Монгол дараагийн Мьянмар болж болохгүй, Х.Баттулга аа!

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Монгол дараагийн Мьянмар болж болохгүй, Х.Баттулга аа!

Монгол дараагийн Мьянмар болж болохгүй, Х.Баттулга аа!

  Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээр дахин нэр дэвших боломжгүйд хүрсэн Х.Баттулга юу ч хийхээс буцахгүй, сийхгүй болсныг өнөөдрийн үг, үйлдэл нь нотлов.

Тэрбээр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн талаараа гэнэтийн мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийгээ тайлбарлахдаа  “Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намыг хэлбэрт шилжсэн тул…” гээд дөрвөн  шалтгаан дурджээ.

Гэвч, Х.Баттулгын энэхүү захирамж Монголын улс төрийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй ноцтой үйл явдал агаад Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхэнд халдахыг завдсан үйлдэл болов, энэ нь.

МАН-ыг хамгаалсандаа биш юм, муу, сайн ч гэсэн ардчилсан сонгуулиар Засгийн эрхийг авсан нам. МАН-ыг Монголын төрөөс зайлуулах эрх нь Монголын сонгогчид л бий. Ардчилсан сонгуулийн үр дүн хэн нэгэнд таалагдах, эс таалагдахаас үл хамаараад түүнийг хамгаалах нь ардчиллын баталгаа юм.

МАН-ын засгийг огцруулж болно, харин Монголын төрийн эрхийг хууль бусаар дээрэмдэж болохгүй.  Тиймээс жоомоо алах гээд гэрээ шатаачихаж болдоггүй юм, Ерөнхийлөгч өө. Улс орны эв нэгдэл, эрх ашгаас илүү чухал улстөрчийн эрх мэдэл гэж ёсгүй.

Төрийн эрхийг шилжүүлэх хэнд шилжүүлэх, хэнд өгөхийг Ерөнхийлөгч шийддэггүй, ардчилсан сонгууль л шийддэг хуультай, дүрэмтэй улс.  МАН-ыг тараах захирамжийн гол зорилго нь нэг ёсондоо Монголын төрийг чадамжгүй болгох асуудлыг хөндөж байна гэсэн үг.

Ерөнхийндөө төрийн эрхийг ямар нэгэн байдлаар хууль бусаар авах гэсэн Ерөнхийлөгчийн цаад санаархал, оролдлого, заналхийллийн эхний дохио энэ болов.

Ерөнхийлөгч захирамждаа дурджээ, “Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалъя” гэж.  "…..Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн" болохыг ч онцолж.

Гэвч, үндэстний язгуур эрх ашиг болоод үр хүүхдийн маань ирээдүй нь ардчилсан Монгол Улс гэдгийг Х.Баттулга мартсан бололтой. Х.Баттулгын эрх ашгаас илүү эх орны эрх ашиг гэж байдгийг.

Өмнө нь Х.Баттулга Үндсэн хуулийн бус аргаар ҮАБЗ-д эрх мэдэл төвлөрүүлж, хууль, шүүхийн удирдлагуудыг хүссэнээрээ өөрчилж байсан. Үүнийг нь хөүүлэн дэмжсэн МАН буруутай, У.Хүрэлсүх буруутай. Үндсэн хуулийг Х.Баттулга гэж ганцхан хүнд зориулж өөрчлөөгүй юм.

Тэгээд ч ганц Х.Баттулга биш түүний өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдсэн.

Үнэндээ, Х.Баттулга ширээн дээрээс өөрөө л ойчсон. "…Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явуулсан" хүн бол үнэндээ МАН биш Х.Баттулга өөрөө.  Тэжээсэн нам нь тэрэг эвдсэн бол одоо яая гэхэв, өөртөө л гомдохоос. Тэглээ гээд Монголын ардчилалд заналхийлэх эрх Х.Баттулгад байхгүй. Тэгвэл Монгол дараагийн Мьянмар болно.

Хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш Мьянмарт 700 гаруй хүн амиа алджээ. Олон мянган хүн орон гэргүй болж, цэргийн яргалал, дарангуйлал дунд иргэд эх орноосоо ч дүрвэж эхэлсэн. Ардчиллын төлөө тэмцсэн олон зуун иргэнээ гудамжинд гахай, нохой шиг буудаад алчихаж байна. Энэ бол монголчууд бидний хүсч буй нийгэм, туулах ёстой хувь тавилан биш. Монголчуудад бослого тэмцэл биш эв нэгдэл, хувьсгал биш хувьсал хамгаас чухал болсон.

 Ерөнхийлөгч, өнөөдрийн /2021.04.19/-хөө захирамжид дурдсанчлан "Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн" оролдлого хийсэн хүн нь  одоогоор Х.Баттулга болж харагдаж байна. "….Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж" байгаа хүн нь эв нэгдлийн тэргүүн эрхэм Ерөнхийлөгч өөрөө болжээ.

Ардчилсан төрт ёсны эсрэг хийсэн зөвхөн энэ үг, үйлдлийнхээ төлөө Х.Баттулга хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн энэ үйлдлийн нь төлөө түүнд импичмент хийгээд зогсохгүй, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархлынх нь төлөө шүүхэд дуудах ёстой юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
144
ТэнэглэлТэнэглэл
71
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж