Хятадын тал “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлэх боломжтой гэжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

Хятадын тал “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлэх боломжтой гэжээ

Хятадын тал “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлэх боломжтой гэжээ

“Оюу Толгой”-н уурхайд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-ын тал тус боомтоор нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоог хязгаарласнаас хойш нэг сарын хугацаа өнгөрөв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар Гаалийн байгууллагаас мэдээлэв.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтоор 40-50, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ руу нэвтэрчээ. Замын Үүд боомтоор өдөрт 25 орчим ачааны автомашин нэвтэрсэн байна.

Энэ сарын 15-нд 100 ачааны машин, мөн төмөр замаар өдөрт дунджаар 22 галт тэрэг бүхий хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улсад орж иржээ.

БНХАУ-ын талаас Монголд өвчлөлийн тоо буурсан тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Монгол Улсад Covid-19-ийн тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан Хятадын талаас ариутгал халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд хийж, шинэ журмаар ажиллаж буй ажээ. Тээврийн жолооч нар өдөр өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж, ачаагаа авч орж буй юм.

Монголоос нийлүүлж буй нийт нүүрсний 58 орчим хувийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор, 35 хувийг Шивээхүрэн-Сэхэ боомтоор гаргадаг.

Монгол Улсын Засгийн газар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-тай харилцан хилийн боомтоо хаасан. Улаар Гадаад харилцааны яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэлэлцээрийн дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс "Ногоон гарц" түр журмыг боловсруулан хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг түр журамд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ачаа тээврийн жолооч нар БНХАУ-ын хилээр орж гарах болон бусад асуудлыг нарийн зохицуулахаар заасан юм.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН “НОГООН ГАРЦ”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ

Нэгдүгээр зүйл. Зорчигчийн хөдөлгөөний талаар

 “Ногоон гарц”-аар зорчигч

Монгол, Хятад хоёр улсын хилийн авто замын боомтоор тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолооч;

Монгол, Хятад хоёр улсын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох инженер техникийн ажилтан, хоёр улсын Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд.

Хэрэгжүүлэх бүс нутаг

Монгол, Хятадын хилийн хуурай замын заасан боомтууд.

Хүсэлт гаргах

Тээврийн машины жолоочийг талуудын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр тэдгээрийн нэрсийг хоёр талын орон нутгийн засаг захиргааны байгууллага харилцан солилцсоны үндсэн дээр шуурхай нэвтрүүлнэ. Олон улсын ачаа тээврийн жолооч нарт визийн зөвшөөрөл олгож, хилийн боомтоор нэвтрэх таатай нөхцөл бүрдүүлнэ.

Тээврийн жолоочоос бусад Монгол Улсын иргэд улсын хилээр зорчихоосоо өмнө өөрийн улсын Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Хятадын талын боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ.

Хятадын талын тээврийн жолоочоос бусад иргэдийг илгээх байгууллага болон аж ахуйн нэгж тухайн боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт гаргаж, ажилтнуудын нэрсийг мэдүүлж, улмаар өөрийн улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол Улсын Онцгой комисст бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ. Хоёр талын холбогдох байгууллага зөвшөөрөл олгосны үндсэн дээр заасан боомтоор нэгдсэн зохион байгуулалттайгаар хилээр нэвтрүүлнэ.

Хил нэвтрэхээс өмнөх эрүүл мэндийн шинжилгээ

Зөвшөөрөл бүхий иргэд хил нэвтрэхээс 72 цагийн дотор талууд харилцан хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн байгууллагад Covid-19-ийн нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, өвчний халдваргүй гэдгээ нотолсон тодорхойлолт авах бөгөөд шинжилгээний бичиг долоо хоног хүчинтэй байна.

Хилээр нэвтрэх үеийн хорио цээр болон тусгаарлалт

Тээврийн жолооч хилээр нэвтэрсний дараа тухайн орон нутгийн халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх байгууллагын хяналт тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчиж, бусадтай аль болох бага харьцана. Ачаа бараагаа буулгаж дууссаны дараа буцаж шуурхай хил гарах бөгөөд тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчсон тээврийн жолооч нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Замын-Үүд-Эрээн, Баянхошуу-Өвдөг, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомтын бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах ажлыг тухайн орон нутгийн захиргаа хариуцах бөгөөд биеийн байдал хэвийн байгааг тогтоосны дараа шинжилгээ авахгүй байж болно. Орон нутгийн захиргаа тээврийн жолоочоос тогтмол хугацаанд нуклейн хүчлийн шинжилгээ авч, хүчинтэй хугацааг тодорхой зааж өгнө.

Холбогдох зорчигчийг хилээр нэвтрүүлэхдээ хоёр талын холбогдох байгууллага (Монголын талаас хилийн мэргэжлийн хяналтын байгууллага, хятадын талаас гаалийн байгууллага) эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглүүлэх, биеийн халуун хэмжих, нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийх болон эмнэлзүйн тандалт, халдварт өвчний судалгаа, эмнэлгийн үзлэг шалгалт зэрэг хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг чанд хэрэгжүүлж, хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлнэ. Зорчигч хилээр нэвтэрсний дараа тухайн улсын халдварт өвчинтэй тэмцэх холбогдох хууль журмыг дагаж мөрдөнө.

Хоёрдугаар зүйл. Ачаа тээврийн хөдөлгөөний талаар

Талууд Монголын талын аж ахуйн нэгж, хувь хүн Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн (Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ) өргөн хэрэглээний бараа, барилгын материал (Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн) авах ажиллагааг улам хялбаршуулах, хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, цахимаар захиалга өгөх, боомтын заасан газарт ачаа бараа хүлээлгэж өгөх зэргээр эрсдэлийг бууруулж, хил нэвтрэх хэмжээг нэмэгдүүлнэ.

2.2 Монголын талаас экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тухайн өдрийн 11:00 цагаас өмнө хилээр нэвтрүүлж, гааль, мал эмнэлэг болон бусад шаардлагатай бичиг баримт үнэн зөв, бүрэн гүйцэд, хүчинтэй тохиолдолд хяналт шалгалтыг түргэвчилсэн горимоор хийж, хорио цээрийн шаардлагыг хангасны дараа гаалийн бүрдүүлэлт хийж явуулна.

2.3 Холбогдох боомт (Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Булган-Такашикэн)-ын тогтоосон бүсэд нүүрс тээвэрлэж буй монголын талын тээврийн хэрэгсэл хятадын хилээр нэвтэрсний дараа бусад хүнтэй харьцахгүйгээр ачаагаа буулгана.

Энэхүү журмыг Covid-19 цар тахлын онцгой дэглэмийн үед түр хугацаанд баримтлан ажиллана. Хоёр тал дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр энэхүү журам нь хүчин төгөлдөр болно. Энэхүү түр журмыг хүчингүй болгох асуудлыг талууд дипломат шугамаар тохиролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж