Монгол Улс хэзээ түймэр унтраах нисдэг тэрэгтэй болох вэ?

Хуучирсан мэдээ: 2021.04.20-нд нийтлэгдсэн

Монгол Улс хэзээ түймэр унтраах нисдэг тэрэгтэй болох вэ?

Монгол Улс хэзээ түймэр унтраах нисдэг тэрэгтэй болох вэ?

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сэлэнгийн Ерөөгийн зааг дээр 2017 онд гарсан Минжийн хангайн түймрийн улмаас үлэмж хэмжээний газар "үнс" болж хувирсан. Онцгойгийн аврагч, гал сөнөөгчид 10-20 литрийн багтаамжтай ус шүршигч, үлээх аппарат, цохиур, хувцсаа үүрээд, хамгийн ойрхондоо найман километр газар алхаж ойн түймэрт хүрч байв. Тэд ийнхүү тэмцсээр 37 хоногийн дараа "дайсан"-аа дарж авсан. Энэ тухай мэдээллийг хэвлэлээс авсан иргэд санаачлага гарган, Онцгой байдлын байгууллагыг нисдэг тэрэгтэй болгох хандивын аян өрнүүлсэн удаатай.

Энэхүү аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1 тэрбум 417 сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан. 

Гэвч нисдэг тэрэг авахад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байсан учраас дээрх мөнгөөр гал унтраахад шаардлагатай тоног төхөөрөмж, ялангуяа эрэн хайх, аврах ажиллагаанд дутагддаг тоног төхөөрөмж авсан хэмээн албаныхан мэдээлсэн билээ. Бид 2017 оноос хойш түймэр унтраах нисдэг тэрэгтэй болно гэж ярьсаар энэ жил дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Онцгой байдлын алба хэзээ нисдэг тэрэгтэй болох талаар тодрууллаа.

АЛБА ХААГЧИД НЭГ КИЛОМЕТРЭЭС ХОЛ ГАЗАРТ ГАР АРГААР УС ЗӨӨЖ УНТРААДАГ

Ой хээрийн түймэр унтраахад тулгардаг бэрхшээлийн талаар НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Газар орчны нөхцөл байдлаасаа шалтгаалан түймэр унтраах арга ажиллагаа харилцан адилгүй. Одоогоор Онцгой байдлын газарт Австри улсад үйлдвэрлэсэн ой хээрийн түймэр унтраах зориулалтын машин болон БНСУ-д үйлдвэрлэсэн бага оврын автомашин ашиглаж байна. Дээрх хоёр машин нь ой хээрийн түймэр унтраахад зориулагдсан учраас өндөр даралтын хоолойгоор 500 метрээс нэг километр буюу 1000 метр талбайд хоолой дэлгээд ус шахах хүчин чадалтай. Алба хаагчдын хувьд нэг километрээс хол газарт гар аргаар ус зөөж унтраана. 

Гэхдээ эгц уулын орой дээр ямар ч техник гарахгүй учраас гар аргаар ус зөөж унтраадаг. Үүнийг хараад хүмүүс “Гар хоосон байна, холоос усаа зөөлөө” гэх мэтээр шүүмжилдэг.

Үнэхээр хөгжил сайтай улс орон нэмэлтээр онгоцоор ус шүршиж унтраадаг. Монгол орны нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь ой хээрийн бүс байдаг. Ойн түймэр ихэвчлэн ойн гүнд гардаг учраас машин техник очих боломжгүй тохиолдол олон бий. Бүр мориор очих боломжгүй хадтай газар ч байдаг бөгөөд зөвхөн явганаар очих гэж 2-3 өдөр зарцуулдаг. Ийм нөхцөлд зайлшгүй нисдэг тэрэг, онгоцоор галыг унтраах боломжтой” хэмээн онцлов.

Монгол, Францын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин, агаараас эрэн хайх, аврах эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц зэрэг нийлүүлэгдэхээр болжээ. Түргэн тусламж, эрэн хайх, аврах ажиллагааны гурав, сургалтад зориулагдсан нэг, нийт дөрвөн нисдэг тэргийг есдүгээр сард багтаан Онцгой байдлын ерөнхий газарт нийлүүлэх юм байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын хоёр нисдэг тэргийг ирэх долдугаар сард нийлүүлэх ажээ.

Монгол Улс түймрийн үеэр агаарын тээвэр ашиглах туршлагагүй учраас нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэж сургах ажлууд мөн хэлэлцээрт багтжээ. Уг төслийг нийт 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн, 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон байна.

Европын улс, тэр дундаа далай тэнгис ихтэй оронд түймэр унтраахдаа нисдэг тэрэг түгээмэл хэрэглэдэг. Уудам газар нутагтай, далай тэнгисээс алслагдсан Монгол Улсад энэ нь үр ашиг багатай гэж үзэх хүмүүс ч  цөөнгүй байна.  

Тухайлбал, Хэнтийн Өмнөдэлгэрт гарсан түймрийг унтраахад Хөвсгөлөөс усаа зөөхөөс эхлээд багагүй бэрхшээл тулгарахыг учир мэдэх хүмүүс хэлж буй. Ямартай ч түймэр унтраах нисдэг тэрэгтэй болсны дараа учир нь олдох биз ээ.

Гэхдээ хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд гал түймрийн аюул нөмрөх эрсдэл маш өндөр байгааг албаныхан анхааруулсаар байна.

Хамгийн сүүлд гэхэд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг 15 бүлгийн 203 хүн техник, хэрэгсэлтэйгээр өчигдөр (2021.04.19) 09:50 цагт бүрэн унтраасан юм.

Урьдчилсан байдлаар түймэрт урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага эцэслэн  тогтооно. Хэт хуурайшилтаас үүдэн татсан тамхи, асаасан гал, үсэрсэн оч бүхэн гамшиг дагуулж, гал түймэр болон дэгдэж байгааг энд дурдъя. Тиймдээ ч гал түймрийн үед шанага ус, үер усны гамшигт хүрз шорооны үнэ цэнийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол онцгойгийнхон.

“Тэдний хийх ёстой ажил шүү дээ, ингэж зүтгэснийхээ төлөө цалин авдаг” гэж хэлэх хүн цөөнгүй. Гэвч иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байвал гал түймрийн аюул, учирч болох эрсдэлээс эх орон, байгаль дэлхий, өмч хөрөнгөө хамгаалж чадах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж