуйц 13 баг Европын Супер лигийг үүсгэн байгуулагчид болов. Энэхүү лигийг АНУ-ын JP Morgan банк зургаан тэрбум ам.доллараар санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Нийтдээ үүсгэн байгуулагч 15 баг байна гэж тооцолсон боловч Германы Байерн Мюнхен, Боруссиа Дортмунд, Францын ПСЖ зэрэг гурван баг дээрх саналаас татгалзжээ.

Европын бүхий л томоохон багуудыг багтаасан Супер лиг бий болно гэж хэдэн жилийн өмнөөс л яригдаж эхэлсэн. Гэвч ийм хурдан цаг нь ирнэ гэж хэн ч санасангүй. Өдгөө FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны хөлбөмбөгийн хөгжил хариуцсан даргын алба хашиж буй Арсен Венгер 2018 онд “Хэдэн жилийн дараа бид амралтын өдрүүдээр Европын нэг том лиг үзэж магадгүй. Угаасаа ийм зүйл болох нь дамжиггүй. Учир нь нэгдүгээрт, том багууд жижиг багуудтай мөнгөө хуваахыг хүсэхгүй.

Том багууд ч ‘Хоёр жижиг баг хоорондоо тогловол хэн ч тэднийг сонирхохгүй. Хүмүүс чанартай тоглолт үзэхийг хүснэ. Тиймээс том багууд хоорондоо тоглож ашгаа хуваасан нь дээр’ гэсэн хандлагатай байх болно. Магадгүй дотоодын лигүүд Мягмар, Лхагва гаригуудад явагддаг болох байх. Энэ бидний харах хөлбөмбөгийн дараагийн шат. Ер нь л удахгүй байх шүү. Долоо хоног бүр Реал Мадридын эсрэг Барселона, эсвэл Манчестер Юнайтедын эсрэг Байерн Мюнхен зэрэг багийн тоглолтуудыг үзэгчид харахыг хүснэ” хэмээн ярьж байжээ. Венгерийн хэлсэн бүхэн одоо биеллээ олж байна.

Том багууд мөнгөний төлөө Европын Супер лигт тоглохыг хүсч байна. Энэ лигийн урилгыг хүлээн авсныхаа төлөө баг тус бүр 425 сая ам.доллар хүртэнэ. Гэтэл одоогоор Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том тэмцээн гэгдэх УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн баг 100 сая гаруй ам.долларын шагнал авч байна.

Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас багуудын ашигтай ажиллах нь багасч, өрөнд орж эхэлсэн. Жишээлбэл, Манчестер Юнайтед баг одоогоор 455.5 сая фунтын өртэй. Олд Траффорд цэнгэлдэхэд үзэгчгүй, хоосон тоглолт явуулахад дундаж өртөг нь зургаан сая фунт. Реал Мадрид ч хий дэмий үргүй зардал гаргахгүй гэж бэлтгэлийн бааздаа тоглолтоо зохион байгуулж байгаа. Тиймээс Европын Супер лиг бол том багуудын санхүүгийн шархаа нөхөх сайхан боломж.

Манчестер Сити багийн ерөнхийлөгч асан Дэвид Бернштэйн “Би эндээс хоёр зүйлийг л харж байна. Нэг нь шунал, нөгөө нь цөхрөнгөө барсан том клубууд. Барселона, Реал Мадрид тэргүүтэй багуудаас гадна Английн зарим нэг томоохон багуудын өр нэг тэрбум фунт руу дөхөж байна. Магадгүй Европын Супер лигийн саналыг хүлээн авахгүй бол нөхцөл байдал нь улам л дордоно” хэмээн ярьжээ.

Европын Супер лигт оролцох гэж буй 13 клубын арав нь өртэй байгаа бол Челси, Манчестер Сити багууд л өнгөрсөн хугацаанд өргүй, ашигтай ажиллаж чаджээ.

Багуудын эзэд, удирдах албан тушаалтнууд ч дараах байр суурьтай байна.

Манчестер Юнайтед багийн хамтран эзэмшигч Жоэль Глэйзер: Дэлхийн шилдэг тамирчид, багууд бүтэн улирлын турш хоорондоо тоглоно гэдэг гайхалтай зүйл. Супер лиг нь Европын хөлбөмбөгт дэлхийн хэмжээний өрсөлдөөн, орчин нөхцөл бүрдүүлж, олон улсын хөлбөмбөгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн шинэ хуудсыг нээх болно.

Ювентус багийн эзэн Андреа Агнелли: Бид тун эгзэгтэй мөчийн өмнө ирлээ. Европын хөлбөмбөгийн өрсөлдөөнийг өөрчлөх боломжийг бүрдүүлэн, хайртай спортоо урт хугацааны турш тогтвор суурьшилтай хөгжих үндсийг нь тавьж чадлаа.

Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перез: Бид бүхий л түвшний хөлбөмбөгт туслалцаа үзүүлж, үүнийг зөв замд нь орууллаа. Хөлбөмбөг бол дөрвөн тэрбум гаруй хөгжөөн дэмжигчтэй цор ганц спорт бөгөөд том багуудын үүрэг бол эдгээр хөгжөөн дэмжигчдийн хүслийг гүйцээх явдал юм.

Эсэргүүцэлтэй нүүр тулсан нь

Европын Супер лиг зохион байгуулагдана гэсэн мэдээ гарсан даруйд л асар их эсэргүүцэлтэй нүүр тулсан. Багуудын хөгжөөн дэмжигчид, улстөрчид, албаныхан гээд тоймгүй олон хүн санаа бодлоо солилцов. Хэрэв Европын Супер лиг албан ёсоор хуваариа гаргаад, оролцох багуудаа бүрэн зарлавал УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо хамгийн том хохирол амсана. Учир нь УЕФА Аваргуудын лиг хэмээх тус холбооны хамгийн том тэмцээн үнэгүйдэж эхэлнэ. Аваргуудын лигийг чимж, ивээн тэтгэгч, үзэгчдийг татаж, холбоонд нь мөнгө оруулж ирдэг байсан топ 13 баг яваад өгнө.

УЕФА-ийн ерөнхийлөгч Александр Чеферин Европын Супер лигийг хурцаар шүүмжилж байгаа бөгөөд тэрбээр “Бид бүгд энэ утгагүй төслийн эсрэг нэгдэж байна. Юу юунаас илүү шуналдаа хөтлөгдөн гутамшигтайгаар хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьсан эдгээр багуудын удирдлагуудад урам хугарч байна. Тэд хөлбөмбөгт хайртай хэн бүхний нүүр рүү нулимлаа. Бид амар бууж өгөхгүй. Энэ Европын Супер лигт оролцсон ямар ч тамирчныг ирэх хөлбөмбөгийн ДАШТ болон Европын аваргад оролцуулахгүй, хориглох болно. Энэ лигийг зогсоохын тулд бүх хүчээ дайчлан ажиллана. Бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэж ярив.

Мөн тэрбээр Манчестер Юнайтед багийн дэд ерөнхийлөгч Эд Вудвард болон Ювентус багийн эзэн Андреа Агнелли нарт урам хугарч буйгаа илэрхийлжээ. Андреа Агнелли, Эд Вудвард нар УЕФА-д томоохон алба хашдаг байсан бөгөөд Европын Супер лигт элсэн орсныхоо дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн аж.

Андреа Агнелли, Александр Чеферин нар дотны найзууд бөгөөд 2019 онд Агнелли Чеферинийг охиныхоо загалмайлсан эцэг болохыг гуйж байжээ.

Чеферин дээрх хоёр эрхмийн талаар ярихдаа “Намайг хар даа. Би амьдралдаа маш олон зүйл үзэж харж, туулсан. Би 24 жилийн турш эрүүгийн эрх зүйчээр ажилласан. Олон хүнтэй уулзаж байсан ч энэ хоёр шиг хүмүүсийг харж байсангүй. Эхлээд Эд Вудвардын талаар товчхон ярья. Би түүнтэй нэг их холбоотой байдаггүй ч тэр над руу өнгөрсөн Пүрэв гаригийн орой залгасан. Тэр миний хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ялангуяа санхүүгийн цэвэр өрсөлдөөний тал дээр бид саналаа солилцсон. Гэвч тэр ардуур минь өөр хэн нэгэнтэй үгсэн хуйвалджээ.

Харин би Андреа Агнеллигийн талаар их юм яримааргүй байна. Тэр миний урмыг хугалсан. Хувийн асуудал болгомооргүй байгаа ч тэр надад олон удаа худлаа ярьсан. Түүнтэй Бямба гаригийн орой ярихад надад энэ бүгдийг зүгээр л нэг цуу яриа, битгий тоо, би чам руу цагийн дараа эргээд залгая гэсэн. Гэтэл тэр утсаа унтраачихсан. Маргааш нь Европын Супер лиг явагдана гээд мэдээлэл хийчихлээ. Могойтой ойр байсан гэдгээ мэдээгүй явж дээ. Гэхдээ би тэмцэнэ. Удахгүй хуулийн хариуцлага хүлээлгэх болно” хэмээжээ.

Александр Чеферин УЕФА Аваргуудын лигт оролцох багуудын тоог 36-д хүргэн өсгөхөө мэдэгдсэн.

Түүний энэхүү мэдэгдлийн дараа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Марио Драги нар мэдэгдэл хийв. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн твиттер хуудастаа “Европын Супер лиг зохион байгуулах төлөвлөгөө нь хөлбөмбөгт хор хохирол учруулна. Тиймээс бид хөлбөмбөгийн албаны хүмүүсийг арга хэмжээ авахад нь дэмжлэг үзүүлнэ. Тэд дотоодын лигийн зүрхэнд хүнд цохилт өгч, улс орон даяар хөгжөөн дэмжигчдийн санааг зовоолоо. Асуудал хурцдахаас өмнө дээрх хэрэгт холбогдсон хөлбөмбөгийн багууд хөгжөөн дэмжигчдэдээ болон албаны хүмүүст тайлбар өгөх хэрэгтэй” гэсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын багуудыг Супер лигт орохгүй байхыг уриалж, УЕФА-г бүх талаараа дэмжихээ мэдэгджээ.

Байерн Мюнхен, Боруссиа Дортмунд багуудын ерөнхийлөгч нар Европын Супер лигийг эсэргүүцэж, одоогийн УЕФА Аваргуудын лигийн зохион байгуулалтыг дэмжиж буйгаар илэрхийлсэн аж.

Ливерпүүл багийн хөгжөөн дэмжигчид Энфилд цэнгэлдэхийн үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж, “Ичиж байна. Тайван нойрс доо, Ливерпүүл. 1862-2021”, “Ливерпүүлийн фэнүүд Европын Супер лигийн эсрэг” гэсэн уриа лоозон барин жагсчээ. Мөн Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур багуудын фэнүүд “Ядуусын бүтээснийг баячууд хулгайллаа” хэмээн лоозон барьж, жагсч байна.

Мезүт Өзил, Андер Херрара, Лукас Подолски, Луис Фигу, Уэйн Руни, Рио Фердинанд, Гари Невилл тэргүүтэй хөлбөмбөгийн тамирчид өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, Супер лигийг эсэргүүцэж буйгаа зарлав. Тэдний дундаас Мезүт Өзил “Хүүхдүүд дэлхийн аварга, аваргуудын лигт түрүүлэхийг л мөрөөдөж, том болдог. Тэрнээс биш ямар нэгэн Супер лигт биш. Том тоглолтууд жилдээ нэг, эсвэл хоёр удаа болвол таатай. Долоо хоног бүр биш шүү. Хөлбөмбөгийн фэнүүд энэ шийдвэрийг ойлгоход хэцүү байгаа байх” гэв.

Супер лигийн талаар товчхон

Европын хөлбөмбөгийн томоохон 13 клуб АНУ-ын JP Morgan банкны санхүүжилтээр Европын Супер лиг хэмээх цоо шинэ зохион байгуулалттай тэмцээнийг эхлүүлэх гэж байна. Энэхүү лиг нь ирэх наймдугаар сараас эхлэх товтой байгаа бөгөөд долоо хоног бүрийн Мягмар, Лхагва гаригуудад явагдана. Өөрөөр хэлбэл, дээрх 13 баг Премьер лиг, Ла лиг зэрэг дотоодын лигүүддээ хэвийн оролцох бөгөөд гагцхүү УЕФА Аваргуудын лигт л оролцохгүй болж байгаа юм.

Угтаа үүсгэн байгуулагч 15 клуб байна хэмээн төлөвлөсөн ч Байерн Мюнхен, Боруссиа Дортмунд, ПСЖ багууд лигт орохоос татгалзсан юм. Тэдний орон зайг нөхөхөөр Португалийн Порто, Испанийн Севилья багуудад санал тавьсан бөгөөд Порто татгалзаж, Севилья зөвшөөрчээ.

Тэмцээний зохион байгуулалтын хувьд лигийг үүсгэн байгуулагч 15 баг дээр Европын томоохон лигүүдийн амжилттай яваа таван баг урилгаар нэмэгдэнэ. Ийнхүү 20 баг 10, 10-аараа хоёр группэд хуваагдаж, өөрийн талбайдаа болон айлын талбайд зочлон тоглоно.

Улирлын эцэст групп бүрээс тэргүүлсэн гурван баг хасагдах шатанд шууд шалгарах бол дөрөв болон тавдугаар байранд бичигдсэн багууд хоорондоо хоёр ээлжийн тоглолт хийж, хасагдах шатанд шалгарах эрхээ авна. Лигийн аваргыг тавдугаар сард ганц финалын тоглолтоор тодруулна.

Европын Супер лигийн удирдах зөвлөлийн гишүүд:

  • Ерөнхийлөгч – Флорентина Ферез (Реал Мадридын ерөнхийлөгч)
  • Дэд ерөнхийлөгч – Андреа Агнелли (Ювентусийн эзэн)
  • Дэд ерөнхийлөгч – Жоэль Глэйзер (Манчестер Юнайтедын хамтран эзэмшигч)
  • Дэд ерөнхийлөгч – Жон В.Хенри (Ливерпүүлийн эзэн)
  • Дэд ерөнхийлөгч – Стэн Кронке (Арсеналын эзэн)

Супер лигийн анхны ерөнхийлөгчөөр тодорсон Флорентина Ферез лигт нь тоглосон тамирчдыг дэлхийн аварга, Европын аваргад оролцуулахгүй гэсэн мэдэгдлийн хариуд “Хэрэв Европын Супер лигийн тоглогчдыг 2022 оны Катарын ДАШТ-д оролцуулахгүй бол би өөрсдийн гэсэн дэлхийн аваргаа зохион байгуулна. Энэ нэг их том асуудал биш” гэжээ.

Үр дагавар 

Хөлбөмбөг өөрөө амжилт, өрсөлдөөн дээр суурилдаг. Гэтэл хамгийн муу амжилт үзүүлсэн баг нь доош унахгүй, зүгээр тэмцээнд оролцсоныхоо төлөө их хэмжээний мөнгө аваад байвал утгагүй. Гол нь өрсөлдөөн байх хэрэгтэй. Европын Супер лигийн тэмцээн хаалттай, зөвхөн баян, алдартай багуудыг урилгаар оролцуулах учир хөлбөмбөгийн олон зуун жил дамжиж ирсэн уламжлалыг үгүй хийнэ.

2016 оны Лэйстер Сити шиг хэний ч таамаглаагүй баг түрүүлвэл хичнээн амттай ялалт байх бол? Үүнээс гадна Премьер лиг, Ла лиг зэрэг дотоодын лигүүдийн телевиз, стриймин үйлчилгээнүүдээс олдог мөнгөн дүн тодорхой хэмжээгээр багасна. Дэлхийн томоохон телевиз, стриймин үйлчилгээнүүд Европын Супер лиг рүү хошуурцгааж, дотоодын лигүүдийн үнэлгээг унагаах эрсдэлтэй.

Лигүүд телевизийн шууд дамжуулалтын гэрээнээс л гол хөрөнгөө татдаг. Гэтэл гэрээний үнэлгээ нь буурвал лигийнхээ багуудад өгдөг шагналын мөнгө нь багасна. Үүнийгээ дагаад багууд ч санхүүгийн алдагдалд орж, дампуурах нь дампуурч, тогтвортой амжилт үзүүлэхээ больж, сайн тамирчид, дасгалжуулагчдаа баячуудад алдаж эхэлнэ. Нөгөө талаараа тамирчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Дэлхий нийтээрээ Месси, Роналдо хоёрыг 2022 оны Катарын ДАШТ-д сүүлийн удаа харахыг хүсч байгаа. Гэтэл Супер лигт тогловол дэлхийн аваргад оролцуулахгүй гээд байдаг. Катарын дэлхийн аваргыг чимэх гол тамирчид эдгээр 13 багт бий.

Хөлбөмбөгийн ертөнц ийнхүү хоёр, гурван хэсэгт хуваагдлаа. Нэг хэсэгт нь багаа өрнөөс гаргаж, ашиг олох гэсэн багийн эзэд, нөгөө талд нь УЕФА Аваргуудын лигээ шинэчилж, том багуудыг хүчээр ч хамаагүй тогтоон барих хүсэлтэй Европын хөлбөмбөгийн холбоо, дунд нь он удаан жилийн түүхтэй багаа мөнгө олох хэрэгсэл болгохгүйн тулд тэмцэж буй хөгжөөн дэмжигчид болон эрх нь зөрчигдөж буй тоглогчид байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Фанат 2021-04-20 192.82.74.3

Хөлбөмбөгийн ертөнцөд жинхэнэ цөмийн бөмбөг тэсэрлээ дээ. Үүнийг Францын хувьсгал ч юмуу, 90-ээд оны ардчилсан хувьсгалтай зүйрлэж болно. Нэг талд нь дэлхийн топ 13 баг, нөгөө талд нь хөлбөмбөгийн холбоод, лигүүд, хөлбөмбөгийн түшмэдүүд, улстөрчид, эрх ашиг нь зөрчигдсөн хөлбөмбөгийн хүрээнийрэн, хөгжөөн дэмжигчид. Хэн нь ялах бол. Энэ тэмцэл эцсийн эцэст мөнгөнөөс л болж байгаа юм. Эдгээр 13 багийн эздийг шуналын тулам гэж харааж байгаа боловч эсрэг талынхан нь ч ялгаагүй ш дээ

Avatar

Хохино 2021-04-20 192.82.68.66

Харин тиймээ. Нөгөө лигүүд нь гэсэн мөнгөө алдах нь гээд үхэн хатан зүтгэж байгаа. УЕФА аваргуудын лиг европын лигээ ч гэсэн шинэчилж клубуудад анхаарал тавьж байгаагүйн гор л доо

Avatar

ТЭНЭГ 2021-04-20 192.82.67.47

ИРГЭНИЙ ДАЙН Ч ГЭХ ШИГ. МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨ ГЭЖ.

Avatar

Fuck super league 2021-04-20 122.201.24.49

Munguntamir bicsen ymnudig chni hardag ene niitlel goy bolje

Avatar

Зочин 2021-04-20 66.181.161.101

Орчуулга шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж