ОХУ-ын нэгэн өндөр албан тушаалтан Сибирьт жуулчин татах зорилгоор алмасны тухай хуурамч мэдээлэл, ул мөр, зураг зэргийг үйлдэн, зохион байгуулалттайгаар тараадаг байснаа хүлээжээ.
Владимир Путинд хамгийн удаан хүчин зүтгэж буй хүмүүсийн нэг, Кемерово мужийн захирагч асан Аман Тулеев өндөр, том биетэй эрчүүдийг хөлслөн, алмасны хувцас өмсгөж, жуулчдын явдаг газрын ойролцоо бутан дунд нуугдаж байгаад зэрвэс харагдан зугтахыг тушаадаг байжээ.
Улмаар Сибирийн Алтайн уулсад жуулчид очиход алмасны хувцастай хүн модон дунд хүлээж байгаад, жуулчдыг ойртож ирмэгц чанга орилон гүйж оддог байсан гэнэ. Тулеев хэдийгээр тийнхүү хуурамч алмас бүтээн зохион байгуулалттайгаар жуулчдын сонирхлыг татдаг байсан ч өөрөө алмас хэмээх бодгаль оршин байдагт гүнээ үнэмшдэг нэгэн аж.
Тэрбээр анх нутгийн анчид тус ууланд хоёр метр өндөртэй, хүн дүрст үсэрхэг амьтан харсан хэмээн ярихад хүмүүс тэр зүгт олноор очиж эхэлснээс дээрх санаагаа олжээ. Энэ талаараа Тулеев “Энэ санааг олохоос өмнө ч алмасны ул мөр хэд хэдэн удаа олдож байсан. Жишээлбэл, 2011 онд Шориа уулсын цасан дээрээс хүнийх гэхэд дэндүү том хөлийн мөр олдож, ОХУ, АНУ, БНХАУ тэргүүтэй долоон улсын эрдэмтэд цуглан Сибирьт алмас эрэн хайсан. Хэдийгээр тэд дорвитой юм олж чадаагүй боловч түүнээс хойш алмас харах гэж маш олон хүн Сибирийг зорьдог болсон юм. Гэхдээ хэн ч алмас харахгүй байсаар хүмүүсийн сонирхол аяндаа буурч эхлэхэд тэдний сонирхлыг дахин татах зүйл шаардлагатай болсон юм” хэмээн тайлбарлажээ.
Тиймээс Тулеев уулсын ойролцоох тосгоны захирагчид хандан өндөр биетэй хүн олуулж, түүнтэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Тэгэхдээ тэрбээр тосгоны захирагчийн олж өгсөн өндөр эрд үс ноос ихтэй хувцас өмсгөн, жуулчид ойртож, ирмэгц их дуу чимээ гарган хашгирч, тойрон гүйх агаад, баригдахгүй байхыг тушаажээ. Тэр цагаас хойш жуулчдын тоо эргэн нэмэгдэж, Шориа уулс, ялангуяа Азасская агуйг хүмүүс ихээр сонирхох болсон гэнэ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ