Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭВШИХГҮЙ ГЭХ ЗААЛТЫГ З.ЭНХБОЛД ЗОРИУД ХИЙСЭН ГЭЖ ХАРЖ БАЙНА"
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш (2021.04.16) товлогдсон. Энэ хуралдаанаар нэр бүхий иргэдийн гаргасан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон бусад асуудлаар хууль зүйн доктор (Ph.D) А.Бямбажаргалтай ярилцлаа.
-2019 онд УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалтаар иргэд Цэцэд мэдээлэл гаргасан. Мэдээлэл гаргагчид одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс нэр дэвших эрхгүй гэдэг заалтыг хуульд оруулах ёстой гэсэн. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг заавал Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгах ёстой гэж харж байна уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц улс төрийн бүхий л төвшинд хийгдсэн зөвшилцөл, судлаачдын сүүлийн 20 гаруй жилийн судалгаа, давхардсан тоогоор дөрвөн сая иргэний санал, анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, сүүлийн гурван парламентын тасралтгүй ажлын дагуу хийгдсэн. Ялангуяа энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хувь заяаг шийдсэн хүмүүс бол яах аргагүй Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн гэх ажлын хэсэг гэж хэлэхэд болно. Учир нь Үндсэн хуулийн аль хэсэгт ямар нэмэлт, өөрчлөлт оруулахыг уг ажлын хэсэг шийдэл гаргаж, бидний хувьд мэргэжил, арга зүйн хувьд дээрх саналуудын болох, болохгүйд л оролцож тусалсан төдий шүү дээ. Энэ дагуу одоо үүсч буй өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан таван иргэний нэр дэвших эрхийг хязгаарлах асуудал анх 62 гишүүний өргөн барьсан төсөлд өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан хоёр хүн буюу 8 жил ажилласан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар нэр дэвших эрхгүй байдлаар буюу Үндсэн хуулийн 30.2 дах хэсгийг 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу дөрвөн жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвшиж, улмаар нэг удаа улиран сонгогдож болох байсан гэсэн үг. Тэгвэл энэ зүйлийг нэгэнт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих буюу процедур тогтоож өгч буй гол хуульдаа хассан учир түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хэнд ч ойлгогдохоор, ялангуяа Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэхдээ нэг мөр ойлгож, хууль хэрэгжүүлэх шаардлагатай тул иргэд Цэцэд уг зүйлийг хуулиар зохицуулахгүй эс үйлдлийг хууль тогтоогч хийсэн байна гэж л хандсан хэрэг. Үүнийг дэлхий дахинд эрх зүйн хэм хэмжээний негатив хяналт гэж нэрлэдэг. Манай цэцийн практикт ч ийм агуулга бүхий шийдвэр цөөнгүй бий. Онолын хувьд ч тэр, практикийн хувьд ч тэр Үндсэн хуулийн Цэц хуулийн хийдлийг арилгаж буй байдал бөгөөд ийм төрлийн шийдвэр гаргаснаараа Цэц хууль тогтоогч болж буй хэрэг биш юм.
-Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн шүүх. Гэтэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй гэх заалттай холбоотойгоор Цэцийн бага суудлын хуралдаан хуралдсан, хуралдаагүй гэх маргаан үүссэн. Эсвэл улс төрийн зорилгоор маргаантай сэдэв болгосон байж болно. Гэхдээ процессын хувьд Цэц дээр ийм асуудал үүсч байгааг та юу гэж харж байна вэ?
-Миний хувьд энэ асуудлаар хэвлэлээр гарч буй мэдээллийн хэмжээнд байна. Нэг их сонин зүйл ажиглагдаж буй нь одоогийн Ерөнхийлөгч, түүний тамгын газар энэ асуудалд их санаа зовж, бүр маргааны оролцогч биш атлаа тайлбар гаргаж, хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл томилоод амжсан. Нэг үгээр бол гэрт орох эрхгүй атлаа дотор болж буй зүйлийг гарын алган дээр буй мэтээр мэдэж, ярьж буй нь их содон харагдаж байгаа. Үүнийг нь батлах зүйл нь Цэцийн түүхэнд огт байгаагүй нэг гишүүнийхээ үүсгэсэн маргааныг үүсгэх ёсгүй гэж нөгөө гишүүн нь санал гаргаад амжсан явдал. Түүнийг баталж хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж буй үндэслэлийг Цэцийг санал гаргасан, хуралдуулсан гэх гишүүн нь яриад, олон нийтэд мэдээлэл хийснээс харж болно. Агуулгын хувьд Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд зааснаар Цэцийн бага суудал бол маргаан үүсгэх эсэхийг л шийддэг. Түүнээс биш Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг гагцхүү Цэцийн дунд суудал анхлан шийдвэрлэхээр заасан. Маргаан үүсгэх эсэх гэдэг зүйл нь зөвхөн маргаан үүсгэхээс татгалзсан цэцийн гишүүний тогтоолыг цаашид маргаан үүсгэх эсэх агуулгаар өнгөрсөн 29 жил хуулийг хэрэглэж байв. Дээрхээс үзвэл үнэхээр л цэц дээр нэг асуудал байна. Ялангуяа 2018 онд Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж Цэцийн гишүүнээр томилогдсон гишүүдэд их учир байгаа мэт. Уг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн гэдэг нь түүнийг төлөөлөгч гэсэн үг биш. Ингэж нэр дэвшүүлэх нь төрийн эрх мэдлийг хянадаг тэнцлийг хангах гэж л хийсэн зүйл. Гэтэл 2018 онд Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Б.Буяндэлгэр гишүүн урьд өмнө Цэцэд огт байгаагүйн дээр Цэцийн процесс хуулийг даалгавар өгсөн хүнийхээ таалалд нийцүүлэн, бараг бичиж өгсөн бичиг дээр өөрийн нэрийг тавьж гарын үсгээ зураад л явуулсан мэт үйлдэл хийсэн нь цаг хугацаа явах тусам улам тодорхой болж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
З.МЭНДСАЙХАН: БИРЖИЙН БОДЛОГЫН ЗӨӨЛӨН ДЭД БҮТЦИЙГ ХИЙНЭ
Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Гэхдээ бид эдийн засгаа солонгоруулахад өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тодорхой шийдвэр, бодлого гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд З.Мэндсайхантай салбартаа хийж, хэрэгжүүлж байгаа бодлогын талаар ярилцлаа.
-Салбарын сайдаар томилогдсоноос хойш таны автор болж үлдэх бодлого нь цахим хөдөө аж ахуй гэж тодорхойлж байна. Газар тариалан, мал аж ахуй гээд өргөн хүрээний салбар учраас цахим хөдөө аж ахуй гэж юу вэ гэдгийг товчхон танилцуулбал?
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэх бодлогын олон ажил байна. Хамгийн түрүүнд хийх бодлогын ажил бол цахим хөдөө аж ахуй буюу салбарын цахим шилжилт юм. Цахим шилжилтийн үр дүнг бид хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэж тодорхойлж болно. Энэ цахим шинэчлэл нь мал аж ахуй болон газар тариалангийн салбарын мөшгих, чанарын удирдлагын систем, арилжааны буюу биржийн систем, төлөвлөлт, хяналт, мониторингийн системийн цогц сүлжээ юм. Цахим шилжилтэд бүрэн шилжсэнээр хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бүтээмж, өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид экспортын гарц нэмэгдүүлэхэд хамгийн том түлхэц болно.
“ХАА-Н САЛБАР БҮХ УЛИРАЛД ОРЛОГОТОЙ БОЛНО”
-Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөө аж ахуйг түшиглэн эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьсан. Одоо байгаа боломж, дата мэдээлэл дээр суурилсан биржийн системтэй болох нь. Илүү ойлгомжтой байх үүднээс газар тариалангийн салбарыг авч үзье. Сэлэнгийн ногоочны эрүүл, чанартай бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчийн гар дээр ирэхэд бодлогоор яаж хангаж, зохицуулна гэсэн үг вэ?
-Томьёолж хэлбэл, хөдөө аж ахуйн салбар улирлын шинж чанартай орлоготой салбар. Малчид гэхэд хавар ноолуурын, намар мах бэлтгэлийн үеэр тодорхой орлогын урсгалтай болдог. Тариаланчид намар ургацаа хурааж авснаар тодорхой мөнгөн урсгалтай болдог. Бид хамгийн түрүүнд энэ салбарыг улирлын бус тогтвортой орлоготой болгохын тулд яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол төлөвлөлт, мониторинг, арилжааны системийг цогцоор нь хийх явдал. Улирал хамаарахгүй орлоготой болно гэсэн үг. Тиймээс хөдөө аж ахуйн биржийн шинэчлэлийг бүрэн хийх ёстой. Өнөөдөр бид ирээдүйд бий болж болох бүтээгдэхүүн, баялгийг үнэт цаас гаргаж, бирж дээр арилжаалж чаддаг тэр системийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, энэ салбарт баялаг бүтээж байгаа малчид, тариаланчид улирлын орлогоос хамаарч, зээлийн эх үүсвэрээр бусад үеэ нөхөөд явна. Бид зээл авах биш ирээдүйд бий болох баялгаа урьдчилж борлуулж, өгөөжөө хүртэж чаддаг, түүгээрээ дамжуулж графикт ажлаа явуулж чаддаг системийг бий болгох юм. Нөгөө талдаа энэ системийг дагаад хариуцлага бий болгоно. Тэр нь өөрөө хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн мөшгих систем. Мөшгих системийг бий болгосноор бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бий болгоно. Үнийн чөлөөт бодлоготой явж байгаа учраас үүн дээр нэмж чанарын удирдлагын тогтолцоог бий болгохын тулд мөшгих системийг нэвтрүүлнэ. Мөшгих систем гэдэг нь хэн нэгэн ногоочин, малчны бий болгосон баялаг анх бий болсон цагаас эхлэн хэрэглэгчийн ширээн дээр ирэх хүртэлх хугацааны үйлдэл бүрийг цахимжуулж, бүртгэлийн системд хамруулна гэсэн үг. Малын төрөх, өсгөх, бэлчээрлэх, вакцинжуулах, мал эмнэлгийн үйлчилгээ авах бүх мэдээлэл энэ системд орно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
"СОШИАЛД ХӨТЛӨГДСӨН ТӨРИЙН ШИЙДВЭР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА"
Эдийн засагч Ө.Ганзоригтой өнгөрсөн үеийн сургамжууд болон Сovid-19 бидэнд юуг ойлгуулав гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.
-УОК-ын шийдвэрийн дагуу улс даяар дахиад 15 хоног хатуу хөл хорионд байхаар болсон. Гэтэл Монголд бүтээн байгуулалт, газар тариалангийн ажил ид эхэлдэг улирал таарч байна. Энэ үед хөл хорих нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ?
-Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй. Өвлийн цагт барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Зуны долоо, наймдугаар сард амралтын үе таарч, зарим бизнесийн үйл ажиллагаа саардаг. Хамгийн өндөр идэвхжилтэй дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон нь энэ оны эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Нэг талаасаа цар тахлын тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоох нь зөв ч нөгөө талдаа эдийн засагт том хохирол дагуулахыг давхар бодолцох ёстой. Энэ удаагийн хөл хорио эдийн засагт тэрбум ам.долларын алданги учруулж байна. Засгийн газар хөл хориог тавимагц хэрэгжүүлэх эдийн засгийн төлөвлөгөөг одоогоор танилцуулсангүй. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоох бүрт төрийн менежментийн уялдаа холбоо бүх түвшинд алдагдсан нь харагдлаа. Үүнийг ч иргэд шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, төрийн институтийн менежментийн чадвар туйлын мууджээ гэсэн дүгнэлт хийхээр байна. Сонгуульдаа хүчин зүтгэсэн хүмүүсээ улс төрийн хариуцлагатай албанд томилж, төрд чадваргүй хүмүүс гарсныг цар тахал нэг талаараа бидэнд харууллаа. Бидэнд маш тодорхой хоёр эрсдэл байна. Нэгдүгээрт, эдийн засгийн эрсдэл бодитоор тулгарсан. Манайх шиг ядуу буурай улсад ингэж олон удаа хөл хориход эдийн засаг нь дийлэхгүй унана. Хоёр дахь нь боловсролын эрсдэл. Өнгөрөгч 2020 оны хавраас хойш бүтэн гурван улирал бүх шатны боловсролын байгууллагуудыг хаалаа. Томчуудын хөлийг хорилоо гэж бид асуудалд хандаж байгаа боловч хүүхдүүдийн хөлийг бүтэн жил хорилоо. Үүнээс үүдэж хүүхдүүд хүмүүжил, боловсролын хоцрогдолд орж байна. Энэ талаар ярьж байгаа хүн нэг ч алга. Хүүхдүүдийн боловсролыг бүтэн гурван семистр хааж хорьсон улс Монголоос өөр ховор шүү. Одоо бидэнд хойноос нь дагаж хөөцөлдсөн жижигхэн ажиллагаанууд биш харин цогц, нэгдмэл бодлого, төлөвлөгөө, гүйцэтгэл хэрэгтэй байна.
-Та өмнө нь “УОК вирус ярьдаг бус эдийн засгийн эрсдэлээ ярьдаг байх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ байр суурьдаа хэвээр байгаа бололтой?
-Тийм ээ. Улс орны хамгийн чухал асуудал нь эдийн засаг юм. Ядуурал нэмэгдэж, компаниуд бизнесээ алдаж, ажилтнуудаа цомхтгох нь хамгийн том эрсдэл. Нэгэнт дампуурсан компани дахин хөл дээрээ босдоггүй. Эдийн засгийн эрсдэлийн цаана ядуурлын түвшин нэмэгдэнэ гэсэн үг. Манайд ядуурлын түвшин 35 хувиас доош бууж байгаагүй. Энэ түвшин өнөөдөр хэд дахин нэмэгдэх нөхцөл байдал бий болчихлоо. Энэ бол улстөржүүлж болохгүй асуудал. “Цар тахлын эрсдэлийг улстөржүүлж оноо авах гэсэн, улс төрийн сонгуульд давуу тал болгох арга хэрэгслээ болгож буйг” дэлхийн ардчилсан улс орнууд шүүмжилж байна. Мөн цар тахлын эрсдэлийг байгаа түвшнээсээ томруулж иргэддээ ойлгуулах, хэт сүржигнэл хэрээс хэтэрч байгааг ч олон улсын шинжээчид бичиж байна.
"ТӨР ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АНХАН ШАТНЫ ОЙЛГОЛТГҮЙГ ЦАР ТАХАЛ ХАРУУЛЛАА"
-Өнгөрсөн хугацаанаас төр, иргэнгүй, хувь, хувьсгалгүй ямар сургамжтай үлдэв. Сovid-19 монголчуудын амьдрал, төр, хувийнхны бодлого, шийдвэрийг цаашид хэрхэн өөрчлөх бол?
-Эрсдэлийн менежментийн анхан шатны ойлголтгүй, бэлтгэлгүй, чадамжгүй төртэйг ойлгууллаа. Төрийн алба танил талын, намын, нутгийн томилгоонуудаар дүүрсэн байна. Намчирхсан үзэл төрийн албанд хэт шингэснээс болж чадваргүй менежерүүд төрийн өндөр албан тушаалыг хашиж байна. Менежментийн ухаан гэж том ойлголт бий. Тухайлбал, эмч хүн эмчлэх, багш хүн сурган хүмүүжүүлэх арга ухаантай байдаг шиг менежер хүн удирддаг ухаантай байх ёстой. Үндсэндээ Монголын төр менежерүүдийн хомсдолд орсон байна. АН, МАН гэсэн хоёр институт жалга, дов, намчирхалын системийг өнгөрсөн 30 жил бий болгожээ. Үүнийг өөрчлөөгүй цагт компаниуд хэзээ ч нар үзэхгүй. УИХ-ын гишүүд нь жалга, довны үзлээс хэтэрдэггүй. Сонгогдож гарсан 5000 хүний тойргоос өөр юуг ч бодох чадамжгүй хүмүүс төрд сууж байна. Тэднийг УИХ-ын гишүүд биш “жалганы гишүүд” гэж хэлбэл үнэнд ойртох байх. Улс орны асуудлыг шийдэх гэж сонгогдсон атал жалга дов, тойргийн асуудал ярьцгаадаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж унина уу
Холбоотой мэдээ