МАН-ын найдвар УИХ уу, Цэц үү?

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын найдвар УИХ уу, Цэц үү?

МАН-ын найдвар УИХ уу, Цэц үү?

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг гаргав. Энэ шийдвэр гарахын өмнө улс төрийн хүрээнд хамгийн их маргаан дагуулж, Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг өөрийн биеэр Цэц дээр очиход хүргэсэн нь ямар их анхаарал татахуйц шийдвэр байсан бэ гэдгийг харж болно.  Нөгөө талд нь эрх баригч МАН. Үндсэндээ  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг тодорхойлох чухал асуудлыг Цэц хэлэлцэж шийдвэр гаргасан. Гэхдээ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр бүх зүйлийг эцэслэхгүй. Одоо УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах уу.

Хэрэв УИХ хүлээж авбал өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно. Харин УИХ хүлээж авахгүй, Үндсэн хууль зөрчөөгүй гэвэл асуудал Цэцийн Их суудлын хуралдаан руу буцна. Харин Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг.

УИХ ямар шийдвэр гаргах, Цэцийн Их суудал руу буцах эсэхээс үл хамаарч хугацаа байга үлдсэн. Ердөө сар гаруйн дараа 2021 оны  Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээс хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдана.

Хэрэв УИХ Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авч, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болно. Тэгвэл процессын хувьд УИХ-ын Дэгийн тухай хуулийн 85-р зүйл заалтаар зохицуулагдана. Тус заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж тодотгож өгсөн.

УИХ-ын Дэгийн тухай хууль /2020 оны нэмэлт, өөрчлөлт/:

  • 82.2.5 хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах.
  • 82.2.6 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол эдгээр шийдвэр хүчингүй болсонд тооцох.

Өөрөөр хэлбэл, УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. Ингэхдээ одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон цаашид нэр дэвшихгүй гэх заалтыг нэр дэвшигчдэд тавигдах шаардлага дээр нэмж, тусгах боломжтой юм. Гэхдээ УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл өөрсдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан гэсэн үг. Гэхдээ тэдэнд өөрсдөө бус Цэцийн Их суудал руу буцаах боломж бий. Хэрэв Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой дунд суудлын хуралдааны шийдвэрээ хэлэлцэнэ. Гэхдээ Цэцийн их суудлын хуралдаанаар дунд суудлын хуралдааны шийдвэрээ бататгадаг “уламжлалтай” гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН, УИХ олны хэл амнаас зугатаж, Цэцийн Их суудал руу асуудлыг шидчихвэл, Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас хүссэн, хүсээгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явна. Цэцийн шийдвэр албажиж, УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай. Тиймээс ирэх өдрүүдэд УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэж эхлэх болов уу.

Цэц дээр асуудал гурван сарын хугацаанд сунжирч, дунд нь Цэцийн гишүүний томилгоог хийж, хориг тавьсан гэхээр хуулийн маргаан шийдвэрлэхээс илүү МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын улс төрийн “зодоон” байлаа. Маргаж, талцаж эцэст нь МАН олонхоороо дунд суудлын хуралдааныг хуралдуулж, шийдвэрээ гаргуулсан. Харин одоо эрх баригч, олонхын бүлэг цаашид асуудлыг үргэлжлүүлнэ. Мэдээж Ерөнхийлөгч зүгээр хараад суухгүй л болов уу. Асуудал хаа хүрэх, хэний талд гарахаас үл хамаарч, нам ,эвслүүд Ерөхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хугацаа хаяанд ирснийг сануулая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж