Чехээс Оросын 18 дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Чехээс Оросын 18 дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ

Чехээс Оросын 18 дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ

Сүүлийн өдрүүдэд барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, дипломат ажилтнуудыг нь хөөх шийдвэрийг ар араасаа гаргасаар байна. Тэгвэл Чех улсын Засгийн газар ОХУ-ын 18 дипломатчийг эх орноосоо хөөх шийдвэрийг гаргажээ. Оросын дипломатуудыг гарахад 72 цагийн хугацаа өгсөн байна. Харин ОХУ үүнийг “дайсагнасан үйлдэл” гэж үзэж байгаагаа илэрхийлээд яг адил хариу барьж Чехийн 20 дипломат ажилтныг хөөж, 24 цагийн хугацаа өгчээ.

Чехэд 2014 онд зэвсгийн агуулах дэлбэрсэн хэрэгт Оросын дипломат ажилтнууд холбоотойг олж тогтоосон байна. Тэдгээр ажилтан Прага хот дахь ОХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байгаа гэж үзсэн учир ийм арга хэмжээ авчээ.

Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чех улсын Врбетице ойд оршдог зэвсгийн агуулах дэлбэрч, ойролцоо оршдог барилгуудын цонх хагарч, сургуулиудыг нүүлгэн шилжүүлж байв. Сарын дараа тус агуулахад ажилладаг байсан 56 ба 69 настай хоёр эрэгтэйн цогцос олдож байжээ. Тухайн үед дэлбэрэлтийг гадны нөлөөгүй, золгүй явдал гэж дүгнэж байсан ч сүүлд хийсэн мөрдлөгөөр үүнд Оросын тагнуулын албаны 29155 дугаар бүлэг оролцсон гэх баримтыг Чехийн эрх баригчид илрүүлсэн байна.

Түүнчлэн өөр нэгэн ноцтой баримт нь энэ дэлбэрэлтийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй хоёр хүн нь 2018 онд Их Британид тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийн аминд халдсан хэргийн гол сэжигтнүүд болох Анатолий Чепига, Александр Мишкин нар гэдгийг тогтоогоод байгаа аж.

Тэд 2014 онд Тажикистан, Молдовын иргэний хуурамч бичиг баримтаар Чехийн зэвсгийн агуулахад шалгалт хийхээр нэвтэрч байжээ. Дэлбэрэлтээс гурав хоногийн өмнө зэвсгийн агуулахын ойролцоох Острава хотод ирж, аравдугаар сарын 17-нд буюу дэлбэрэлтийн маргааш Вена хотоор дамжин Москва руу буцсан байна.

 Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж