Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна

Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй ярилцлаа.


-Дэлхийн банкнаас жилд хоёр удаа Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн тоймыг гаргадаг. Цар тахлын улмаас гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн энэ үед Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, ойрын төлөв байдал ямар байна вэ. Цаашдын эдийн засгийн төлөвийг Дэлхийн банк хэрхэн харж байгаа бол?

-Covid-19 цар тахал нь Монголын эдийн засагт их өргөн хүрээнд, хүчтэй нөлөөлж улмаар 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ нь 1990-ээд оноос хойших хамгийн том уналтад тооцогдож байна. Тухайлбал, дэлхийн зах зээлд голлох түүхий эдүүдийн эрэлт буурч, Хятад улс руу экспортолдог голлох боомтууд хаагдсан нь уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засагт ноцтой цохилт боллоо. Цар тахлыг хумих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эрүүл мэндийн ноцтой хохирол амсах эрсдэл 2020 онд буурсан хэдий ч энэ нь эргээд дотоод эдийн засагт, тэр дундаа үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөллөө.

Засгийн газраас цар тахлыг даван туулах арга хэмжээгээ үргэлжлүүлж, иргэд, ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь дотоод эрэлтийг тэтгэх бол гадаад орчин сэргэж, вакцинжуулалтыг дагаад иргэд, ААН-үүд шинэ нөхцөлд дасан зохицсоноор 2021 онд эдийн засаг сэргэх төлөвтэй байна.

-Дэлхийн банк Монголын эдийн засгийг сэргэх төлөвтэй, энэ онд 6.8 хувьд хүрнэ гэж өөдрөгөөр төсөөлсөн байна. Тэгвэл учирч болох эрсдэлүүд юу вэ?

-Дээр дурдсанчлан, Монголын эдийн засаг 2021 онд сэргэж, 6.8 хувиар өсөх хүлээлттэй байна. Гэхдээ өсөлтөд нөлөөлж болохуйц хэд хэдэн эрсдэл байна. Тухайлбал, дотоодод болон дэлхий дахинд цар тахлын дараа дараагийн давлагаа бий болох, түүнтэй холбоотойгоор илүү хатуу, урт удаан хөл хорио тогтоох явдал нь эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулах гол сөрөг эрсдэл болж байна. Түүнчлэн, зээлийн чанар муудаж улмаар банкны системийн эрсдэлийг нэмэгдүүлэх, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарт хүндрэл үүсэх зэрэг бусад эрсдэлүүдийг дурдаж болно.

"ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ГОЛ СӨРӨГ ЭРСДЭЛ БОЛЖ БАЙНА"

-Цар тахлын эсрэг Засгийн газрын сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн реформын шинжтэй хөтөлбөрүүдийг үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Засгийн газраас авч хэрэгжүүлсэн орлого дэмжих, зардлыг бууруулах хэд хэдэн арга хэмжээ нь Covid-19 цар тахлын иргэд, ААН-үүдийн санхүүд үзүүлэх сөрөг нөлөөг сааруулахад тус дэмтэй байсан байна. Тухайлбал, Дэлхийн банк болон ҮСХ-оос хамтран хийсэн утсанд суурилсан өрхийн цуврал судалгааны үр дүнгээс харахад Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэх мэт орлого дэмжих арга хэмжээнүүд нь дундаас доогуур орлоготой өрхүүдэд томоохон дэмжлэг болсон байна. Харамсалтай нь дээрх арга хэмжээнүүдийн үлэмж зардал нь Зүүн Ази Номхон далайн орнуудын дунд хамгийн өндөрт тооцогдож байгаагийн зэрэгцээ улсын төсөвт томоохон дарамт боллоо.

Монгол Улс сүүлийн гурван жилд төсвийн бодлогын орон зайг нэмэгдүүлж чадсан хэдий ч 2020 онд төсвийн алдагдал огцом тэлж, дээрх орон зай алга болоод байна. Ингэснээр сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байсан засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 2020 онд эргэн нэмэгдэж байна.

-Гадаадын орнууд иргэддээ мөнгөн дэмжлэгийг ямар байдлаар үзүүлж байгаа вэ. Ер нь иргэддээ бэлэн мөнгө тараах нь зөв бодлого мөн үү?

-Нийгмийн эмзэг, ядуу бүлгийн иргэдийг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд нийгмийн халамж, дэмжлэгийн олон төрлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Гэхдээ энд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэлбэр, хэмжээ нь Covid-19 цар тахлын хямралын цар хүрээнээс шалтгаалан улс бүрийн хувьд харилцан адилгүй байгаа юм.

Хэдийгээр бүх улсын хувьд тохирох, тусламж, дэмжлэгийн оновчтой хэм хэмжээ гэж байхгүй боловч эдийн засгийн өнөөгийн дэмжлэгийг зогсоох уу эсвэл үргэлжлүүлж улмаар төсвийн алдагдал, улсын өр нэмэгдэх, ирээдүйд үүсэх төсвийн тогтворгүй байдлын эрсдэлийг хүлээх үү гэдэг хоёр сонголтыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг хүнд сорилттой улс орнууд тулаад байна. Хоёр дахь сонголтын нөлөөгөөр ирээдүйд үүсэх эрсдэл нь ялангуяа төсвийн алдагдал болон улсын өр нь өндөр, гадаад валютын их хэмжээний зээлтэй, санхүүгийн систем нь эмзэг улс орнуудын хувьд харьцангуй том байхаар байна.

-Covid-19 цар тахлын эдийн засагт учруулах бодит эрсдэл өндөр байна. Ялангуяа, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдах эрсдэлтэй. Яг энэ үед төр засгаас ямар арга хэмжээ авбал зохих тухайд Дэлхий банк юу зөвлөх вэ?

-Дэлхийн банк 2019-2021 онуудад аж ахуйн нэгжийн цуврал хэд хэдэн судалгааг хийгээд байна. Судалгааны үр дүнгээс харахад, Монголын аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хүндхэн үеийг туулж байгаа бөгөөд нэлээдгүй хувь нь өөрсдийн бэлтгэн нийлүүлэгч, харилцагч байгууллагууддаа төлөх төлбөрөө хойшлуулжээ. Харин энэ хямралын нэг эерэг нөлөө гэвэл ихэнх аж ахуйн нэгж эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааг цахимжуулж, шинэ нөхцөл байдалд гайхалтай уян хатан байдлаар зохицож чадаж байгаа явдал гэж хэлэхээр байна. Түүнчлэн, цар тахлын үеэр үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь нийгэм дэх тодорхой бус байдал намжвал эргээд бизнесээ нээнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байна.

-Манай төсвийн бодлого зөв явж чадаж байгаа юу. Төсвийн шинэчлэлтийг хийнэ гэж ярьдаг ч төсвийн алдагдал өндөр хэвээр байгаа?

 –Монгол Улс 2017-2019 онуудад төсвийн алдагдал, өрийг бууруулах бодлого хэрэгжүүлж төсвийн бодлогын нэлээд том орон зайг бий болгож чадсан. Үүнийхээ ч ачаар 2020 онд Covid-19 цар тахлын хариуд төсвийн томоохон арга хэмжээнүүдийг авах боломжтой болсон. Ийнхүү 2020 онд төсвийн алдагдал тэлсэн ч 2021 оны батлагдсан төсөвт алдагдлыг эргүүлэн бууруулахаар төлөвлөж байна. Харамсалтай нь хөл хорио тогтоох шаардлага нэмэгдэж байгаа нь дээрх зорилтод хүрэхэд хүндрэлтэй болгож болзошгүй.

Бусад орнуудын адил Монгол Улс ч мөн Covid-19 цар тахлын дараа төсвийн алдагдлыг бууруулж, бодлогын орон зайг нэмэгдүүлэх хүндхэн сорилттой тулахаар байна. Үүний тулд цар тахлын үед олгосон татварын хөнгөлөлтүүд, зардал нэмэгдүүлсэн арга хэмжээнүүдийг зогсоох шаардлагатай болно.

"ДЭЛХИЙН БАНК  50.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ  ВАКЦИНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОЛГОСОН"

-Гадаадын хөрөнгө оруулалтуудыг татах тал дээр Монгол идэвхтэй ажиллаж чадаж байна уу. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Хөрөнгө оруулагчдын итгэл нь макро эдийн засаг, хууль эрхзүй, улс төрийн тогтвортой байдал зэрэг бизнесийн орчны тогтвортой, тааварлагдахуйц байдлыг илтгэх олон хүчин зүйлээс хамаарна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд ахиц болсон сүүлийн үеийн нэг гол хүчин зүйл бол Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас амжилттай гарсан явдал юм. Гэсэн хэдий ч, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох тал дээр Монгол Улс илүү ихийг хийх шаардлагатай байна. Ялангуяа, хөрөнгө оруулагчидтай холбоотой аливаа маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, дотоод болон гадаад хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүй байх чиглэлээр хууль эрхзүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих салбаруудыг тодорхой болгох зэрэгт онцгойлон анхаарах нь зүйтэй.

-Монголбанкны хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд нь Covid-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах үр дүнтэй байна. Инфляц зорилтот түвшнээс доогуур байж, гадаад секторын дарамт сул байсан нь бодлогын төлөвийг 2020 онд  сулруулах орон зайг бүрдүүлж өглөө. Харин цаашдаа инфляцын дарамт, импорттой холбоотойгоор гадаад секторын дарамт нэмэгдэх эрсдэлтэй үед Монголбанк дунд хугацаанд бодлогын төлөвөө чангаруулах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Уул уурхайн баялгаас хараат, тогтворгүй эдийн засагтай Монгол Улсын хувьд гадаад валютын хангалттай нөөцийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг онцолмоор байна.

-Уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг танайхаас зөвлөж байсан. Энэхүү зөвлөмжийг нь Монголын эрх баригчид хэр анхаарч байна вэ?

 –Дэлхийн Банк 2020 онд гаргасан "Уул уурхай ба оюун ухаан" тайландаа илүү төрөлжсөн, тогтвортой өсөлттэй эдийн засгийн суурийг бүтээхийн тулд Монгол Улсад авч хэрэгжүүлэх бодлогын хэд хэдэн зөвлөмжийг тусгасан. Эдгээр нь дан ганц эдийн засгийн өсөлт гэхээс илүүтэй ажлын байрыг бий болгоход ч мөн чиглэсэн юм.

Тухайлбал, уул уурхайн бус салбар эрчимтэй хөгжсөнөөр эдийн засгийн уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулаад зогсохгүй монголчуудад бүтээмж өндөртэй хөдөлмөр эрхлэх боломжийг ч мөн бий болгох юм. Хэтийн энэ зорилтод хүрэхийн тулд уул уурхайгаас олсон орлогын нэлээдгүй хувийг Монгол Улс өөрийн оюун ухаанд хөрөнгө оруулах чиглэлээр бодлогын суурь өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж тус тайланд дурдсан байгаа. Тодруулбал, оюун ухаан буюу хүмүүн капитал, институтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын уул уурхайгаас хараат байдлыг бууруулах юм.

-Дэлхийн банкнаас Covid-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монголд хэдэн төгрөгийн санхүүжилт олгосон бэ?

-Mонгол Улсад Covid-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд эрүүл мэндийн салбар цар тахлын эсрэг түргэн хариу арга хэмжээ авахад нь дэмжлэг болох үүднээс Дэлхийн Банк 26.9 сая ам.долларын санхүүжилт болон вакцины хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах зорилгоор 50.7 сая ам.долларын санхүүжилтийг олгосон.

Түүнчлэн цар тахалтай нүүр тулан ажиллаж буй ажиллагсдын хамгаалалтын хэрэгсэлд зориулан ойролцоогоор нэг сая ам. долларын буцалтгүй тусламжийг үзүүлээд байна. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа өөр хэд хэдэн салбар дахь арга хэмжээг дэмжин ажилласан бөгөөд үүнд нийгмийн хамгааллын салбарын шинэ төсөл болон боловсрол, засаглал, ЖДҮ-үүдийг дэмжих чиглэлд хэрэгжиж байсан төслүүдийн санхүүжилтийг дахин хуваарилж, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон илүү зорилтот үйл ажиллагааг дэмжихэд зориулсан зэрэг багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж