Covid-19-өөр 22 хүн нас барж, Үндсэн хуулийн цэц чухал шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр 22 хүн нас барж, Үндсэн хуулийн цэц чухал шийдвэр гаргав

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ХӨЛ ХОРИОНЫ ЭХНИЙ ДОЛОО ХОНОГТ 22 ХҮН НАС БАРЖЭЭ

Энэ дөрөвдүгээр сар гарснаас хойш Covid-19 өвчний халдварын тархалт нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо зарим өдөр 1000 давж, нас баралт огцом нэмэгдээд байна. Улмаар Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон ба энэ хугацаанд иргэн бүрт 300 мянган төгрөгийн тэтгэмж олгосон. Харин хөл хорио тогтоосон эхний долоо хоногт нийтдээ 22 хүн нас барж, 6981 шинэ тохиодол бүртгэгдсэн байна. Covid-19 өвчнөөр  20 настай эрэгтэй өнгөрсөн Мягмар гаригт нас барсан нь хамгийн залуу хохирогч болжээ. Мөн гэрээр тусгаарлалтад байсан таван хүн нас барсан нь олны анхаарлыг татсан. Эцэст нь халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгах журмаа өөрчилж, бүгдийг нь эмнэлэг болон тусгаарлах байруудад авч эмчлэхээр шийдвэрлэлээ. Халдвартай бүх иргэнийг авч эмчлэхийн тулд хэд хэдэн газарт ор дэлгэх асуудал яригдаж байна. Энэ долоо хоногийн халдварын нөхцөл байдлыг харвал,

Ням гаригт 1340 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барсан.

Бямба гаригт шинээр 983 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан.

Баасан гаригт зургаан хүн нас барж, 1107 хүнээс covid-19 илэрчээ.

Пүрэв гаригт 742 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барав.

Лхагва гаригт 1220 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр эрэгтэй нас баржээ.

Мягмар гаригт 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна.

Даваа гаригт гурван хүн нас барж, 704 хүнээс covid-19 илэрчээ.


БҮХ НИЙТИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЗОГСООСОН Ч АХМАДУУДЫГ ВАКЦИНЖУУЛАВ

Хөл хорионы хугацаанд хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэн Улаанбаатар хотод бүх нийтийн дархлаажуулалтыг зогсоосон. Харин хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн эсрэг вакцинжуулах ажлыг энэ хугацаанд явуулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдээс нэгдүгээр тунд 849, хоёрдугаар тунд зургаа, нийт 855 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэний тоо 496470 болжээ.

Нийслэлийн хэмжээнд Covid-19 эсрэг вакцины нэгдүгээр тунд 495478 иргэн, хоёрдугаар тунд 850 иргэн хамрагдсан байна.


УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН БАЙРАНД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

Улсын дээд шүүхийн байранд Сovid-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлав. Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авч байна. Улсын дээд шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, ажилчдаас шинжилгээ авах зэрэг шаардлагатай арга хэмжээг авсны дараа дөрөвдүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд ажиллахаар болсон юм.


УЛСЫН НАЧИН Э.ЭНХБАТ ЭМЧ НАРЫН ХАМТ БНСУ-ЫГ ЗОРИВ

Улсын начин Э.Энхбатыг дөрөвдүгээр сарын 12-нд "Hunnu air" компанийн онгоцоор БНСУ руу авч явлаа. Тархины хүнд бэртэл гэмтлээс шалтгаалан энэ сарын 2-ноос эхлэн бүтэн унтуулга, амьсгалын аппараттай байгаа түүнийг ар гэрийнх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явж байгаа аж. Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж явжээ. Эмч нарын баг өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцаж ирсэн юм.

Эргэн сануулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан юм.

Улмаар Улсын начин Э.Энхбат тархиндаа хүнд бэртэл авсан тул ГССҮТ-д хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт өнөөдрийг хүртэл  эмчлүүлж байсан юм.  Улсын начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан гэх Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.


ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ДАХИН НЭР ДЭВШИХГҮЙ ГЭЖ ШИЙДВЭРЛЭВ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргалаа.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ. Харин хуулийн тавдугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн талаар Үндсэн хуулийн Цэцээс мэдээлэв.

Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж