Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын аварга баг тодрох мөч ойртсоор байна. Энэ улирлын "Дэлдэн чихт" цомыг өргөхийн төлөө Английн Манчестер Сити, Челси, Испанийн Реал Мадрид, Францын ПСЖ гэсэн дөрвөн тунаж үлджээ.
АРАБ МӨНГӨНИЙ ЭСРЭГ АРАБ МӨНГӨ
Өнгөрөгч 2010-аад оны эхэн үеэс Европын хөлбөмбөгт Арабын тэрбумтнууд хөрөнгө оруулалт хийж, мөнгийг цацах шиг болсон. Үүний хоёр том тод жишээ бол Манчестер Сити болон ПСЖ багууд. Английн, Францын дундаж багууд Арабын тэрбумтнуудын мөнгөөр хэдхэн жилийн дотор хурдацтай шинэчлэгдэж, өдгөө УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таараад байна. Сүүлийн хэдэн жилийн турш түрүүлэх багийн тоонд явж буй хоёр багийн хэн нь энэ удаад шигшээд шалгарах бол.
Өнгөрсөн жил шигшээд тоглолтод Байерн Мюнхенд хожигдож, "Дэлдэн чихт" цомыг атгаад алдсан ПСЖ энэ жил эхлүүлсэн ажлаа гүйцээх зорилготой байгаа. Ялангуяа Неймарын хувьд Мессигүй, Барселонагүй аваргуудын лигт түрүүлж чадна гэдгээ нотлох хариуцлагатай үе ирээд байна. Харин Пеп Гвардиолагийн Манчестер Сити энэ улирал Английн лиг болон аваргуудын лигт дийлдэхгүй байгаа. Бүрэлдэхүүнийг нь харахад л өнөө цагийн Европын шилдэг залуу хөлбөмбөгчид бий.
Том багуудын тулааныг жижиг алдаа л шийддэг уламжлалтай. Тэр ч утгаараа дээрх хоёр багийн тоглолтонд хамгаалалтын бүстээ алдаа бага гаргасан, тактик сайн боловсруулсан нь ялах магадлалтай. Довтолгооны хувьд хоёр баг хоёулаа хүчирхэг. ПСЖ-д Килиан Мбаппе, Неймар, Анхел Ди Мариа тэргүүтэй том тэмцээний финалд шалгараад үзчихсэн, одод байгаа бол Манчестер Ситид Стерлинг, Фоден, Кевин Де Брюйне тэргүүтэй Английн цомоос залхсан Европын цомоор цангасан залуучууд бий.
ИСПАНИЙН ЭЗЭН ХААНЫ БАГИЙН ЭСРЭГ АНГЛИЙН ЯЗГУУРТНУУД
Түүхэндээ тоотой хэдхэн удаа учраа таарч байсан дээрх багуудын энэ удаагийн учраа тун сонирхолтой явагдах биз. Ялангуяа өдгөө Реал Мадридад хүчин зүтгэж буй хуучин Челсигийн тоглогчид болох Эден Азар болон Тибо Куртуа нар Лондонд эргэн ирнэ. Гэвч Челсигийн фэнүүдийн хайртай хүү Эден Азар гэмтлийн улмаас тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Харин бараг ажил хаялт зарлан байж, Испанийг зорьсон Тибо Куртуаг хуучин багийнх нь андууд хэрхэн хүлээж авах бол. Нөгөө талаас Матео Ковачич өөрийгөө Зиданд шалгуулна. Реал Мадридад байхдаа Кроос, Модрич, Каземиро гуравт дарагдаж, бүрэн потенциалаа харуулж чадаагүй тэрбээр өдгөө Челсигийн төвийн хагас хамгаалалтын чухал хүн болсон. Түүнд туслахаар Н’Коло Канте, Жоржиньо, Мэйсон Маунт нар төвийн шугамд хамт гарна. Магадгүй төвийн шугамд хэн илүү байсан нь шигшээд шалгарах боломжтой.
Реал Мадрид болон Челси багуудын хувьд хоёр фронтод зэрэг хүч үзэж байгаа. Реал Мадрид Испанийн лигтээ 66 оноотой, аманд хүзүүнд бичигдэж байгаа бол Челси Английн лигтээ 54 оноотой тавдугаар байранд бичигдэж байна. Шахуу хуваарийн дагуу хоёр баг 10 хоногийн дотор дөрвөн чухал тоглолт хийнэ. Иймээс дасгалжуулагчдын ур ухаан болон бүрэлдэхүүний нөөцөөс ихээхэн зүйл шалтгаална. Томас Тухель өнгөрсөн жил ПСЖ-ийг удирдаж, аваргуудын лигийн шигшээд шалгарч байсан туршлагатай бол Зинедин Зидан таван жилийн хугацаанд дөрвөн удаа "Дэлдэн чихт" цомыг өргөж байв. Өмнөхөөсөө ялгаатай нь Зиданд энэ удаа Гарет Бэйл, Кристиано Роналдо нар байхгүй. Тэгвэл Тухельд тоглолт нь орон гаран тогтворгүй залуус байна. Челси энэ улирал ямар ч багийг хожиж, ямар ч багт хожигдож болзошгүй байгааг сүүлийн хэдэн тоглолтоос нь харж болно.
Эцэст нь бооцооны газруудын шинэчилсэн жагсаалтыг харахад Манчестер Сити энэ улирал түрүүлэх хамгийн боломжтой багаар нэрлэгдэж байгаа бол тэдний араас ПСЖ, Реал Мадрид, Челси удаалж байна.
Реал Мадрид, Челси багууд эхний тоглолтоо Испанид дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хийх бол хариу тоглолтоо тавдугаар сарын 6-нд Англид хийнэ. Харин ПСЖ, Манчестер Сити багууд эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Францад хийх бол хариу тоглолтоо тавдугаар сарын 5-ны өдөр Англид хийнэ. Дээрх дөрвөн багийн ялагч хоёр баг нь тавдугаар сарын 29-ний өдөр Истанбул хотын Ататуркийн олимпийн цэнгэлдэхэд аваргын төлөө тоглоно.
Холбоотой мэдээ