С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн байранд өнөөдөр /2021.04.16/ шүүх хурал товлоод байсан ч шүүхийн байранд өчигдөр Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас шүүх хурлуудыг энэ сарын 23-ны өдрийг дуустал түр хойшуулах шийдвэрийг гаргажээ.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн 10 жил хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээ арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон 1.6 жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан юм.
Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус, тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” компанид давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
С.БАЯРЦОГТ НАРЫГ ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДҮҮЛЭН ҮЗЭЛ САНААНЫ ХОРИГДОЛ БОЛГОСОН
Дашрамд дурдахад, Ардчилсан намын ээлжит бус арваннэгдүгээр хурлаас Үзэл санааны хоригдлоор тооцох тухай тогтоол гаргажээ. Тус тогтоолд дурдсанаар "Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засаг улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан АН-ын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг их хурлын төлөөлөгчид бид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.
Нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдлын жагсаалтад оруулах ажлыг АН хариуцан ажиллана. Цаашид эрх мэдэлтний захиалгаар дээрх хүмүүсийг хэлмэгдүүлсэн АТГ-ын хариуцсан мөрдөгч, нэр бүхий прокурор, нөлөөнд автсан шүүгчдийн гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болгохыг АН-ын удирдлагад даалгах" хэмээн бичжээ.
Холбоотой мэдээ