Токио-2020 олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн Казахстан улсын Алматы хотод дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болж, Монгол Улс олимпийн таван эрх авч, нийтдээ долоон эрхтэй болсон билээ. Тэгвэл энэ тэмцээнийг залгуулаад Алматы хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, өчигдөр/2021.04.18/ өндөрлөлөө.
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА АЗИДАА ТЭРГҮҮЛЛЭЭ
Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл хоёр өдрийн турш Алматы хотын Балуан Шолак аренад явагдсан. Монгол Улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй бүтэн багаа сойж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл хүртэн нийт долоон медальтай тэмцээнээ өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн, 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Харин тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медаль хүртэв.
Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрнүүд болох БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн бол Япон улс алдартай тамирчдаа илгээсэнгүй. Монголын эмэгтэй тамирчид 173 оноотой багийн дүнгээр түүхэндээ анх удаа тивдээ тэргүүлсэн бол Энэтхэг 168 оноотой, Казахстан 156 оноотой тус тус удааллаа.
МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
"Алматы-2021" чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, Монгол Улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 74 кг-ын жинд ОУХМ З.Сумъяабазар хүрэл медаль, 92 кг-ын жинд ОУХМ М.Цогтгэрэл мөнгөн медаль, 125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медаль тус тус хүртжээ.
Д.Хүдэрбулга Азийн аваргаас зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медаль хүртэж байлаа. Мөн М.Цогтгэрэл өнгөрсөн жил Азийн аваргаас хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, мөнгөн медаль хүртсэн юм.
Азийн аваргын эрэгтэй багийн дүнгээр Иран улс 179 оноотой тэргүүлсэн бол тэдний араас Энэтхэг, Казахстан зэрэг улсууд удаалжээ. Харин Монгол Улсын хувьд 98 оноотой багийн дүнгээр долдугаар байрт жагсав.
Монгол улс Азийн аваргаас нийтдээ 10 медаль хүртэж, багийн дүнгээр зургадугаар байр эзлэв.
ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ДЭЛХИЙН ТЭМЦЭЭН ҮЛДЛЭЭ
ДАШТ болон тивийнхээ эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ авч чадаагүй тамирчдын сүүлийн боломж болох олимпийн эрх олгох дэлхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгар улсын нийслэл Софи хотод явагдана. Монгол улс одоогоор чөлөөт бөхийн спортоор олимпийн долоон эрх аваад буйг дээр дурдсан. Тэгвэл дахин таван эрх авах боломж бий. Энэ таван эрхийн төлөө дараах тамирчид өрсөлдөнө.
Эрэгтэй тамирчид:
- 57 кг: Т.Түвшинтулга
- 74 кг: Б.Бат-Эрдэнэ
- 86 кг: Г.Ганхуяг
- 97 кг: Ө.Батзул
Эмэгтэй тамирчид:
- 62 кг: С.Цэрэнчимэд
Монгол улсад чөлөөт бөхийн олимпийн эрх авчраад буй тамирчид
- Эрэгтэй 65 кг – Т.Тулга
- Эрэгтэй 125 кг – М.Лхагвагэрэл
- Эмэгтэй 50 кг – Ц.Намуунцэцэг
- Эмэгтэй 53 кг – Б.Болортуяа
- Эмэгтэй 57 кг – Б.Хонгорзул
- Эмэгтэй 68 кг – С.Батцэцэг
- Эмэгтэй 76 кг – О.Бурмаа
Чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус холбоонд нь олгодог. Тэгэхээр дээрх тамирчид олимпод оролцох уу эсвэл өөр тамирчид оронд нь оролцох уу гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ. Т.Тулгын хувьд Г.Мандахнарантай нэг жинд хүч үздэг.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын чөлөөт бөхийн тамирчид Болгарын Софиг зорино.
Дашрамд сонирхуулахад, Алматы хотноо Ази тивийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний үеэр Азийн бөхийн холбооны хурал болж, Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П. Буяндэлгэр Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдсон.