М.Дөлгөөн алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

М.Дөлгөөн алтан медаль хүртлээ

М.Дөлгөөн алтан медаль хүртлээ

Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулсан Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн 55 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн баг тамирчид маань Алматыгийн дэвжээнээс алт хоёр, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-ын жинд "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Зоригтын Болортунгалаг нар түрүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.

Тэмцээний 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын тамирчин, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-ын жинд "Аврагч" спорт хорооны тамирчин, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлсэн. Манайхнаас ердөө таван оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор гутгаар байрт оров.

Эмэгтэй бөхчүүдийн рейтингээрээ дэлхийд тэргүүлэгч Япон, БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргын тэмцээнийг өнжсөн юм.

Тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин М.Дөлгөөн 2016 оны арваннэгдүгээр сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн аэродромын үйлчилгээний ротын жолоочоор томилогдон ажиллаж байгаа юм. Өнгөрөгч 2011 оноос эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2014 онд спортын мастер, 2015 онд Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлжээ.

Түүний амжилтаас дурдвал:

  • Өсвөрийн залуучуудын улсын дөрвөн удаагийн аварга,
  • 2013 оны Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,
  • БНХАУ-ын “Наньжин-2014” Залуучуудын зуны II олимпийн мөнгөн медаль,
  • 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,
  • 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль,
  • 2019 оны “Монголиа Опен” олон улсын Гран-При тэмцээний алтан медаль,
  • 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,
  • 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,
  • 2020 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль,
  • 2021 онд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Алматыгийн дэвжээнд Узбекстаны Мадина Усмонжонова, эзэн орны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж, тивдээ анх удаа тэргүүлж, алтан медалиар тус тус шагнагдсан юм.

Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс сүүлийн гурван жил медалийнхаа өнгийг хувиргаж, Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болсон юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж