Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос сайн дураар ажиллах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс /2021.04.18/ бүртгэж эхэлжээ.
Сайн дурын ажилчид халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж, утасны оператор хийх, гэртээ тусгаарлагдаж буй халдвартай хүмүүсийн биеийн байдалд зайнаас хяналт тавих аж. Сайн дураар ажиллах сонирхолтой иргэдийн хувьд эмч, эмнэлгийн ээлжийн болон гавьяаны амралтад гарсан хүмүүс байвал давуу тал болох аж.
Учир нь гэрийн тусгаарлалтад буй иргэдийн биед илэрч буй шинж тэмдэгт анхан шатны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх шаардлагатай юм байна. Тиймээс ажиллах хүсэлтэй иргэдийг богино хугацааны сургалтад хамруулах асуудал мөн тулгарчээ.
Улаанбаатар хотод халдварын тохиолдол нэмэгдэж, ойрын хавьтлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн байгууллагын нөөцийн асуудал яригдаж байгааг албаныхан мэдээлсэн.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Одоогийн байдлаар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Covid-19 халдвараар өвчилсөн. Тэдгээр алба хаагчдын зарим нь эдгэрсэн хэдий ч биеийн байдал нь хүнд олон хүн байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед нэмэлтээр ор гаргах боломжтой ч эмнэлгийн байгууллагын хүний нөөц дутагдалд орох эрсдэлтэй байна. Халдвараар өвчилсөн тохиолдолд эмчилгээний хувьд арга нь олдох хэдий ч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн хомсдолд орох эрсдэл өндөр байгааг анхааруулж байна” гэсэн юм.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХАМГИЙН ОЛОН ХҮН COVID- 19 ХАЛДВАР АВЧЭЭ
- Баянзүрх- 4787
- Сонгинохайрхан- 3100
- Баянгол- 2910
- Хан-Уул- 2614
- Сүхбаатар- 1834
- Чингэлтэй- 1516
- Налайх- 254
- Багануур- 89
- Багахангай- 9
- Судлагдаж буй 1761 тохиолдол байгаа аж.
Иймээс нийслэлийн хүн амын хамгийн их суурьшсан Баянзүрх дүүрэгт Covid-19 халдвартай холбоотойгоор гэрийн ажиглалт, тусгаарлалтад буй хүмүүст хяналт тавих, зөвлөгөө өгөх ажилчид шаардлагатай болсон байна.
Энэ талаар хариуцаж буй мэргэжилтнээс тодруулахад “Манай дүүрэгт батлагдсан халдварын тохиолдол өндөр байна. Үүнээс гадна дүүрэгт харъяалагддаг иргэдийн тоо олон учраас эрсдэлт бүлгийнхэнд эмч болоод албаны хүмүүс тулж ажиллахад хүрэлцэхгүй байгаа юм. Иймд сайн дураар ажиллах үйл ажиллагаанд нэгдэхийг хүссэн иргэд 99992456 дугаарт холбогдохыг хүсч байна. Хүмүүс цалингүй гэхээр төдийлөн сонирхохгүй байж болох ч эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулна гэдэг бол туйлын чухал ажил гэдгийг иргэд маань ойлгоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.
УОК-оос сайн дурынхныг ажиллуулах ямар нэг журам байгаа эсэхийг асуухад одоогоор бидэнд албажиж гарсан баримт бичиг байхгүй. Гэхдээ олон улсын туршлагаас харахад Японд ямар нэгэн гамшигт үзэгдлийн тохиолдолд сайн дурынхны идэвх маш өндөр оролцоотой байдаг аж. ДЭМБ-аас сайн дурынхныг цар тахлын үед ажиллуулахад асуудалгүй хэмээн үзсэн байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ