Америкийн программ хангамжийн “Adobe” компанийг үүсгэн байгуулагчдын нэг, PDF (Portable Document Format) форматыг зохион бүтээгч Чарльз Гешке Баасан гаригт /2021.04.16/ 81 насандаа таалал төгсчээ.
Тэрээр Питтсбург дэх Карнеги Меллоны их сургуулиас докторын зэрэг авсныхаа дараа “Xerox” компанийн Пало Алто дахь судалгааны төвд ажиллаж байхдаа өөрийн хамтрагч Жон Уарноктой танилцаж байв. Тэд анх бичгийн хуудас тодорхойлон бичих хэл болох “Interpress”-г зохион бүтээжээ. Тэгээд үүнийгээ олон нийтэд танилцуулж, худалдаанд оруулах саналыг “Xerox”-д тавьсан боловч зөвшөөрөөгүй байна.
Ингээд 1982 онд тэд “Xerox”-оос гарч, “Adobe” компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэд компаниа Уарнокын гэрийн хойгуур урсдаг “Adobe Creek” хэмээх голын нэрнээс санаа авч компаниа нэрлэж байсан гэнэ.
Дараа нь “Interpress”-г бага зэрэг өөрчлөн “PostScript” нэрээр гаргаж хэрэглээнд нэвтрүүлжээ. “PostScript” нь хэвлэлийн эх бэлтгэх үед маш бага зай эзэлдэг, техник хангамжаас үл хамааран ажиллах боломжтой зэрэг чанараараа тухайн үеийн бусад форматуудаас давуу байв. Компани байгуулагдсанаасаа эхлэн хэвлэлийн эх бэлтгэх программ дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж, ISO-н шаардлага хангаж, хэвлэх үйлдвэрийн стандарт болсон PDF-г зохион бүтээсэн байна.
Гешке 1986-1994 оны хооронд компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч, 1989-2000 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаад тэтгэвэртээ гарсан байна. Тэр 2017 он хүртэл “Adobe” компанийн ТУЗ-ын даргын албыг хашиж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд “Технологийн салбарын Үндэсний Медаль”-ийг Гешке, Уарнок нарт гардуулж байжээ.
“Би хэзээ ч түүнээс илүү чадвартай бизнес хамтрагчтай болно гэж төсөөлж байгаагүй. Бидний амьдралд маш том хоосон орон зай үлдэж байгааг түүнийг сайн мэдэх бүх хүн хүлээн зөвшөөрөх байх” гэж 80 настай Жон Уарнок хамтрагчаа дурсан бичсэн байна.
Гешке нь технологийн салбарын том бизнесмэн гэдгээсээ гадна 1992 онд барьцаалагдаж байснаараа алдартай хүн юм. Түүнийг өглөө ажилдаа ирэхэд нь хоёр этгээд хулгайлж, дөрвөн өдрийн турш барьцаалан мөнгө нэхэж, Холбооны мөрдөх товчооныхон Гешкег барьцаанаас суллаж байв.
Эх сурвалж: The Verge
Холбоотой мэдээ