АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өчигдөр /2021.04.15/ кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого хийсэн хэмээн ОХУ-ын хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн эсрэг эдийн засгийн шинэ хориг зарлажээ. Түүнчлэн өөрийн улсаас Оросын 10 дипломат ажилтныг хөөн гаргасан байна.
Өнгөрөгч 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаанд оролцсон 32 хувь хүн, хуулийн этгээд болон "SolarWinds" компанийн системээр дамжин АНУ-ын хувийн компаниуд, төрийн байгууллагуудын сүлжээнд халдсан Оросын кибер аюулгүй байдлын зургаан компани энэ хоригт багтжээ. Мөн Оросын төв банк болон бусад санхүүгийн байгууллагаас шинээр гаргасан рублийн бондыг худалдаж авахыг Америкийн компаниудад хориглосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэдий Оросын эсрэг хориг тавьж байгаа ч цаашид харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Украины хилийн ойролцоо цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг Москвад уриалжээ. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгчтэй энэ зун нүүр тулан уулзах бодолтой байгаагаа дахин илэрхийлсэн байна. Харин Оросын зүгээс АНУ-ын энэ алхмыг хүчтэй эсэргүүцэж, адилхан хариу барихаа мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian