Хөл хорионд ХӨСӨР ХАЯГДСАН ХҮНИЙ ЭРХ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Хөл хорионд ХӨСӨР ХАЯГДСАН ХҮНИЙ ЭРХ

Хөл хорионд ХӨСӨР ХАЯГДСАН ХҮНИЙ ЭРХ

Эхлээд нэг сонирхолтой судалгаа танилцуулъя. Оксфордын их сургуулийн Төрийн  удирдлагын Блаватникийн сургуулиас явуулсан Covid-19 цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индекст  Монгол Улс 69.91 хувь буюу харьцангуй хатуу арга хэмжээ авсан улсын нэгд багтсан байна. 

Хатуу хөл хорионы дэглэмийн цаана хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах явдал хэрээс хэтэрч байгаа  тул төр иргэдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатайг олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар ирсэн. Харин нөгөө талдаа хүний эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах явдал амь бөхтэй байсаар байна. 

Хүний эрхийн үндэсний комисс  /ХЭҮК/  төрийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжгүй уялдаагүй шийдвэрүүд хүний эрх хамгийн их зөрчиж байгааг тайландаа дурджээ. 

Нэгэн жишээ: 

-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автобусаар зорчиж явсан, 17 настай иргэн “Ш”-ын гар утсанд цагдаагийн байгууллагаас дуудлага ирж, шинжилгээний хариу эерэг гарсан болохыг дуулгаж, автобуснаас буух чиглэл өгчээ.  Эцэст нь цагдаагийн алба хаагч автобусыг зогсоох, ингэхдээ зорчигч буулгахгүй байх чиглэл автобусны жолоочид өгсөн байна. Тухайн үед ХӨСҮТ-ийн жолооч нар илүү цагаар ажилласны хөлсөө аваагүй тул эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан нь тусгаарлалтыг хэрэгжүүлэх алба хаагчид автобусанд шуурхай ирж чадахгүй удаашрахад хүргэсэн гэх.

Улмаар  11.00 цагаас 17.30 цаг хүртэл уг автобусанд байсан иргэд битүү, бүгчим орчинд тусгаарлагдсан, ажил нь тасалдсан зэрэг нөхцөл байдал үүсчээ. Энэ хооронд автобусны зорчигчид бухимдаж, иргэн “Ш”-ыг доромжлох, цохих зэргээр халдсан, мөн зарим зорчигч түүнийг өмөөрснөөр автобусанд байсан иргэдийн дунд талцал, маргаан гарчээ.

Энэ байдлын улмаас иргэн “Ш” автобусны цонхыг хагалж, автобуснаас гарахад хамгаалалтад гарч байсан цагдаагийн ажилтан түүнийг гавлаж, ХӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг 17.00 цагт ирэх хүртэл гадаа зогсоожээ. Тухайн үед гадаа хасах 15 орчим хэмийн хүйтэн байсан бөгөөд иргэн “Ш” нимгэвтэр хувцастай байсан тухайгаа ХЭҮК-т мэдэгдсэн байна. Үүнээс үзэхэд Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол болсон хүнийг ялгаварлан гадуурхалтад өртөх нөхцөл бүрдүүлсэн, гавлаж, хүйтэнд зогсоосон нь  хүнлэг бус харилцаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ерөнхийдөө тусгаарлах,  хөл хорионы дэглэм сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хүн хүчний хүрэлцээ муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тодорхой биш байснаас үүдэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас дээрх иргэний  халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан хэмээн ХЭҮК дүгнэжээ.

ХАМГААЛАЛТЫН ТОР ХЭРЭГЛЭСЭН НЬ ДОРОМЖЛОН ХАРЬЦСАН ХЭЛБЭР

Нэгэн жишээ:

-Цагдаагийн алба хаагч халдвартай иргэнийг гэрээс нь тусгаарлах байр руу авч явах үед тэрбээр “Гэртээ юмаа мартаж, буцаж авъя” гэж ороод өөр хаалгаар зугтахаар оролдсоныг олж тогтоон тусгаарлалтад авсан.  Дээрх тохиолдолд халдварын эрсдэл бүхий иргэн  халдварт өвчний талаар зохих ойлголт, мэдээлэлгүйн улмаас айж сандран зугтсан бөгөөд цагдаагийн алба хаагч хамгаалалтын тор буюу “уурга” гэж нэрлэгдэх болсон хамгаалах хэрэгслийг ашиглан саатуулсан үйлдэл нь сошиал сүлжээнд ихээр тархсан. 

“Хамгаалалтын тор” буюу тусгай хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмын 918.4.4. дэх хэсэгт “Баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэх, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа, гэмт этгээдийг мөрдөх, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, хуяглан хүргэх, гэмт хэрэг үйлдсэн сэжигтэй этгээдийг байж болзошгүй газарт нэгжлэг хийх зэрэг эрсдэл бүхий бусад ажиллагаанд хамгаалах тусгай хэрэгслийг заавал хэрэглэнэ"  гэж заажээ. 

Дээрх тохиолдолд иргэнд албадлагын арга хэмжээг авахдаа хамгаалалтын тор хэрэглэсэн нь эрсдэлийн хэр хэмжээнд нийцээгүй, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцсан хэлбэр юм. Үүнээс үзэхэд,  Covid-19 халдвар авсан иргэдийг тусгаарлах, эмнэлэгт албадан хүргэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа алба хаагчид хүнтэй хүнлэг харьцах зааварчилгаа, аргачлал аваагүйн улмаас халдвар авсан хүнийг буруутгах, айлгах зэргээр сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохироох эрсдэлтэйг харуулж байна. 

ОРШИН СУУГЧИД ТУСГААРЛАЛТААС ГАРСАН ХҮҮХДҮҮДИЙГ ГЭРТ НЬ ОРУУЛАХГҮЙ ДУРГҮЙЦЭВ

ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд  "Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх нь жам ёсны шинж чанараас үүдэлтэй, хуулиар баталгаажсан эрх. Хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9, 17 дугаар зүйлд тус тус баталгаажуулсан. Гэсэн ч Covid-19 халдвар авсан хүнийг гутаан доромжлох, ялгаварлах, хүнлэг бус хандах тохиолдол гарсаар байна.

Энэ нь нийгмийн хэвшмэл хандлага,  халдварын талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн зөв мэдээлэл хүртээмжгүй, халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхад чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн ажил хангалтгүйгээс халдвараас айж цэрвэх нийгмийн хандлага зонхилж байна. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын зохион байгуулалт тодорхойгүй, хүний эрхийн талаарх ойлголт дутмаг байгаатай холбоотой" хэмээн тайлбарлажээ. 

Нэгэн жишээ: 

– 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэгт орон сууцны байрны 00 өрөөг түрээслэгч, иргэн “Х”-ээс Covid-19 халдвар илэрч, маргааш нь  ХӨСҮТ-д 10 настай хүүхдийн хамт тусгаарлагдсан. Түүний 4 ба 17 настай хоёр хүүхэд  "Улаанбаатар" зочид буудал тусгаарлагдсан бөгөөд тэдэнд халдвар илрээгүй учраас  арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагийн орчимд тусгаарлалтаас гарч, гэртээ иржээ. Хүүхдүүдийг ирэхэд байранд нь хөл хорио тогтоосон, гэрт нь оруулахгүй байсан тул байрны ойролцоох цагдаагийн байранд түр хоргодон, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан ээждээ энэ тухай хэлсэн байна.

Иргэн “Х” хүүхдүүдээ гэрт нь оруулахад туслахыг байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга “Д”-ээс хүсэхэд “Танай орцны 16 хүн халдвар авсан учраас оршин суугчид тэднийг гэрт нь оруулахаас дургүйцсэн, байранд хөл хорио тогтоосон” гэжээ.

Хүүхдүүдийг тухайн өдрийн 20.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн хүүхэд хамгааллын байранд шилжүүлэх хүртэл Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны барилгын тэг давхарт байх ахмадын өрөөнд тусгаарлаж байжээ. Энэ хүүхдүүд, хүүхэд хамгааллын байранд дахин 14 хоног тусгаарлагдсан байна. 

БЗД-ИЙН 26 ДУГААР ХОРООНЫ ГЭНЭТИЙН ХӨЛ ХОРИО ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДАВ

Нэгэн жишээ: 

Баянзүрх дүүргийн Засаг дарга 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-21 хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон.Үүнийг тухайн хорооны иргэд эсэргүүцэн цуглаан зохион байгуулах, шаардлага хүргүүлэх зэрэг олон төрөл хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байв.

Ийнхүү хэсэгчилсэн хөл хорио тавьж, иргэдийн эрхийг хязгаарлахдаа иргэд, албан байгууллагуудад урьдчилан зарлаж, мэдэгдэлгүй, гэнэтийн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь тухайн иргэдийн эрх, эрх чөлөө хөндөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж ХЭҮК үзжээ.

Мөн дээр дурдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/103 тоот захирамжид хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд ажлын дараалсан  гурван өдөр багтсан бөгөөд шийдвэрийг гэнэт гаргаж, урьдчилан мэдээлээгүйн улмаас иргэдийн албан болон хувийн олон ажил, үйл ажиллагаа тасалдсан, ажлаа зохицуулах боломж олгоогүй байна.  Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь зохистой түвшинд буюу зайлшгүй, тохирсон, хэтрэхгүй байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохироогүй гэж дүгнэжээ.

Мөн тус хороонд  хэсэгчилсэн хатуу хөл хорионд байсан иргэн “С” өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Дээрх хэрэгт Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий алба хаагчдын хайхрамжгүй байдал, хяналтаа бүрэн тавьж чадаагүй зэрэг нь эдгээрт зохих ёсоор нөлөөлсөн байж болзошгүй гэдгийг холбогдох байгууллагаас хэлж байгаа юм.

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ НАС БАРАВ

Нэгэн жишээ:

-2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн оройн 22.00  цаг орчим “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхээр Архангай  аймгаас ирсэн 58 настай  иргэн О биеийн эмнэлгийн яаралтай тусламж авч чадалгүй нас барав. Түүнд Covid-19 халдваргүй гэсэн түргэвчилсэн шинжилгээний хариу байсан боловч PCR шинжилгээнд хамрагдаагүй гэх шалтгаанаар  олон цаг товчоон дээр саатуулсны улмаас  амь эрсдэхэд хүрсэн юм.

Хөл хорионы үед зөвхөн нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хуулийн дагуу хязгаарлалт хийж болох хэдий ч энэ хязгаарлалт нь хүний амь насанд хүрсэн, шаардлагатай  байгаа яаралтай түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх ёстой. Төрийн байгууллагуудын оновчгүй зохион байгуулалт, уялдаагүй хамтын ажиллагаа, албан хаагчдын хүнлэг бус харьцаа, хандлага төрийн албаны бүх түвшинд илрэн гарч байгаа нь иргэн-төвтэй, хүний эрхийг дээдэлдэг төрийн алба, үйлчилгээг төлөвшүүлэх, ажлын арга барил, сэтгэлгээ хандлагын өөрчлөлт хийх, уян хатан, шуурхай зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. 

ХЭҮК-ын зүгээс  цар тахлаас урьдчилан сэргийлэх явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, хүний эрхийн талаар ахиц дэвшил гаргахад чиглэсэн саналууд боловсруулж, үйл ажиллагаандаа тусгах талаар Улсын онцгой комисс, Шуурхай штабт удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж ажилласан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй аж.

Тиймээс ХЭҮК Монгол Улсын их хурлаар шийдвэр гаргуулахаар дараах саналуудыг хүргүүлжээ. Үүнд:

  1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний амь нас эрсдэх, эрүүл мэндийг хохироохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх,
  2. Covid-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол, ойрын хавьтлын иргэдийг тусгаарлалтад авахдаа хүнлэг харьцах, хувь хүний нэр төр, халдашгүй байдлыг хангах, ялгаварлан гадуурхалт, хүнлэг бус харилцаа гарахаас урьдчилан сэргийлэх талаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хандлага, мэдлэг, чадварыг дээшлүүлэх,
  3. Тусгаарлах ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, тусгаарлах ажиллагааны дүрэм, журам, зохион байгуулалтыг ойлгомжтой, тодорхой болгох, тусгаарлан ажиглах байрыг хүүхэд, насанд хүрэгчид болон эрүүл мэндийн байдлыг харгалзсан байдлаар зохион байгуулах,
  4. Халдварын тохиолдлыг илрүүлэх, тархалтын тандан судалгаа хийхдээ хувь хүний нууцыг задруулахгүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах,
  5. Газар нутаг, орон зайн хязгаарлалт тогтоохдоо хязгаарлалтад өртөж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутмын амьжиргаанд хохирол учруулахгүй байх арга хэмжээг төлөвлөж, мэдээллийг ил тод, шуурхай хүргэх зэрэг арга хэмжээнүүд багтсан байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж