"70, 80-аад оны загварууд орчин үеийн загвараар эргэн ирлээ”

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

"70, 80-аад оны загварууд орчин үеийн загвараар эргэн ирлээ”

"70, 80-аад оны загварууд орчин үеийн загвараар эргэн ирлээ”

Урин дулаан цаг ирлээ. Дэгжин хээнцэр охид, залуусын хувцаслалт,  загварын чиг хандлагын талаар  Хайрын хурим” компанийн захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


Охид бүсгүйчүүдийн хүссэнээрээ хувцаслах боломжтой улирал хэдийнэ хаяанд ирчихэж. Та ч бас тэдний нэг. Гэхдээ загвар зохион бүтээгч хүнд хавар, зуны улирал хамгийн завгүй сарууд байдаг болов уу?

– Монгол орны хувьд жилийн дөрвөн улиралтай учраас харьцангуй олон янзын хувцас өмсөх шаардлага гардаг. Мэдээж өвлийн хүйтэнд трэнд гэхээсээ эрүүл мэндээ эн тэргүүнд тавьдаг тул монголчуудын өвлийн хувцаслалт нэг талаар уйтгартай. Гэхдээ урин дулааны улиралд нь дэгжин хувцаслаж, түүнээсээ эрч хүч авахыг хүн бүр хүсдэг. Тиймдээ ч охид бүсгүйчүүдэд зориулсан хувцсыг урладаг загварын салбарын бидэнд амралтын өдөр, тогтсон ажлын цаг байдаггүй. Дулааны улиралд хурим найр, тэмдэглэлт баярууд ихтэй учраас ачаалал илүү нэмэгддэг.

Энэ хаврын загварын трэнд тодорхойлох өдөр тутмын хувцаснууд маань үйлдвэрээс гарч эхэлж байгаа учраас бүр ч завгүй ажиллаж байна даа.

-Гэр бүлээрээ загварын салбарт өнгө нэмж буй. Таны ээж, охин тань ч ижил сонирхолтой гэж дуулсан. Сүүлийн үед ээжтэйгээ нийлж шинэ загвар гаргахаар бэлдэж байгаа гэсэн үү?

-Өнөөдрийн миний болон “Хайрын Хурим”-ын түүх ээжээс минь эхтэй гэж болно. Тэртээ 1980 оны олимпийн бамбаруушийг нэхмэл цамцан дээр буулгасан цор ганц цамцыг аавд минь зориулан урласан ээжээсээ уртай, дүйтэй, авьяастай байхын давуу талуудыг олж харж, бахархаж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн.  “Хайрын Хурим”-д саяхнаас ээж минь хүч нэмж, нэхмэл хувцасны шинэ загвар нээлээ. Тэтгэвэрт гараад, хийх юм багатай сэтгэл дундуур яваа ээжийгээ сэргээе гэж шийдээд, нэхмэл хувцас хийх санал тавихад дуртайяа хүлээж авсан. Одоо ээж шиг завгүй, өөдрөг, өөртөө итгэлтэй хүн алга. Үнэхээр сэтгэл догдолж байгаа. Эмээ нь юм нэхээд дуутай шуутай байхаар охид маань ч чадахаараа оролцож, өөрсдийнхөө авьяасыг хөгжүүлж байна. Том охиныхоо зурах авьяасыг ирээдүйд чиглүүлж системтэйгээр хөгжүүлье гэж шийдсэн.

-Сүүлийн үед ямар загварууд дээр төвлөрөн ажиллаж байна. “Ододтой бүжиглэе” шоуны шүүгч Б.Ууганбаярын хувцсыг урласан нь олон хүний хараанд өртөөд амжсан?

– Эрэгтэй хувцасны загварын хөгжил эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед монгол эрчүүдийн хувцас загварын талаарх хандлагыг өөрчлөх зорилгоор Б.Ууганбаяртай хамтран ажиллаж байна. Бид шоунд зориулж дахин давтагдашгүй өнгө хийцтэй хувцаснууд гаргаж байгаа.

Энэ жил цайвар пастел өнгө трэнд болж байна. Иймээс жүжигчин Б.Ууганбаярын хувцаслалтад гэгээлэг, байгалийн мэт  өнгөнүүд зонхилж байгааг анзаарсан байх. Гол нь бид эрчүүдийн хувцас загварын өөрчлөлтөд, өөр өнгө, өөр харах өнцөг орж ирээсэй гэж хүсч байна.

-Энэ зуны загварын чиг хандлагыг хэрхэн харж байна. Загвар бүрт өнгөнөөс гадна хээ ч чухал бололтой. Энэ жил шоон, тууш хээтэй загваруудын сезон орж байна уу даа гэж харагдсан?

-Дэлхий нийт цар тахалтай нүүр тулж байгаа ч загварын хөгжил, өнгө төрх илүү сонирхолтой болж байна. Тэр тусмаа загвар бүр өөрийн гэсэн өнгө аясыг агуулахын сацуу хээ дүрсийг ч өргөн ашиглах болсон. Өөрөөр хэлбэл, өнгө, хээ, дүрс зэрэг нь хувцас загварын санаа, илэрхийлэмжийг шууд илтгэх болсон гэсэн үг. Мөн 70, 80-иад оны загварууд илүү орчин үежсэн байдалтайгаар эргэн ирж байна.

Ингэхдээ шоо, судалтай материалууд түлхүү орж ирж байна. Хамгийн гол нь энэ жилийн загварын чиг хандлага хүний биед тав тухтай, эвтэйхэн байхад чиглэж байна. Үүнд цар тахлын нөлөө бас бий.

Оффис хувцсыг чөлөөт загварын хувцастай хослуулан хэрэглэж, хувцасны төрөл хоорондын хэвшмэл ойлголтууд хоорондоо холилдон оршиж байгаа юм. Хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ энэ зун нэхмэл хувцас ч нэлээн трэнд болж байгаа шүү. Харин өнгөний тухайд цайвар пастел өнгөнүүд зонхилж байна.

 -Хурим, найрын сарууд ч эхэлж байна. Мэдээж сүйт бүсгүй бүр хуримын өдрөөрөө хамгийн үзэсгэлэнтэй нь байхыг хүсдэг. Олон жил хуримын гол гоёлын загварыг урлаж байгаа хүний хувьд даашинз бүрийн дахин давтагдашгүй байдлыг нь хэрхэн тодотгодог вэ?

-Хуримын даашинз бол бүх эмэгтэйчүүдийн мөрөөдлийн гоёл. Манай “Хайрын Хурим” салон 16 дахь жилдээ хуримын даашинз урлаж байна. Дахин давтагдашгүй байхын тухайд, сүйт бүсгүйн сэтгэл зүйтэй даашинзыг нь уяж өгөхийг хичээдэг. Гэхдээ би хуримын даашинз биш дурсамжийг бүтээдэг. Манай хамт олон 2000 гаруй хосын дурсамжийг урлахдаа, хайр асгарсан, хамгийн жаргалтай бүсгүйн төрхийг бүтээсээр ирсэн. Өнөр өтгөн гэр бүл хүүхдүүдээ хөтлөөд “Хайрын Хурим” салоныг зориод ирдэг нь хамгийн сэтгэл догдлом мөч байдаг. Ханш нээсэн өдөртэй зэрэгцэж хуримын даашинзны энэ оны хамгийн эхний захиалга ирсэн учраас маш их бэлгэшээсэн шүү. Сүүлийн үед гаднын улс орноос хуримын даашинз болон бусад хувцас загваруудаас захиалж хийлгэх болсон.

"ХУВЦАС ЗАГВАРТ АЛБАН ТУШААЛЫГ ХЭЛБЭРЭЭР БИШ АГУУЛГААР ҮНЭЛДЭГ БОЛСОН"

-Залуус оффис хувцаслалтыг чөлөөт загвартай хослуулдаг болсон байна?

– Оффис хувцас бол энэ гэдэг тогтсон ойлголт сүүлийн жилүүдэд эвдэгдэж байна. Мэдээж хэм хэмжээ, эрх мэдэл, албан тушаал илэрхийлэх үндсэн элементүүд үлдэлгүй яахав. Өнгө болон нэмэлт чимэглэлийн хувьд илүү чөлөөтэй болж,  хувь хүний дотоод мөн чанараар аливааг хэмждэг болсон нь сайшаалтай. Ажил, албан тушаалыг хэлбэрээр биш агуулгаар илүү үнэлдэг болсон нь аливаа хүн чадвартай л бол заавал костюм өмсөх шаардлагагүй болсон.

Тиймдээ ч том хэмжээст хүрэмнүүд гол дүрд тоглож, биед эвтэйхэн биеийн тамирын хувцаснууд туслах дүрээр орж ирж байна. Гол нь тав тухыг чухалчлах болж өндөр өсгийтийн орон зайг өдөр тутмын кет, пүүз орлох боллоо. Үүнээс дүгнэвэл загварын хамгийн чухал үзүүлэлт бол энгийн, биед эвтэйхэн хэрэглээ гэж харж байна.

-Хувцсыг хүйсээр ялгахгүй өмсөх трэнд бас бий болжээ. Энэ талаар загварын салбарын хүний хувьд та юу гэж бодож байна?

– Энэ тал дээр эр, эм нь мэдэгдэхгүй гээд л ялангуяа настай хүмүүс дургүйцэх хандлага их гаргадаг даа. Гэхдээ сүүлийн хоёрхон жилийн дотор эрэгтэй, эмэгтэй хувцасны хоорондын уусалт, ялгарал гайхалтай өөрчлөгдөн хувьсч байна. Яагаад заавал дургүйцэж хүлээж авах ёстой гэж. Эмэгтэйчүүд хайнга, чөлөөтэй хувцаслаж, эрчүүд чамин хээнцэрт татагдах эрхтэй.

-Таны хувьд шинэ загварын коллекц гаргахдаа трэнд дагадаг уу эсвэл өөрийн гэсэн өвөрмөц арга барилаараа шинийг санаачлахыг хүсдэг үү?

– Мэдээж цаг үе, орчин нөхцөлөө мэдэрч ажиллалгүй яахав. Гэхдээ дизайнер бүр өөрийн онцлог, арга барилаар трэндийг уусган хувиргадаг. Манай хувцсыг харсан хүн “Хайрын Хурим” байна гэдгийг таних тодорхой шинж тэмдгүүд байгаа. Тэр шинж тэмдгүүд бол бидний ялгарал, өвөрмөц арга барил.

-Мяраалаг бүсгүйчүүд хувцас сонгон авахдаа хар, бараан өнгийн хувцсыг сонгож байгаа ажиглагддаг. Гэхдээ энэ нь хэр зөв сонголт вэ. Ер нь бүсгүйчүүд урин дулааны улиралд хэрхэн өөрийн имижийг бүрдүүлэх, сонголт хийх талаар зөвлөгөө өгөөч?

– Мяраалаг хүн заавал хар хувцас өмсвөл зүгээр гэсэн тогтсон ойлголт байхгүй. Гол нь тухайн хүний арьсанд тохирсон зөв өнгө байх чухал. Мяраалаг биетэй хүн нүсэр хувцас өмсөөд байвал бүр л том харагдана. Тиймээс суналттай, биед эвтэйхэн материалаар хийсэн даашинз өмсвөл эмэгтэйлэг харагдана. Гадуур нь өнцөг, шугамтай пиджак өмсөөд ороолт, намхан кет зэргийг хослуулахад дэгжин харагдана.

-Зөвхөн эмэгтэй гэлтгүй нийт хүмүүс хувцасны шүүгээндээ ямар хувцсыг зайлшгүй байлгах ёстой байдаг вэ?

– Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хувцасны шүүгээнд байвал зохих хувцас гэж бий. Эмэгтэй хүний тухайд хар пиджак, хар даашинз, цагаан цамц, оффис хослол, ямар ч зүйл дээр зохицдог хар туфль байх хэрэгтэй. Эрчүүдэд ч мөн адил чанартай хослол, даавуу сайтай цагаан цамц, хар гутал байх ёстой. Мөн эрчүүдэд оймс маш чухал гэж хардаг.

"ЦАР ТАХАЛ ЗАГВАРТ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ ЭЕРЭГ БОЛОН СӨРӨГ НӨЛӨӨ АВЧИРСАН"

-Загвар ярьсных цар тахлын үеийн загварын салбарт гарсан өөрчлөлтийн талаар ярилгүй өнгөрөөж болохгүй байх?

-Цар тахал загварт гэлтгүй бүх салбарт эерэг болон сөрөг нөлөө авчирсан. Загварын салбарын эерэг өөрчлөлт гэвэл, хүмүүс илүү минимал байхыг эрмэлзэж, хэрэгтэй хэрэггүй хувцсаар өөрийгөө булах дургүй болсон байна. Мөн хөрөнгө оруулалт хийх чанартай зүйлсдээ анхаардаг боллоо.

Нөгөө талаар хэт чамин ганган байдлаас тав тухтай хэлбэрт бүх загвар шилжлээ. Энэ нь хүнээ бодсон, байгаль орчноо хайрласан олон сайн үр дагаврыг авчирна гэж бодож байна.

-Хэдийгээр цар тахалтай байгаа ч өрсөлдөөний зах зээлд “Хайрын хурим”-ын баримталж байгаа зарчим юу байна?

-Цар тахлын улмаас хөл хориотой  байгаа ч "Хайрын хурим"-ын борлуулалт хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад огцом нэмэгдсэн. Нэг талаар бид массын зах зээлд хүч үзэх болсонтой холбоотой. Нөгөө талаар гадаад явж шоппинг хийдэг хүмүүс дотоодын зах зээлд мөнгөө зарцуулж эхэлсэнтэй холбоотой. Бид зах зээлийн нарийн судалгаа хийсний үндсэн дээр том хэмжээст хүрэмнүүдийг боломжийн үнээр нийлүүлж, “Stay home” цуглуулгаа цар тахалд зориулж гаргасан нь байгаа оносон.

Цаашид үндэсний брэнддээ итгэх итгэл нэмэгдэж, борлуулалт улам нэмэгдэнэ гэж харж байгаа. “Хайрын Хурим” салоны зорилго бол үндэсний брэндүүдтэйгээ өрсөлдөх бус монголчуудыг иж бүрэн хувцасладаг импортын хувцаснуудын эсрэг хүчтэй өрсөлдөгч байх явдал. Бид энэ зорилгоо алхам алхмаар хэрэгжүүлж байгаа.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж