Спутник-V вакцин Европыг хагаралдуулав

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Спутник-V вакцин Европыг хагаралдуулав

Спутник-V вакцин Европыг хагаралдуулав

ОХУ нь дотооддоо үйлдвэрлэсэн “Covid-19” цар тахлын эсрэг вакцинаа Спутник-V гэж нэрлэсэн нь учиртай. Хүн төрөлхтөний бүтээсэн анхны хиймэл дагуул болох Спутникийг Зөвлөлт Холбоот улс бүтээж, 1957 онд хөөргөсөн нь хүйтэн дайны үед Москвагийн шинжлэх ухаан, технологийн хүчин чадлын нотолгоо болж, Барууны их гүрнүүдийг “шок”-нд оруулж байв.

Энэ жишгээр ОХУ нь өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр “Covid-19” цар тахлын эсрэг анхны вакциныг бүтээснээ зарлаж, бүртгэсэн. Тухайн үед ОХУ-д бүтээсэн вакцины үр дүнд эргэлзэх улс олон байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эргэлзээ арилж, ОХУ-ын эрдэмтэд дахин Барууныхныг гайхашруулав.

ОРОСЫН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫН ЗЭВСЭГ

Өнгөрсөн онд өрнөсөн “Covid-19” цар тахлын эсрэг вакцин гаргаж авах олон улсын тэмцэл нь 1950-д оны сансрын өрсөлдөөнтэй төстэй гэж хэлж болно. Гадаадын орнууд дахиад л ОХУ-ыг дутуу үнэлсэн. Харин тус вакцин ОХУ-ын хувьд үеийн үед уламжлагдах зөөлөн хүчний бодлогын зэвсэг болох боломжтой. Боломжтой гэдэг нь хараахан Европын эмийн агентлагаас Спутник-V вакциныг батлаагүй байгаа юм. Хэдийгээр ДЭМБ болон Европын эмийн агентлаг зэрэг олон чухал байгууллагаас батламж, зөвшөөрөл аваагүй байгаа ч хэдийнэ олон улсаас захиалга авч, нийлүүлээд эхэлсэн. Тэр ч бүү хэл Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг орнууд ч Спутник-V вакциныг авах гэрээ байгуулсан гэдгийг Москва мэдэгдсэн юм. Гэвч Аргентины Ерөнхийлөгч Алберто Фернандез өнгөрсөн нэг, хоёрдугаар сард Спутник-V вакцины хоёр тунг тариулсны дараа энэ сарын эхээр Covid-19-ийн халдвар авсан нь батлагдсан. Тиймээс Гамалей институтын батлан мэдэгдсэн 91.6 хувийн үр дүн бодитой байсан ч үлдсэн хэдхэн хувьд эрсдэл агуулагдаж байгааг мартаж болохгүй.

ЕВРОПЫН ХОЛБООНД АСУУДАЛ ҮҮССЭН ШАЛТГААН

Спутник-V вакцин Европт цар тахлын гэхээс илүү улс төрийн асуудал үүсгэсэн. Тухайлбал, Европын холбооны орнууд ОХУ-тай харилцах харилцаанд нэгдмэл байр суурь, нэгэн ижил дуу хоолойтой байж чадахгүй байна. Европын холбооны орнуудын байр суурь зөрчилдөх болсон нь зарим талаараа түүхэн болон газарзүйн шалтгаантай. Ялангуяа, Украинд 2014 онд өрнөсөн улс төрийн үйл явдлаас хойш Зүүн Европын орнууд ОХУ –ыг орчин цагийн жинхэнэ заналхийлэл гэж үзэх болсон юм. Португаль, Малта зэрэг орнуудыг бодвол Литва, Польш улсууд ОХУ-ыг аюул, заналхийлэл гэж харах нь илүүтэй. Үүний зэрэгцээ Украины хил дээр цэргийн хүчээ төвлөрүүлсэн, сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хордуулсанд Москваг шийтгэх хүсэл, нөгөө талд ОХУ-аас байгалийн хий импортогч гэх статусынхаа тэнцвэрийг Европын холбоо олж чадахгүй байна. Энэ бүх ээдрээтэй асуудал дээр ОХУ-ын вакцины нийлүүлэлтэд хэт түшиглэх нь тэнцвэрийг хангахад улам түвэгтэй болгож байгаа аж.

Хэдийгээр Европын эмийн агентлагаас Спутник-V вакциныг хэзээ бүртгэх нь тодорхойгүй гэж мэдэгдсэн ч цар тахлын эсрэг дархлаажуулалтаа эрчимжүүлэхийн тулд Европын зарим орнууд ОХУ-тай гэрээ байгуулаад эхэлжээ. Тухайлбал, Унгар улс нь хэдийнэ Спутник-V вакциныг худалдан авч, дотооддоо хэрхэн хуваарилах талаар хэлэлцэж байгаа бол Франц, Герман зэрэг улсууд Европын эмийн агентлагаас зөвшөөрөл олгомогц худалдан авахаар зэхэж байна. Унгар улс нь хараат бус гишүүн орны эрхээ ашиглан Спутник-V вакциныг яаралтай нөхцөлд ашиглах журмын дагуу худалдан авчээ. “Carnegie Europe” сэтгүүлд ажиллаж буй  Францын дипломат Пьер Вимонт хэлэхдээ “Европын холбоо Спутник-V вакцины хувьд хэт туйлшрахаас болгоомжилсон хандлагатай байгаа нь Оросын шинжлэх ухааны өндөр чадварыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм” хэмээжээ.

СПУТНИК-V ХЭРХЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАВ?

Словакийн Ерөнхий сайд асан Игорь Матович нууцаар 200 мянган тун орос вакциныг импортолсноосоо болж суудлаасаа огцорсон. Тэрбээр эрх барих эвслийн нөхөдтэйгөө зөвлөлдөлгүй бие даан шийдвэр гаргаснаас болж өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр огцорчээ. Үүний дараа ОХУ-аас Братислава руу илгээсэн вакцин нь бусад орнуудад илгээснээр өөр байсан хэмээн Словакийн эрдэмтэд мэдэгдсэн нь маргаан дагуулсан юм. Улмаар ОХУ-аас тэднийг худал мэдээлэл тараасан хэмээн буруутгаж, нийлүүлсэн вакцинаа буцаан нэхсэн билээ. Гэтэл Унгар улс нь ОХУ-ын вакциныг хүлээн зөвшөөрсөн нь нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж