Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ сарын 15-наас 18-ны хооронд АНУ-д айлчилж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнийг өчигдөр (2021.04.16) Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна. Ингэснээр Сүга Ёшихидэ нь Жо Байденыг Ерөнхийлөгч болсноос хойш түүнтэй биечлэн уулзаж буй анхны гадаадын улсын төрийн тэргүүн болж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалтынхаа үеэр 1960 онд байгуулсан Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний хүрээнд АНУ Японыг цөмийн зэвсэг гэх мэт бүх хэрэгслээ ашиглан хамгаалахад бэлэн байгаагаа нотоллоо гэж хоёр орны удирдагчдын хэлэлцээний дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. Энэхүү баримт бичиг нь Япон, АНУ-ын холбоотны харилцааны хууль ёсны үндэс суурь гэгддэг.
Мөн хамтарсан мэдэгдэлд, Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын төлөө байгаа хэмээгээд, бүс нутагт гарсан аливаа зөрчил, мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхийг уриалсан байна. Энэ нь сүүлийн 52 жилд анх удаа хоёр улсын удирдагчдын хамтарсан мэдэгдэлд Тайванийн талаар шууд дурдсан үйл явдал болж байгаа аж.
Хамгийн сүүлд 1969 онд Японы Ерөнхий сайд Сато Эйсаку, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон нарын хэлэлцээний дараа гаргасан баримт бичигт Тайванийн талаар дурдаж байжээ.
Түүнчлэн Хонгконг болон Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлээд, Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай гэрээний тавдугаар заалтын дагуу Хятад улс өөрийн газар нутаг гэж нэхэмжилдэг Сенкаку аралд хамааралтай болохыг нотолсон байна.
Байден, Сүга нар мөн Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хууль бус үйл ажиллагаа, нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлыг олон улсын хууль, тогтоомжийн дагуу зохицуулж, далай тэнгист чөлөөтэй зорчих байдлыг одоо хэрэгжиж буй НҮБ-ын Конвенцын хүрээнд баталгаажуулах ёстой хэмээн мэдэгджээ.
АНУ болон Японы төрийн тэргүүнүүд мөн урьдын адил Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг биелүүлэхийг тус улсад уриалсан байна. Үүний дараа тэд төрийн эргэлт гараад буй Мьянмар улсын асуудлыг хөндөж, Мьянмарын цэрэг, цагдаа нар энгийн иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж байгааг эрс буруутгажээ.
Талууд цаашлаад хоёр орны эвслийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, Covid-19 цар тахал, дижитал технологи зэрэг олон салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: KYODO NEWS
Холбоотой мэдээ