Өнөөгийн нийгмийн өнгийг тодорхойлогч залуусын нэг бол Баярхүүгийн Даваасүрэн. Тэр олны танил дуучин, бүжигчин, жүжигчний аль нь ч биш. Харин түүнийг залуу хүний хүсэл, зорилгыг ямар ч бэрхшээл үл зогсоож чадахыг биеэр үлгэрлэж яваа нийгмийн “Эерэг дүр” болсон уран бүтээлч хэмээн танилцуулъя.
Уран бүтээлч хэмээн тодотгохын учир нь тэрбээр Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Cinequest” кино наадамд шалгарсан “Шат” богино хэмжээний киноны гол дүрийг бүтээсэн юм. Б.Даваасүрэн Австрали, Монгол улсын мэргэжлийн кино уран бүтээлчдийн хамтарсан “Шат” уран бүтээлд гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор гэх залуугийн дүрийг бүтээсэн. Тэр кино урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй залуусын дуу хоолойг нийгэмд илүү тодоор хүргэхийг хүссэн аж.
Б.Даваасүрэн зургаан жилийн өмнө өндрөөс унаж нуруу, нугасны гэмтэлтэй болж, олон сар хэвтрийн дэглэм сахисны эцэст, нийгмийн амьдралд урьдынх шигээ оролцох болжээ. Гэвч тэр хөгжлийн бэрхшээлдээ уягдахыг хүссэнгүй. Өөрийгөө нээх бүхий л боломжийг эрж хайдаг байсан гэлээ.
Харин түүний хувьд өөрийгөө сорьсон хамгийн сонирхолтой бөгөөд хүндхэн сорилт нь “Шат” богино хэмжээний кино байв. Тэрбээр “Шат” богино хэмжээний киноны гол дүрийн Сонор гэх залуугийн дүрд тэнцсэнээ мэдээд баярлах, “айх” зэрэгцсэн. Учир нь мэргэжлийн жүжигчин биш учраас зураг авалт эхлэхийн өмнө битүүхэн айдастай байсан. Дүрдээ орох, кино баг хамт олны итгэлийг алдахгүй байхын тулд жүжиглэнэ гэдэг асар их ур чадвар шаардсан ажил юм билээ. Сандрал, айдас, санаа зовнил минь бүгд зэрэгцэж байсан ч түүнийг даван гарч, дүрдээ орохын тулд их хичээсэн” тухайгаа ярилаа.
Кино ч бодит амьдралаас эхтэй гэдэг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бодит байдал дээр нийгмийн харилцаанд оролцоход олон төрлийн “Шат” тулгардаг гэдгийг Б.Даваасүрэн хэлсэн юм.
Тэрбээр “Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай орчин, хүртээмж тун хомс. Өглөө гэрээсээ гарахаас эхлээд төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүртэл хүнд суртал, тусгай орчноос үүдэлтэй асуудал их гардаг. Хүн харахад налуу зам хийчихсэн юм шиг харагддаг ч тэр нь стандартын бус байх нь элбэг. Түүгээр нь ганцаараа байтугай хажуудаа хүнтэй байсан ч дотогш ороход хүндрэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хүртээмжтэй орчныг сайжруулах шаардлага байсаар байхад түүнд ач холбогдол өгч, сэтгэлээсээ хандах хүн цөөхөн” хэмээв.
Б.Даваасүрэн нь хоёр жилийн өмнөөс туялзуур сэлмээр хичээллэж, чамгүй амжилт гаргасан болохыг түүнтэй ярилцах үеэр мэдсэн юм. Спорт хүнийг тэсвэр хатуужилд сургадаг гэлцдэг. Тэрбээр осолд орохоосоо өмнө найман жилийн турш самбо, жудо бөхөөр хичээллэсэн бөгөөд одоо ч спортод үнэнч яваа гэдгээ онцолж байлаа.
Тэрбээр “Олон жил спортоор хичээллэж ирсний хувьд түүнийгээ орхиж чадаагүй. Өөрийн бэрхшээлийг даван гарах хамгийн гол түлхүүр нь миний хувьд спорт байсан. Бэлтгэл хийж, жин хасч, ялж, ялагдаж мөн тамирчин хүнд байх тэвчээр суусны дүнд илүү хурдан нийгэмшиж, бэрхшээлээ даван гарч чадсан гэж боддог. Туялзуур сэлмээр хичээллэж буй хүнийг харахад энгийн мэт харагдах боловч нарийн мэдрэмж, тэвчээр, хурд хүчийг шаарддаг спорт юм” гэлээ.
Туялзуур сэлмээр хичээллэж эхэлснээсээ хойш тэргэнцэртэй иргэдийн холбооноос зохион байгуулсан дөрвөн тэмцээнээс хоёрт нь түрүүлж, хоёрт нь хүрэл медаль хүртсэн аж. Мөн олон улсын тэмцээнд явах төлөвлөгөөтэй байсан боловч цар тахлаас шалтгаалан боломжгүй болсон гэнэ.
Б.Даваасүрэн эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн тэргүүн, эцэг хүний үүргээ биелүүлэхээр цаг минут тутам зүтгэж буй нэгэн. Хүн амьсгалж л байвал амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй хэмээн ярих түүнийг амьдралд хайртай нэгэн гэдгийг улам батлах шиг.
Тэрбээр “Ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд хэсэг хугацаанд өөрийгөө нийгмээс ангид байлгах, бусдаас санаа зовох, нэг талаар хайрцаглачихдаг гэхэд болно. Гэтэл амьдралд олон сорилттой нүүр тулах үе гардаг шүү дээ. Сэтгэлийн хаттай байж, бэрхшээлээ даван гарна гэсэн итгэлээ алдахгүй байх нь чухал.
Өөрийгөө “цоожлох” нь сэтгэл санаа, бие организмын алинд ч эерэгээр нөлөөлөх зүйл биш шүү дээ. Иймээс сэтгэлээр унаж суухын оронд нийгэмд оролц, найз нөхөдтэй болж тэдэнтэйгээ харилц. Хүн нийгмийн амьтан гэдэг хойно” хэмээв. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм өрөвдөх бус үнэлдэг байгаасай гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ