Навальный амиа алдвал АНУ "өөрөөр ярина"

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Навальный амиа алдвал АНУ "өөрөөр ярина"

Навальный амиа алдвал АНУ "өөрөөр ярина"

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан “Хэрвээ Кремлийг эсэргүүцэгч Навальный өлсгөлөнгийнхөө үеэр нас барвал Орос оронтой “өөрөөр ярина”. Түүний эрүүл мэндийг одоогийнхоос муутгахгүй байхыг сануулъя” хэмээн мэдэгджээ. Гэхдээ тэрбээр ОХУ-тай чухам хэрхэн “өөрөөр ярих” талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Жэйк Сулливан ийн мэдэгдсэн нь Навальныйн багийнхны сүүлийн үед мэдэгдэж буй мэдээллүүдтэй холбоотой бололтой. Тухайлбал, түүнтэй тогтмол уулзаж буй хуульчийн хувьд Навальныйг алхаж ч чадахгүй байгаа хэмээсэн бол эхнэр нь түүнийг дор хаяж 15 кг турсан, ярих чадваргүй болж байгааг хэлж, охин нь эрх баригчдаас аавыг нь эмчилж өгөхийг хүсчээ. Навальныйг дэмжигч эмч нарын баг түүнийг бөөрний дутагдалд орсон байж болзошгүй хэмээн таамаглаж буй бол төлөөлөгч нь түүнийг хэзээ ч нас барж болзошгүй байдалд байгаа тухай мэдээлэл өгч буй юм.

Навальный гуравдугаар сарын 31-нээс хойш биеийн байдалд нь тохирсон эмчилгээг өөрийнх нь сонгосон эмчээр шоронгоос гадуур хийлгэж өгөхийг шаардан өлсгөлөн зарласан билээ.

Эргэн санавал:

Кремлийг эсэргүүцэгч, 44 настай Алексей Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Сибирийн Томск хотод ажлаар явж байхдаа учир битүүлгээр хордон ухаан алдан, улмаар комд орсон билээ. Аз болж, гэрийнхэн нь түүнийг яаралтай Германд хүргэн, эмчилгээ хийлгэснээр Навальный амьд үлдсэн юм. Оросын эмч нар Навальныйг суурь ужиг өвчнөөсөө болж ухаангүй болсон хэмээн дүгнэж байсан ч Германы эмч нар түүнийг мэдрэлд нөлөөлдөг, зэвсгийн чанартай "Новичок" хэмээх хоронд хордсон хэмээн оношилсон юм.

Болсон явдлыг цөөнгүй хүмүүс Владимир Путинтэй холбоотой хэмээн үзэж байсан ч Оросын эрх баригчид тус таамаглалыг эрс няцаасаар иржээ. Гэтэл удалгүй Навальныйн дотуур өмдөнд хор түрхсэн талаарх мэдээллийг Оросын Холбооны аюулгүй байдлын ажилтан Константин Кудрявцев санаандгүй байдлаар илчилсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, Навальныйг хордуулах ажилд 10 орчим хүн оролцжээ.

Баривчилгаа ба бослого

Навальный Германы чадварлаг эмч нарын ачаар ухаан орсон ч хордлого бүрмөсөн тайлагдаж, бүрэн эдгэрэхээ хүлээсээр шинэ он гарсан билээ. Түүнийг ухаан орсны дараа Оросын талаас хурдан харихыг шаардан, үгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн анхааруулсаар байсан ч Навальный эрүүл мэндээ бодон анхааруулгыг үл тоосон юм.

Цагдаа нарын мэдээлснээр Навальный өмнө нь хэд хэдэн гэмт хэрэг, тэр дундаа их хэмжээний мөнгө угаах хэрэгт холбогдсоноосоо болж тэнсэн харгалзах ял сонссон аж. Түүний тэнсэн харгалзах ялын хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуусах байсан ч түүнээс өмнө хил давсан нь Навальныйг баривчилж, тэнсэн харгалзах ялыг хорих ялаар солих үндэслэл болжээ.

Навальный он гараад удаагүй байхад буюу бүрэн эдгэрмэгцээ Москвад эргэн ирсэн даруйдаа баривчлагдаж, түүнээс хойш “нар үзсэнгүй”. Навальныйг баривчлахад олон энгийн иргэн болон түүнийг дэмжигчид баривчилгааг эсэргүүцэн, ОХУ-ын бараг бүх хотод жагсаал, хөдөлгөөн эхлүүлсэн ч цагдаа нар цар тахлаар шалтаглан жагсаалыг хууль бус хэмээн мэдэгдэж, олон мянган хүнийг баривчилж, хүчээр дарсан юм.

Хорих ял

Алексей Навальныйг тэнсэн харгалзах ялын хугацаанд хил давсан гэдгээс гадна 94 настай ахмад дайчныг өнгөрсөн зун “утсан хүүхэлдэй, урвагч” хэмээн доромжилсон хэрэгт буруутгасан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас 20-ны өдрүүдэд түүнд холбогдох хэргийн шүүх хурал болж, нийт хоёр жил, зургаан сар чанга дэглэмтэй хорих ангид хорих, 850 мянган рублиэр торгох ял оноосон билээ.

Олон улсын байр суурь

Алексей Навальныйг шоронд хорьсных нь төлөө Европын холбооны 27 гишүүн орны Гадаад хэргийн сайд нар хоёрдугаар сарын 22-нд Брюссельд хуралдан, анх удаа Европын холбооны Магницки актын дагуу ОХУ-ыг хүний эрх ноцтой зөрчсөн хэмээн үзэж, 10 хүнд хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Тус хурлын дараа Жосеп Боррел “Орос авторитар дэглэм рүү эрчимтэй шилжиж байгаа гэдэгт олон улс санал нэгдэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн АНУ ижил шалтгаанаар ОХУ-ын есөн өндөр албан тушаалтан болон албан газруудад хориг тавьж, 1961 оны Гадаадын орнуудад тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу Москвад хүмүүнлэгийн яаралтай тусламжаас бусад тусламж үзүүлэхээ зогсоох, зэвсэг худалдах, экспортлох улсуудын жагсаалтаас хасах, ОХУ-ын оролцож буй гадаадын цэргийн санхүүжилттэй аливаа хөтөлбөрийг зогсоох, аливаа зээл, зээлийн баталгаа эсвэл бусад санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, Оростой сансрын салбарт хийх арилжааны хамтын ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан билээ.

Чанга дэглэмтэй хорих анги

Шүүхийн шийдвэрийн дагуу Навальныйг Москва хотоос гурван цаг явж хүрдэг Покров тосгоны ойролцоох хорих хоёрдугаар ангид өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд хүргэсэн юм. Тус хорих анги нь Оросдрр нэртэй хамгийн хүнд, чанга дэглэмтэй хорих ангиудын нэг бөгөөд өмнө нь хоригдож байсан хүмүүс, ажиллаж байсан хуягууд нь ч үүнийг дуу нэгтэй баталдаг аж.

Навальный хоригдсоноосоо хойш удалгүй хорих хоёрдугаар ангийг “найрсаг” газар хэмээн тодорхойлж байлаа. Тухайн үед түүний хэлснээр, тус хорих ангид хүчирхийллийн шинжтэй ямар ч үйлдэл харагдаагүйгээс гадна хоригдол, хуягууд нь маш найрсаг, түүнд сайн ханддаг байжээ. Гэвч удалгүй тэрбээр хорих ангийн жинхэнэ дарамтыг мэдэрч эхэлсэн байна.

Тухайлбал, шоронгийн хуягууд шөнө бүр цаг тутамд сэрээн шалгалт хийж, сэрүүлгээс 10 минутын өмнө сэрэх, видео илтгэлийг “шал тэнэг” хэмээн доромжилсон зэрэг зөрчил гаргаса гэжээ. Нэгэн удаа өглөөний дасгалд гарахгүй хэмээн зөрүүдэлж, оронд нь кофе авчирч өгөхийг хянагчаас шаардсан, хэтэрхий их инээмсэглэсэн зэрэг олон зөрчил гаргасных нь төлөө гянданд хорихоор сүрдүүлж эхэлсэн байна.

Эрүүл мэнд нь ноцтой доройтож, өлсгөлөн зарлав

Навальныйн хөл өнгөрсөн сараас эхлэн мэдээ алдаж, нуруу нь хүчтэй өвдөж эхэлжээ. Гэвч шоронгоос түүнийг эмчид үзүүлэхийн оронд өдөрт хоёр ширхэг өвчин намдаах эм өгсөөр өвчнийг нь улам хүндрүүлсэн байна. Улмаар Навальный тогтмол зочилдог хуульчидтайгаа уулзах боломжгүй болж, найман кг турж, заримдаа өөрөө алхаж чадахгүйд хүрсэн аж.

Тиймээс Навальный өөрийнх нь сонгосон эмнэлэгт өөрийнх нь талын эмчээр зөв эмчилгээ хийлгэж өгөхийг шоронгоос шаардан өлсгөлөн зарласан юм. Гэвч шоронгийн удирдлагууд түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээж, оронд нь өдөр бүр түүнийг хүчээр хооллохыг оролдох болсон аж.

Зүрхний доголдол, бөөрний дутагдал, нугасны ивэрхий, сүрьеэ

Энэ сарын эхээр Навальный 38.1 хэм хүртэл халуурч, амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрснээр шоронгийн харъяа эмнэлэгт шилжсэн юм. Улмаар эмч нар шинжилгээ авч, Навальныйг хоёр ч газраа нугасны ивэрхийтэй болсон хэмээн оношилжээ. Түүнчлэн түүний хоригдож буй ангид сүрьеэгийн халдварын гурван ч тохиолдол ойр ойрхон бүртгэгдсэн гэх сургаар хүмүүс Навальныйг сүрьеэ туссан байж болзошгүй хэмээн таамаглаж буй. Харин Навальный шоронгийн санал болгосон эмчилгээг хийлгэхээс татгалзсан учир түүнийг эмнэлгээс эргүүлэн хорих анги руу нь шилжүүлсэн юм.

Түүнээс хойш Навальны өлсгөлөнгөө үргэлжлүүлэн, нийт 15 кг хаяж, алхаж, ярьж чадахаа байсан аж. Түүний эмч Ярослав Ашихмин шинжилгээнийх нь хариунуудыг үзээд, “Навальныйн цусан дахь калийн хэмжээ эрс нэмэгдсэн нь зүрхний үйл ажиллагааг хэзээ ч зогсоож болзошгүйгээс гадна кератины хэмжээ ихэссэн нь бөөрний дутагдлын шалтгаан болж байна. Тэр одоо хэдийд ч үхэж магадгүй, маш өндөр эрсдэлтэй байдалд байна” хэмээсэн юм. Мөн энэ долоо хоногт Навальныйг дахин шоронгийн эмнэлэгт шилжүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Навальныйг дэмжигчид дахин жагсана

Өмнөх жагсаал хэдэн мянган хүнийг баривчилснаар эрхгүй дарагдсан ч Навальныйн дэмжигчид дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын сүүл гэхэд хагас сая орчим хүн жагсаалд оролцохо илэрхийлсэн бөгөөд энэ тоо өсөх хандагатай байгаа аж. Түүнчлэн жагсаалын тов хараахан тодорхой болоогүй байгаа хэдий ч зарим эх сурвалжууд жагсаал энэ долоо хоногт эхэлнэ хэмээн мэдээлж буй юм.

АНУ санаа зовж байна

Дээр дурьдсанчлан Навальныйн эрүүл мэнд одоогийнхоос дордох, цаашлаад хэрвээ Навальный нас барвал АНУ зүгээр суухгүйгээ илэрхийлсэн билээ. Энэ асуудал дээр Жо Байден яагаад чимээгүй хэвээр байгаа нь нарийн шалтгаантай аж. Тодруулбал, Навальныйтай холбоотой асуудлыг цаашид хэрхэх талаар АНУ-ын эрх баригчид нууцаар хэлэлцэж буй бөгөөд Оросын эсрэг маш хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж буй мэдээлэл бий юм.

ОХУ-ын сөрөг хүчний хэвлэлийн нарийн бичгийн дарга Кира Ярмыш цахим хуудастаа “Бид Навальныйг нас барна гэж ярихаас аль болох зайлсхийж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр одоо үхэж байна. Одоогийн байдлаас харахад Навальный нас барах нь ердөө хэдхэн өдрийн асуудал болоод байна” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: USATODAY, REUTERS, POLITICA, BBC, DEUTSCHEWELLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж