НЭМЭЛТ:
ОУХМ Д.Хүдэрбулга 125 кг-ын жинд Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор (10:0) цэвэр ялснаар Алматын дэвжээнээс хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголын эрэгтэй бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэлтэй тэмцээнээ өндөрлүүлэв.
Д.Хүдэрбулаг Азийн аваргаас зургаа дахь медалиа хүртэж байгааг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медалийг хүртэж байсан аж.
НЭМЭЛТ:
ОУХМ М.Цогтгэрэл Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Ираны Камран Гасемпуртай барилдаж, оноогоор цэвэр (0:10) ялагдав. М.Цогтгэрэлийн хувьд шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд залуучуудын Азийн аварга эзэн орны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан юм.
НЭМЭЛТ:
ОУХМ З.Сумъяабазар Азийн аваргын 74 кг-ын жинд Монголын эрэгтэй багийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1 гэсэн харьцаатай ялж хүрэл медаль хүртэв.
З.Сумъяабазар өнгөрсөн жилийн тивийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдаж байсан бөгөөд ийнхүү хоёр дахь оролдлогоороо шагналын тавцанд зогсч байна хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
НЭМЭЛТ:
Алматын Азийн АШТ-д 92 кг-ын жинд хүч үзэж буй ОУХМ М.Цогтгэрэл хагас шигшээ барилдаанд Казахстаны Эльхан Ассадовыг нутагт нь 7:2-оор ялснаар алтан медалийн төлөө барилдахаар болов. Тэрбээр орой шигшээ барилдаанд Ираны Камран Гасемпуртай хүч үзнэ.
Мөн 125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үдлээ. Тэрбээр Узбекистаны Амиржон Нутфуллаевтай барилдах болно. Ийнхүү Монголын гурван бөх орой 20:00 цагт медалийн төлөө барилдах бол 61 кг-д ОУХМ Б.Нэмэхбаяр, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат нарыг ялсан тамирчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.
НЭМЭЛТ:
74 кг-ын жинд зодоглож буй ОУХМ З.Сумъяабазар хагас шигшээ барилдаанаа ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн аварга Нуркожа Кайпановын эсрэг хийж, 2:4 гэсэн харьцаатай ялагдлаа. Ингэснээр тэрбээр орой 20:00 цагт Кыргызстаны Мансур Сиргак Уулутай хүрэл медалийн төлөө барилдана.
НЭМЭЛТ:
92 кг-ын жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ний хүрэл медальт ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг 8:4-өөр яллаа. Тэрбээр хагас шигшээд эзэн орны Эльхан Ассадовтой барилдана.
“Алматы-2021” Азийн АШТ-ний сүүлийн өдөр буюу өнөөдөр/2021.04.18/ эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна. 74 кг-ын жинд ОУХМ З.Сумъяабазар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр шөвгийн наймд Японы Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан. Түүний хагас шигшээгийн өрсөлдөгч Казахстаны Нуркожа Кайпанов, Кыргызстаны Мансур Сырбак Уулу нарын хэн ялсан нь.
61 кг-ын жинд ОУХМ Б.Нэмэхбаяр тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Икромжон Хажимуродовт 6:9-өөр, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга эзэн орны Олег Болтинд 2:3-аар тус тус ялагдлаа.
Харин 86 кг-ын жинд МУГТ П.Өнөрбат БНСУ-ын Ким Гван Укт 0:11-ээр цэвэр ялагдлаа. Хэрэв түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарвал Өнөрөөд дагах барилдаан хийнэ.
Холбоотой мэдээ