"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” буландаа “Дотно хоолой” контент бүтээгч Б.Золзаяаг урилаа. Түүний хувьд 2019 оноос хойш “Дотно хоолой” пэйж хуудсаар зохиолчдын зөвшөөрөлтэйгөөр ном, зохиолыг нь уншиж олонд хүргэдэг.
Тэрбээр "Сүүлийн үед ном уншдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ялангуяа залуус ном унших нь өөрийгөө хөгжүүлэх, нүд, тархиа нээх хамгийн том боломж гэдгийг илүү ойлгодог болсон. Магадгүй ном унших хэлбэрт л өөрчлөлт орсон байх. Гэртээ тухтай суухдаа хэвлэмэл номоо уншина. Гадуур явахдаа гар утсаараа цахим номоо уншина. Эсвэл подкаст, лайваар ном зохиолоо сонсох нь нэмэгдсэн гэж ажиглагддаг" тухай ярьсан юм. Ингээд түүнтэй танилцъя.
БУЯН-ӨЛЗИЙ ЗОЛЗАЯА 1993.08.15
Төгссөнсургууль:
Хэвлэлийн хүрээлэнгийн “Сэтгүүлч” дээд сургууль
Мэргэжил:
Сэтгүүлч
Одоо эрхэлж буй ажил:
“Дотно Хоолой” контент бүтээгч
Сошиал хуудас:
Page: Дотно Хоолой FB: ZolzayaBuyan-Ulzii
БАГААСАА FM РАДИОД ХӨТЛӨГЧ ХИЙСЭН ГЭЖ ДУУЛСАН. ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?
-Юуны өмнө News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд наймдугаар ангид байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгож, сэтгүүлч болохоор шийдсэн. Тухайн үед өөрийгөө багаасаа бэлдэх хэрэгтэй гэж бодоод FM-ийн хөтлөгчийн шалгаруулалтад орж байсан. Ингээд л хичээлийнхээ хажуугаар FM-ийн хөтлөгчийн ажлаа хийж, оюутан болсон. Одоо бодоход арван жилдээ хичээл, FM, телевиз гэсэн маршрутаар маш завгүй гүйдэг байсан.
Тэр үед FM жинхэнэ мода байлаа. Хүн болгон сонсдог. Үеийнхнээс эхлээд багш нар, аав ээжийн найз нар хүртэл сонсдог. Багш нар маань хүртэл сонсдог, хөөрхөн хөтөлдөг, гоё хоолойтой гэж ангийн багшид хэлж байсан гэсэн. Тэрийг сонсоод их л урам орж байсан.
АНХНЫ АМЖИЛТ
-Миний хувьд оюутан байхдаа сэтгүүл зүйн сургуульд суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулсан “Алтан үзэг” наадмын шилдэг бичлэгийн шагнал хүртэж байсан. Сэтгүүл зүйн бүх сургуулийн оюутнуудын дунд зохиодог хамгийн том тэмцээн байх. Тэр үед намар байсан юм болов уу. Хуш модны самар хаа сайгүй худалдаалдаг.
Гудамжинд, шороо тоосонд дарагдсан газар, маш бохир сав, уутанд хийж зардаг. Энэ сэдвээр бичихээр самрын худалдаачдыг судалж, ярилцаж, гэрт нь очиж, шат дамжлагуудыг нь ажиглаж байгаад “Сармайсан сатурктай самарчид” гээд сурвалжлагаа бичиж байсан. Мэргэжлээрээ оролцсон анхны амжилт байсан нь надад маш том урам болсон.
АНХ ДОТНО ХООЛОЙ ПЭЙЖЭЭ НЭЭЖ, НОМ ЗОХИОЛ УНШИХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?
-Оюутан байхдаа зав л гарвал дуу хураагч дээр шүлэг, өгүүллэг уншаад, ая дэвсч монтажлаад суучихдаг байсан. Тэрийгээ гэртээ ганцаараа их сонсоно. Энэ өгүүллэгүүдээ хүмүүст сонсгох юм сан, FM, радиод өгвөл авах болов уу гэж боддог байлаа. Тухайн үед сошиал сайн хөгжөөгүй байсан л даа. Тэгээд их сургуулиа ч төгслөө, сонин, телевиз гээд мэдээний сэтгүүлчийн ажилдаа дарагдаад энэ хоббигоо мартсан байсан.
Сүүлд 2018 онд нэг хүн лайваар шүлэг уншиж, хүмүүс ч их үзэж байгааг харлаа. Тэр үеэс л лайваар ном унших санаа орж ирсэн. Гэхдээ хүмүүс юу гэх бол, элдэв сэтгэгдэл хэлэх болов уу, би мэргэжлийн хүн биш шүү дээ зэргээр эмээсээр эхлүүлэлгүй жил болсон. Нэг л өдөр зориг гаргаад эхний лайваа хийсэн.
АНХ ЛАЙВ ХИЙХЭД ХҮМҮҮС ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАВ?
-Санасныг бодвол эерэг, нааштай хүлээж авч байсан. Ихэнх нь надад урам хайрлаж, тогтмол уншаарай, лайвыг нь сонсч байна, унтахдаа сонсоход сайхан юм гэж хэлсэн. Ингээд урам ороод тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд тасралтгүй лайв хийж байгаа. Миний амьдралд юу ч тохиолдсон, яаж ч их ажилтай байсан би лайваа огт таслахгүй. Хэдэн хүн үзэх хамаагүй. Хандалт бага байсан ч тууштай хийнэ гэсэн зарчимтай. Яг энэ зарчмаараа гурван жил тасралтгүй үргэлжлүүлнэ.
Лайв сонсогчдын маань талаас илүү хувь нь хилийн чанад дахь монголчууд байдаг. Монгол ахуйтай зохиолыг чинь сонсохоор эх орондоо оччихсон байгаа мэт мэдрэмж төрдөг шүү гэж хэлэх нь сайхан санагддаг. Гэр орноосоо хол, хүнд хүчир ажил хийж буй хүмүүст багахан ч гэсэн урам зориг өгч байгаа гэж бодохоор надад их урам өгдөг. Энэ дашрамд лайвыг маань үргэлж үзэж, дэмждэг бүх сонсогчдодоо маш их баярлалаа, сайн сайхныг хүсье.
УНШИХ ЗОХИОЛОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
-Аль болох гэгээлэг, залууст сургамжтай, адал явдал, өрнөлтэй зохиол сонгохыг хичээдэг. Таалагдсан зохиолынхоо зохиолчид нь хандаж зөвшөөрөл авна. Зарим тохиолдолд зохиолчийн зүгээс номоо уншуулах хүсэлт ирүүлдэг. Тэр болгонд нээлттэйгээр хамтарч ажилладаг.
“Дотно хоолой” лайв маань долоо хоног бүр Лхагва, Бямба гаригт тогтмол шууд хүрдэг. Мөн Бямба гаригт “Дотно үлгэр” лайвыг хүүхэд багачуудад зориулж хийдэг. Жил гаруйн хугацаанд 30 гаруй ном, 50 орчим өгүүллэг, тууж, үлгэр уншсан байна. Хүмүүс ихэвчлэн тууж, романыг цувралаар сонсох хүсэлтэй байдаг. Олон ангит кино үзэж байгаа юм шиг гоё гэж их бичдэг. Санал асуулга явуулахаар түүхэн зохиол уншаарай гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө яг хандалтыг нь харахаар түүхэн зохиол уншихаар үзсэн хүний тоо багасдаг. Харин киногоор бол сериал шиг адал явдалтай зохиолуудыг илүү шимтэж сонсдог нь үзэлтийн тоогоор харагддаг.
ОРЧИН ЦАГТ ЦАХИМ СҮЛЖЭЭ ХӨГЖИЖ, ХҮМҮҮС НОМ УНШИХ НЬ ХОВОРДСОН ГЭДЭГ. ҮҮНТЭЙ САНАЛ НИЙЛЭХ ҮҮ?
-Сүүлийн үед харин ч ном уншдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа санагддаг. Ялангуяа залуус ном унших нь өөрийгөө хөгжүүлэх, нүд, тархиа нээх хамгийн том боломж гэдгийг илүү ойлгодог болсон.
Магадгүй ном унших хэлбэрт л өөрчлөлт орсон байх. Гэртээ тухтай суухдаа хэвлэмэл номоо уншина. Гадуур явахдаа гар утсаараа цахим номоо уншина. Эсвэл подкаст, лайваар ном зохиолоо сонсох нь нэмэгдсэн гэж ажиглагддаг.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Чөлөөт цаг гарвал пэйжийнхээ хөгжүүлэлтийг хийхийг боддог. Дотно Хоолой пэйжийн бүх ажил угаасаа миний хобби болохоор хэзээ ч байсан оролдоод л суучихдаг. Лайваа яаж сайжруулах, илүү сонирхолтой болгох вэ гэж толгойгоо гашилгана. Хүүхэлдэйн кино, хөгжилтэй бичлэгүүдэд дуу оруулж, ам барьж, монтаж хийнэ.
Өөрийгөө олох, танин мэдэх үүднээс янз бүрийн жанрын ном судалж, уншина. Лайваараа унших гоё зохиол эрж хайна. Ер нь л чөлөөт цаг, ажил, хобби маань бүгд нэг байдаг.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Лайвынхаа хөгжүүлэлтэд анхаарна. Төлөвлөсөн санаануудаа туршиж, хэрэгжүүлнэ дээ. Зарим хүн “Ямар ч үнэ төлбөргүй зүйлд ингэж их цаг, заваа гаргах ямар хэрэг байна. Яагаад лайв хийдэг юм бэ” гэж хэлдэг. Бас “Хүмүүст өмнөөс нь ном уншаад, бэлэн будаа өгч, улам залхуу болгох юм бишүү” гэж бас шүүмжилдэг.
Миний лайв хийж буй шалтгаан бол нэгдүгээрт энэ бол миний хобби. Үүгээрээ дамжуулаад би өөрийгөө хөгжүүлж байгаа. Хоёрдугаарт, ном уншиж өгснөөрөө хүмүүст бэлэн будаа өгч байна гэж боддоггүй. Эхний ээлжид би уншаад өгье. Дараагийн удаад сонсч буй хүнд “Ном зохиол чинь ийм сонирхолтой, юм бодогдуулахуйц сайхан зүйл юм байна шүү дээ” гэсэн сэдэл төрөх болов уу. Тиймээс ном уншдаггүй залхуу хүмүүсийг бэлдэж буй биш. Харин ч цаашид ном унших сэдлийг нь өгч байгаа гэж өөрийгөө боддог.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-"Дотно хоолой" студи, продакшн, цаашлаад брэнд бий болгох зорилго мөрөөдөлтэй. Бага ангид байхдаа дүүтэйгээ кассетны хөгжим дээр нэвтрүүлэг хийж их тоглодог байсан. Би нэвтрүүлэгч, дүү маань оролцогч болж дуугаа хураана.
Сүүлдээ бүх кассетнуудын дууг дараад өөрсдийнхөө хоолойг биччихсэн байсан. Ингээд бодохоор багынхаа хүсэл мөрөөдлийн дагуу л явж байна. Дуу хоолойгоороо ашиглаад дуртай ажлаа хийгээд амьдарч байна.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Өөрийнхөө чин зүрхнээсээ хийх дуртай, хайртай зүйлээ олоорой. Түүнийгээ олсон бол хэн ч юу гэж ч доош нь хийсэн тоохгүй, тууштай байгаарай. Миний хувьд хүсэл мөрөөдөл, сонирхлынхоо дагуу л тууштай зүтгэж байгаа энгийн нэг эмэгтэй. Лайваа хийхэд хүмүүсийн янз бүрийн хандлага, сэтгэгдлүүд ирж л байдаг. “Уншиж чадахгүй байна, муухай царайтай юм бэ, ямар муухай уншдаг юм бэ” гэх мэтчилэн сэтгэгдлүүд ирнэ. Тэр болгонд би сэтгэлээр унаад өөрийнхөө эхлүүлсэн ажлыг орхиод байж болохгүй шүү дээ.
Би өөртөө “Нэгэнт эхэлсэн. Тууштай байна шүү Золоо” гэж хэлдэг. Яг бодитой, миний уншилтад хандсан мэргэжлийн зөвлөгөөг бол сонсох дуртай. Маш найрсгаар хүлээж авч өөртөө дүгнэлт хийж засдаг. Харин дээрх шиг зүгээр доромж үгнүүдийг тоодоггүй. Чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд урагшилдаг.
Энэ мэтчилэн дуртай зүйлээ хийхэд жижиг сажиг зөндөө саад бэрхшээл тулгарна. Тэр бүрд нугараад байлгүй, өөрийнхөө зорьсон, бодсон зүйлдээ хүрэхийн төлөө тууштай байгаарай л гэж хэлмээр байна. Таны зорьсон зорилго хаа хамаагүй нэгний хэлсэн үгнээс болж зогсч, ухрах ёсгүй шүү л гэж захимаар байна.
Холбоотой мэдээ