"Синофарм"-ын вакциныг хорио дуусахаас өмнө оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

"Синофарм"-ын вакциныг хорио дуусахаас өмнө оруулж ирнэ

"Синофарм"-ын вакциныг хорио дуусахаас өмнө оруулж ирнэ

Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас 900 мянган тун "ВероСелл" вакцин, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас нэг сая тун "Спутник V" вакциныг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс 300 мянган тун "ВероСелл" вакцинаа хүлээн авсан. Одоо Хятадаас 600 мянган тун "ВероСелл" мөн ОХУ-аас нэг сая тун "Спутник V" вакцин авахаар ажиллаж байгаа юм.

Төлөвлөгөөний дагуу энэ сарын 9, 10-нд 600 мянган тун "ВероСелл" вакцин ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон тул нийслэл дэх дархлаажуулалтыг энэ сарын 25-ныг хүртэл түр зогсоогоод байгаа билээ.

ХӨЛ ХОРИО ДУУССАНЫ ДАРАА 160 ЦЭГТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙНЭ

Тиймээс захиалсан вакцин хэзээ орж ирэх, хэзээнээс иргэдийг дахин дархлаажуулахыг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Холбогдох байгууллагууд вакциныг яаралтай оруулж ирэх боломж бүрийг ашиглан ажиллаж байгаа. Энэ сарын 20-ноос Хятадаас 600 мянган тун "ВероСелл" вакциныг үе шаттайгаар оруулж ирэхээр ажиллаж байгааг бидэнд мэдэгдсэн. Ороод ирсэн тохиолдолд дархлаажуулалтын цэгүүдэд тараана. "Спутник V" вакциныг ч мөн ойрын хугацаанд оруулж ирэхээ талууд мэдэгдсэн. Тус вакцинаар 18-аас дээш насны иргэдийн эхний тунг хийнэ. Энэ удаад орж ирэх "ВероСелл" вакцинаар хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүст мөн 18-аас дээш насны вакцины эхний тунгаа аваагүй хүмүүст хөл хорионы дараа дархлаажуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ вакцин ирсний дараа дахин төлөвлөгөө гаргаж болно. Нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулахдаа хэд хэдэн үе шаттай явагдана. Одоогоор 630517 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ сарын 25-ныг дуустал буюу бүх нийтийн хөл хориог дуустал дархлаажуулалтыг зогсоосон. Хөл хорионоос өмнө 68 цэгээр дархлаажуулалт хийж байсан бол одоо 160 болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн өөр эх сурвалжийн мэдээллээр дөрөвдүгээр сарын 21, 23, 26, 30-нд Хятадаас дөрвөн удаа вакцин татан авалт хийхээр талууд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Мөн вакциныг шинээр буюу нэмж авах чиглэлээр ч яриа хэлэлцээ хийж байгаа юм.

ДӨРВӨН ТӨРЛИЙН 800 МЯНГА ГАРУЙ ТУН ВАКЦИН ХҮЛЭЭН АВЧЭЭ

Монгол Улсын хувьд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Одоогоор 630517 хүнийг вакцинд хамруулаад байгаа юм. Мөн "АстраЗенека", “Синофарм” компанийн "ВероСелл", "Спутник V", "Файзер" зэрэг дөрвөн төрлийн нийт 800 мянга 140 тун вакцин хүлээн авсан юм.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун АстраЗенека вакцин
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар 300 мянган тун “Синофарм”-ын "ВероСелл" вакцин
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас 10 мянган тун "Спутник V" вакцин
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар 14.400 тун “AstraZeneca” вакцин,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар 25.740 тун “Файзер” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 300 мянган тун "ВероСелл" вакциныг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж