Аризона мужийн цөлд криогенийн аргаар хөлдөөсөн 146 хүн эргэн амилах өдрөө хүлээсээр буй. Тухайлбал, тансаг Финикс хотын ойролцоо “Alcor Life Extensions” сан байрлах агаад, тэнд нас барахынх нь өмнө амжиж хөлдөөсөн 146 хүн байдаг гэнэ. Цогцсыг моргт хийн муутгахгүй хадгалдагтай ижил зарчмаар тэдгээр хүмүүсийг амжиж хөлдөөн, тэр цагаас хойш бага хэмд хадгалснаар эргэн гэсгээх үед яг тухайн үеийнхээ байдалд эргэн аваачих боломжтой хэмээн эрдэмтэд үзжээ.
Тус сангийн албан ёсны цахим хуудас дээр “Ийнхүү хүнийг хөлдөөх нь тухайн үйлчлүүлэгчийн үхэх үйл явцыг зогсоож, бага хэмд удаан хадгалснаар хожим эрүүл мэндийн салбар илүү хөгжсөн үед гэсгээн эмчлэх зорилготой” хэмээн бичжээ.
Өөрөөр хэлбэл онолын хувьд өвчнийх нь эмчилгээ олдож, шинжлэх ухааны хөгжлийн дүнд хөлдөөсөн хүмүүсийг зөв гэсгээх технологи бүтээсэн цагт тэдгээр хүмүүс эргэн амилах боломжтой гэнэ.
Түүнээс гадна дээрх 146 хүн бол бүгд баячууд аж. Учир нь хөлдөөх үйл ажиллагаа гэхэд л дангаараа 200 мянган ам.долларын өртөгтэй агаад түүн дээр хадгалах зардал нэмэгддэг юм байна. Тэдгээр баячуудын нэг нь I дэлхийн дайнд тулалдаж явсан ахмад дайчин Жэймс Бедфорд аж.
Ийнхүү хүнийг нас барахаас нь өмнө хөлдөөн, он удаан жил хадгалсны дараа дахин амилуулна гэдэг бүтэшгүй уран зөгнөл мэт сонсогдож магадгүй. Хэдий тийм ч энэ талын судалгаа маш амжилттай үргэлжилж байгаа гэнэ. Жишээлбэл 2016 онд эрдэмтэд криогенийн аргаар хөлдөөсөн туулайны тархийг амжилттай гэсгээж чаджээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ