Д.Баярхүү: Гадаад харилцааны алтан боломж салхинд | News.MN

Д.Баярхүү: Гадаад харилцааны алтан боломж салхинд

Д.Баярхүү: Гадаад харилцааны алтан боломж салхинд


– ГХЯ ба Дипломат албыг элдвээр гоочилдог, шахдаг, албаддаг улс төрчид ба сэтгүүлчдэд 
Энэ сэдвийг хөндөхгүй байхын аргагүй болтол шахаж дарамталлаа. Яасан ч их мөлжүүртэй юм.  Яасан ч их мөчөөрхдөг (атаархдаг) юм. “Гадаад яам” гэх үг цухуйхтай зэрэг л хэл амаа билүүдэгчид эрүүл ухааны хязгаарыг давтал оволзох юм. Дипломатчдын тухай ганц нэг өө цухуйж хэл ам татлахтай зэрэг л улсаараа шуугина, ялангуяа ял зэм шийтгэлийг тэсэн ядан хүлээх ба нийгмийн ерөнхий сэтгэхүй нь тасар татан хаяхад бэлхэн. Хүний мууд дурлах нийгмийн сэтгэхүй.
Дипломатын томилгоо гэж ёстой нэг мөлжиж барахгүй сэдвийг сэтгүүлчид тэсэн ядан хүлээх нь эмгэнэлтэй ба инээдэмтэй. Бүр байтлаа Нарантуулын наймаачдаас зөвшөөрөл авч Элчин сайдаар томилогдох дээрээ тулах юм байна. Нэртэйгээр нь улс төр-нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, цэрэг-цагдаа, эрүүл мэнд гээд бүх салбараар дамжиж шигшигдээд бүгдийг нь дамжиж бүгдээс нь даалгавар аваад томилогдоод гадаад улс руугаа яв гэх нь холгүй.

Над руу олон ч телевиз хандлаа. Элчин сайдын томилгоо, Элчин сайдгүй байхын хор холбогдлыг яриулах гэлээ. Нэг телевиз отож дагасаар байгаад гадаа ярилцлага авчихаад ихэнхийг нь хасаад, монтажлаад утгыг алдуулчихсан тул би дахиад нэг ч ТВ-д ярилцлага өгөхгүй гээд гүрийчихлээ. Сэтгүүлч нар өөрсдийн муйхар, мухар, гэнэн, мэдэмхий бодлоо надаар дэмжүүлж, тэр сайрхалдаа зөвтгөл олж сенсаац хөөцөлдөх санаатай. Би ганц л үгээр хариуллаа. “Та нарт Элчин сайдын томилгоо, ГХЯ-ны дотоод томилгоо, жолооч нарын томилгоо ямар хэрэгтэй юм бэ?”, “Ерөөсөө хэнд хэрэгтэй юм бэ?” гэлээ. Манайхан шиг бүх ард түмнээрээ дипломат томилгоог шүүн хэлэлцдэг өөр улс үндэстэн дэлхийд байхгүй ээ гээд л би учирлалаа.  Хэрэгт дурлана дурлана гэхэд арай ч хэтэрлээ гэж би загнаж үзлээ.
Улс төрчид, УИХ, хэвлэл мэдээллийнхэн доозыг нь хэтрүүлж, хүн бүр мэдэмхийрч, хаалттай ярих ёстой, хүн бүр мэдэх албагүй асуудлыг хэт ил задгай ярьж үзүүлснээс үүдэн Монгол эх орны чинь нэр хүндэд цөвтэй тусах нь байна. Элчин сайдын томилгоог ингэж задгай (нээлттэй сонсгол) ярилцаж ТВ-ээp үзүүлэх юм бол цаад улсаасаа агреманы хариу авдаг Элчин сайд олдохоо болино шүү.
Дотооддоо, өвөр хоорондоо ингэж ярьдаг хэлдэг, хийдэг, чичилдэг, хэнээрхдэг бол ч дүүрчээ. Хаалттай Монголд ингэж байгаа бол уучлахсан. Гэтэл бүх юм нь нээлттэй, хэвлэл телевиз нь нээлттэй, бүх хэлэлцүүлэг нээлттэй, бүх хэрүүл нээлттэй, ертөнц биднийг хараад гайхах гэхээсээ шоолж даапаалах нь илүүтэй, “Монгол Улсын олон улсын нэр хүнд”, “Монгол төрийн Дипломат алба” ертөнцийн хүүхэд нохойн доог болтол доошоо орлоо.
Хайран хайран! Tоогүй тоогүй! Ингэхэд монголчууд минь  ГХЯ ба Дипломат албаас яг юу хүсээд нэхээд байгаа юм бэ? Хоёр талын харилцаан дээр аваад үз. ГХЯ өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийчихсэн. Ардчиллын 30 жилд гадаад бодлого, гадаад харилцаа ямагт прогрессоор өсөөд чинээндээ тулчихсан. Монгол-Оросын, Монгол-Хятадын, Монгол-Солонгосын харилцааг чинь Та бүхний (Монголын бизнест) хүссэн тэр хэмжээнд улс төрийн утга агуулгаар нь буй болгоод түншлэлийн дээд түвшинд хүргээд өглөө.
Үүнээс цааш ГХЯ биш, Та бүхэн өөрсдөө, монголчууд ажиллах л үлдлээ. Сайд хатагтай Б.Батцэцэг тоо баримт дурдаж байгаад ярьсан, бүр уриалсан байна билээ. Хэрэв өнөөдөр  Монгол Улс экспортыг сонгодог утгаар нь хөгжүүлэх гэж байгаа бол экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай гадаад орчин боломж бүрдүүлэхэд ГХЯ хийдгээ хийчихсээн гэж ярина лээ. Дипломат албаны гал тогоонд гал дунд явсан хүний хувьд би үүнийг батлан нотлон хичнээн ч нийтлэл бичсэн чадна.
“Гадаад харилцааны алтан боломж салхинд” гэж гарчигласан руугаа орж ярья. Эхлээд Сайд Б.Батцэцэгээс эшлэе:–Олон улсын практикт харилцаа, хамтын ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар, гэрээ хэлэлцээр байгуулах, нэгдэн орох замаар шийддэг. Өнөөдрийн байдлаар манай улс Япон Улстай л чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрээр үндэсний аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Японд экспортолж болох 9300 орчим бараанд импортын тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн. БНСУ, БНХАУ-тай болон Евразийн Эдийн засгийн холбоотой ийм хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судалж байна. Хятадын зах зээлд 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой гэжээ.
Европын Холбооны гишүүн орнуудад 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалын тарифгүй экспортлох боломжийг нь аль арван хэдэн жилийн өмнө бас бүрдүүлчихсэн гэдгийг нэмээд дурдчихъя. Европын 27 улсыг нэгтгэсэн, хагас тэрбум хүн амтай дэлхийн хөгжлийн томхон төв–Европын Холбооны зах зээлд Монголоо гаргана, монголчуудаа гаргана гэсэн ариун зорилгоор ГХЯ, манай дипломатчид хийж гүйцэтгэсэн юм.
Одоо ГХЯ руу өнгийж өө сэв эрэгчид ээ, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд хийж болдог чаддаг юу л байна, бүгдийг нь хийгээд экспортод гаргахад чинь ГХЯ үүргээ гүйцэтгэчихлээ!
Гадаад худалдаа эрхлэгчид, ерөөсөө мөнгө олох хүсэлд хөтлөгдсөн нийт монголчууддаа хандаж уриалъя: 9300+2323+7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг (давхардсан тоо гэдэг нь мэдээж, гэхдээ би тодруулах гэж зориуд хөхөөр авлаа) дотооддоо чанартай дэлхийн стандартаар үйлдвэрлэж тэр Япон, Хятад, Европын хязгааргүй их зах зээлд гаргаж зарж борлуулах нь Та бүхний сэтгэлийн чин зориг, овсгоо самбаа, ажилч хичээнгүй зан чанараас чинь шалтгаалах үлдэж байна. Нэмж элдэв юм Дипломат албанаас бүү шаард!
Гадаад харилцааны сайдаас дахин эшлэе.Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийт 44 улстай байгуулснаас 36 нь, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан  сэргийлэх тухай хэлэлцээрийг 35 улстай байгуулснаас 25 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Худалдааны татвар, хязгаарлалт, тарифын бус саад тотгорыг бууруулах асуудлыг бид байнга ярьдаг. Өнгөрсөн онд манай улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийсэн. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 57%-ийг БНХАУ-тай, 11% -ийг ОХУ-тай хийсэн байна гэжээ.
Гадаад харилцааны энэ их боломжийг салхинд хийсгэж байгаагаа бүү март гээд энэ хэсгээ дуусгаад одоо хамгийн хоржоонтой сэдэв рүү оръё.
Монголчуудаас, ялангуяа улс төрчдөөс  ГХЯ ба Дипломат албанд байнга тавьдаг, хүсдэг нэхдэг асуудал бол монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах. Энэ талаар ГХЯ бололцоотой бүх арга хэмжээг авч ажилладаг. Үйл ажиллагааных нь тэргүүлэх чиглэл. Гэтэл хилийн чанадад яваа монголчууд яадаг вэ? Эрхээ хамгаалуулахаа мэддэг, шаарддаг, харин тэр гадаад улсынхаа хууль дүрэм, дэг жаягийг хүндлэн дээдэлдэг, мөрддөг бил үү? Тайланд, Вьетнамд монголчуудын хулгайн хэрэг үе үе манддаг. Бүр аэрпорт дээр монголчуудыг шившгийн байдалд хулгайчид нь оруулчихсан. Үүнд ГХЯ, Дипломат алба ямар буруутай юм бэ? Хулгайч монгол хулгай хийгээд явж байна, хулгай хийгээд баригдлаа, үүнд ГХЯ яах ёстой юм бэ? Суллуулах, болж өгвөл өр ширгүй хэргээс мултлахыг ЭСЯ, дипломатчдаас шаардаж буйг би чихээрээ сонссон. Эх орны нэр төр, цаад гадаад улсын хууль дүрэм, тэр монгол хүний жудаг, хүмүүжил бүгд л нэг дор хослох учиртай бус уу? Хулгай хийж баригдчихаад Монголын төр рүү заачихдаг чинь ямар ёсон бэ?
Швейцарь бол холбооны улс, 26 мужтай (кантон), кантон болгон өөрийн хууль тогтоомжтой, нэгэнтээ хүнлэг ардчилсан улс тул ноцтой биш анхны гэмт хэргийг (ахуйн хулгай, жижиг хулгай) өршөөх хуультай. Энэ хуулийн дагуу 26 кантон дамжиж хулгай хийгээд баригдах тоолондоо өршөөгдөөд дараагийн кантон руу дамжиж хулгай хийгээд 27 дахь үйлдэл дээр (хэдэн жилд ч юм, ямар ч гэсэн 26-г нь гүйцээчихсэн) нь цагдаа бариад авчээ.  Монгол хулгайчийн (эсвэл бүлэг хулгайч) тухай ярьж байна шүү дээ. Яалт ч үгүй шоронд суулаа. Байцаалт явагдлаа. Хулгай хийж хохирол учруулсныг нь бус, ямар арга чаргаар, ямар ид шидээр мэдрэгчтэй дохиололтой дэлгүүрийн хаалгаар хэнэггүй гарч чадав гэдгийг л асуугаад байжээ. ЭСЯ-наас консулын нөхөр оччихсон хэлэх үггүй, ичсэн нүүрээ хийх газаргүй, тэгсгээд шүүх хуралд оржээ. Яг энэ хэрэг дээр Женевт суугаа ЭСЯ, дипломатчдыг буруутгах үндэс байна уу?
Баруун Европоор монгол хулгайч нар хөлхөж байна. УБ-аас очсон албаны, гайгүй, мөнгөтэй, өнгөтэй зочдыг тосч авч брэндийн барааны үйлчилгээ үзүүлнэ. Цаадуул нь хямд, ориг бараа заагаад захиалаад явуулна, наадуул нь хулгайлснаа авчирна, эсвэл хулгайлаад аваад ирнэ, үндсэн үнээсээ хоёр гурав дахин хямд брэндийн хувцас, бараа, цүнх, өөр юу ч байдаг юм. Авчирснаа арай УИХ-ын хуралдааны танхимд биш, гэхдээ л албаны нөхөд өмсөөд гоёод сүйд. Монголдоо амьтны нүд хужирлана. Гангарна. Энэ зөв үү?
Хулгай хийгчдийн тухай үлгэр домог шиг дэл сул яриа Европоор нэг. Баригдсанаасаа баригдаагүй нь олон. Ийм хэрэг мандуулагчдын эрх ашгийг (мэдээж эрх ашиг гэж байгаа) ГХЯ, ДТГ нь хамгаална гэж юугаа ярина вэ?
Дүгнэе. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрууд гадаад бодлогын залгамж чанарыг хадгалсан олон тулгуурт, идэвхтэй, энх тайванч, прагматик, бие даасан гадаад бодлого явуулж ирсэн, явуулж ч байгаа. Айхтар том алдаа гаргаж, савлагаа үүсгээгүй.

Харин гадаад эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тухайд дээр бичсэн дүр зураг харагдаж байна. Үйлдвэрлэж, бүтээж, экспортлож чадахгүй хэрнээ олон түнштэй ажиллах хүсэлтэй, шаардаж байгаа нь ямагт өндөр,  ямагт өнөө маргаашийн ойрын зорилгоо нэгдүгээрт тавьж, холын зорилгоо олж хардаггүй, хэлсэн амнаасаа бүгд эргэж буцдаг, гаднын хөрөнгө оруулагчдыг хүнд байдалд оруулдаг, энэ бүхэн чинь гадаад бодлого, гадаад харилцаанд цөвтэй байна.

Монголчууд хилийн чанадад сахилгатай, намбатай аялах, аж төрөх, худалдаа арилжаа хийх бүх нөхцлийг гадаад бодлогоороо бэхжүүлээд баталгаажуулчихсан, одоо яаа гээд байгаа юм бэ?
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж