"Сошиалд хөтлөгдсөн төрийн шийдвэр бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

"Сошиалд хөтлөгдсөн төрийн шийдвэр бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна"

"Сошиалд хөтлөгдсөн төрийн шийдвэр бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна"

Эдийн засагч Ө.Ганзоригтой өнгөрсөн үеийн сургамжууд болон Сovid-19 бидэнд юуг ойлгуулав гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.


-УОК-ын шийдвэрийн дагуу улс даяар  дахиад 15 хоног хатуу хөл хорионд байхаар болсон. Гэтэл Монголд бүтээн байгуулалт, газар тариалангийн ажил ид эхэлдэг улирал таарч байна. Энэ үед хөл хорих нь  эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй. Өвлийн цагт барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Зуны долоо, наймдугаар сард амралтын үе таарч, зарим бизнесийн үйл ажиллагаа саардаг. Хамгийн өндөр идэвхжилтэй дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон нь энэ оны эдийн засагт  сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Нэг талаасаа цар тахлын тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоох нь зөв ч нөгөө талдаа эдийн засагт том хохирол дагуулахыг давхар бодолцох ёстой. Энэ удаагийн хөл хорио эдийн засагт тэрбум ам.долларын алданги учруулж байна. Засгийн газар хөл хориог тавимагц хэрэгжүүлэх эдийн засгийн төлөвлөгөөг одоогоор  танилцуулсангүй. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоох бүрт төрийн менежментийн уялдаа холбоо бүх түвшинд алдагдсан нь харагдлаа. Үүнийг ч иргэд шүүмжилж байгаа.

Өөрөөр хэлбэл, төрийн институтийн менежментийн чадвар туйлын мууджээ гэсэн дүгнэлт хийхээр байна. Сонгуульдаа хүчин зүтгэсэн хүмүүсээ улс төрийн хариуцлагатай албанд томилж, төрд чадваргүй хүмүүс гарсныг цар тахал нэг талаараа бидэнд харууллаа.

Бидэнд маш тодорхой хоёр эрсдэл байна. Нэгдүгээрт, эдийн засгийн эрсдэл бодитоор тулгарсан. Манайх шиг ядуу буурай улсад ингэж олон удаа хөл хориход эдийн засаг нь дийлэхгүй унана. Хоёр дахь нь боловсролын эрсдэл. Өнгөрөгч 2020 оны хавраас хойш бүтэн гурван улирал бүх шатны боловсролын байгууллагуудыг хаалаа. Томчуудын хөлийг хорилоо гэж бид асуудалд хандаж байгаа боловч хүүхдүүдийн хөлийг бүтэн жил хорилоо. Үүнээс үүдэж хүүхдүүд хүмүүжил, боловсролын хоцрогдолд орж байна. Энэ талаар ярьж байгаа хүн нэг ч алга. Хүүхдүүдийн боловсролыг бүтэн гурван семистр хааж хорьсон улс Монголоос өөр ховор шүү. Одоо бидэнд хойноос нь дагаж хөөцөлдсөн жижигхэн ажиллагаанууд биш харин цогц, нэгдмэл бодлого, төлөвлөгөө, гүйцэтгэл хэрэгтэй байна.

-Та өмнө нь “УОК вирус ярьдаг бус эдийн засгийн эрсдэлээ ярьдаг байх ёстой” гэж байр суурийг илэрхийлж байсан. Энэ байр суурь чинь хэвээр л байгаа бололтой?

-Тийм ээ. Улс орны хамгийн чухал асуудал нь эдийн засаг юм. Ядуурал нэмэгдэж, компаниуд бизнесээ алдаж, ажилтнуудаа цомхтгох нь хамгийн том эрсдэл. Нэгэнт дампуурсан компани дахин хөл дээрээ босдоггүй. Эдийн засгийн эрсдэлийн цаана ядуурлын түвшин нэмэгдэнэ гэсэн үг. Манайд ядуурлын түвшин 35 хувиас доош бууж байгаагүй. Энэ түвшин өнөөдөр хэд дахин нэмэгдэх нөхцөл байдал бий болчихлоо. Үүнийг улстөржүүлж болохгүй асуудал. “Цар тахлын эрсдэлийг улстөржүүлж оноо авах гэсэн, улс төрийн сонгуульд давуу тал болгох арга хэрэгслээ болгож буйг” дэлхийн ардчилсан улс орнууд  шүүмжилж байна. Мөн цар тахлын эрсдэлийг байгаа түвшнээсээ томруулж иргэддээ ойлгуулах, хэт сүржигнэл хэрээс хэтэрч байгааг ч олон улсын шинжээчид бичиж байна.

"ТӨР  ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АНХАН ШАТНЫ ОЙЛГОЛТГҮЙГ ЦАР ТАХАЛ ХАРУУЛЛАА"

-Өнгөрсөн хугацаанаас төр, иргэнгүй, хувь, хувьсгалгүй ямар сургамжтай үлдэв. Сovid-19 монголчуудын амьдрал, төр, хувийнхны бодлого, шийдвэрийг цаашид хэрхэн өөрчлөх бол?

-Төр эрсдэлийн менежментийн анхан шатны ойлголтгүй, бэлтгэлгүй, чадамжгүй төртэйг ойлгууллаа. Төрийн алба танил талын, намын, нутгийн томилгоонуудаар дүүрсэн байна. Намчирхсан үзэл төрийн албанд хэт шингэснээс болж чадваргүй менежерүүд төрийн өндөр албан тушаалыг хашиж байна. Менежментийн ухаан гэж том ойлголт бий. Тухайлбал, эмч хүн эмчлэх, багш хүн сурган хүмүүжүүлэх арга ухаантай байдаг шиг менежер хүн удирддаг ухаантай байх ёстой. Үндсэндээ Монголын төр менежерүүдийн хомстолд орсон байна. АН, МАН гэсэн хоёр институт жалга, дов, намчирхалын системийг өнгөрсөн 30 жил бий болгожээ. Үүнийг өөрчлөөгүй цагт компаниуд хэзээ ч нар үзэхгүй нь. УИХ-ын гишүүд нь жалга, довноос үзлээс хэтэрдэггүй. Сонгогдож гарсан 5000 хүний тойргоос өөр юуг ч бодох чадамжгүй хүмүүс төрд сууж байна. Тэднийг УИХ-ын гишүүд биш “жалганы гишүүд” гэж хэлбэл үнэнд ойртох байх. Улс орны асуудлыг шийдэх гэж сонгогдсон атал жалга дов, тойргийн асуудал ярьцгаадаг.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь хөтөлбөр эрсдэлээс иргэнээ болон эдийн засгаа яг хамгаалж чадах уу?

-Нэгдүгээрт, том дүнтэй хөтөлбөр зарлах, тэр нь зорилтод хүндээ очих хоёрын дунд алд, дэлэм зай бий. Хоёрдугаарт, хөл хориотой байхад энэ бүхэн ямар ч үр дүнгүй гэдгийг шууд хэлье. Барилга, уул уурхайн салбарын хөдөлгөөнийг яаралтай нээхээс өөр арга байхгүй.

-Таны хувьд ямар бодлого, шийдвэр төрөөс гаргавал эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалж чадна гэж бодож байна. Эдийн засагч хүний хувьд төр засагт ямар зөвлөмж, зөвлөгөө өгмөөр байна?

-Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь нийслэлд бүрддэг. УОК, НОК-ын нэгдсэн зохион байгуулалтгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчдийг үнэндээ туйлдуулж байна. Эдийн засгаа сэргээе гэвэл төрийн шат шатны хүнд сурталыг өөрчлөх шаардлагатай. Барилга, уул уурхайн тусгай зөвшөөрөл авахад төрийн хүнд суртал дээд түвшинд хүрснийг олон ч хүнээс сонслоо. Жишээ нь, 2020 оны дөрөвдүгээр сард  уурхайн ажлаа эхлүүлэх гээд төлөвлөсөн байтал зургадугаар сарын 20-нд эхлүүлж байсан гэнэ. Шалтгаан нь тусгай зөвшөөрөл өгдөг есөн том даргынх нь гарын үсгийг цуглуулах гэтэл бүгд ажлаа хийхгүй алга болцгоочихдог. Ингээд бүтэн хоёр сар Монгол Улс уурхайгаас олох байсан орлогоо алдсан гэсэн үг. Хэрэв 14 хоног хөл хорьсон бол 15 хоног дээрээ барилга, уул уурхайн ажлыг нь эхлүүдэг байх ёстой. Зарим уурхайд бүтэн зунжингаа шалгалт орж ажил хийлгэдэггүй жишээнүүд ч олон бий. Эдийн засаг нь өвдгөөрөө цөхөрөхөд уул уурхай, барилгын салбарынхан мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид л эдийн засгаа босгоно. Монгол Улс эдийн засгаараа тэжээгддэг болохоос биш мэргэжлийн хяналт, татварын байцаагчид баялаг бүтээдэггүй. Энэ асуудлыг Монгол Улсын залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарах шаардлагатай. УИХ-ын гишүүдэд ч гэсэн өнөөдөр үүнд анхаарах ёстой. Тэдний байнга ярих дуртай тойргийн иргэдийнх нь цалин орлогыг компаниуд л тавьж байгаа. Гэтэл чуулганы индрээс УИХ-ын гишүүд нь компаниудын эсрэг, тэдний үйл ажиллагааг булаах, дээрэмдэх үг яриа хэлдэг энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Өнөөдөр компаниуд байхгүй бол УИХ-ын гишүүд ч өөрсдөө хоолгүй болно.

Олон жил улстөрчид нь компаниудын эсрэг ажиллалаа. Зөв бодолтой залуучууд гишүүн болсныхоо маргааш нь популист болж, бизнес эрхлэгчдийн эсрэг ярьж сууна. Дээрх алдаагаа олж харахгүйгээр эдийн засгаа сэргээх тухай ярих нь учир дутагдалтай.

Уул уурхайн салбар манай улсын экспортын орлогын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг. Гэтэл экспортод эрсдэл нүүрлэчихлээ шүү дээ?

-Монголын нүүрсийг Хятадууд хэр сайн худалдаж авахаас хамаарна. Ингэхийн тулд хил боомт хэвийн ажиллах ёстой. Өнөөдөр манайд халдварын тархалт өндөр байгаа учраас Хятадын тал хилээ хаачихлаа. Үндсэндээ нүүрсний борлуулалт хэвийн байж чадвал эдийн засаг нэг жилийн дотор сэргэх боломжтой. Хоёрдугаарт, Монгол барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирдэг. Хил, гаальдаа уян хатан систем нэвтрүүлж чадахгүй бол барилгын салбар сэргэхгүй. Хөл хориог сулруулахаар орох, гарах хөдөлгөөнийг чөлөөтэй болгож, барилга, уул уурхайн зөвшөөрлийг олгохдоо сар, жилээр нь сунжруулдаг байдлыг зогсоож бүтээн байгуулалтын ажлыг даруй явуулах хэрэгтэй.

"НҮҮРСНИЙ ОРОНД БИДНИЙГ ТЭЖЭЭХ ДАРААГИЙН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭ ОДООНООС БЭЛТГЭХ ШААРДЛАГАТАЙ"

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байх үеийг бид зөв ашиглаж чадахгүй бол эдийн засагт нааштай үр дүн харагдахгүй байх. Төмөр замгүйгээс нүүрсээ их хэмжээгээр гаргаж чаддаггүй зэргээс уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе  буюу супер циклийг Монгол Улс ашиглаж чадалгүй өнөөг хүрлээ шүү дээ?

-Дэлхий дахин байгаль орчинд хортой үйлдвэрүүдээс татгалзаж эхэлсэн. Үүний нэг нь  нүүрс олборлолт. Сүүлийн тавхан жилийн дотор дэлхийн олон улсын хөгжлийн банкууд нүүрстэй холбоотой төсөлд хөрөнгө оруулахаас татгалзсан. Өнгөрсөн 2016 онд манайх нүүрсний цахилгаан станцад Франц, Герман зэрэг бусад  орны хөрөнгө оруулалтын банкуудаас санхүүжилт авах боломжтой байсан. Одоо гэтэл бүгд нүүрсний төсөлд санхүүжилтээ зогсоосон. Энэ нь ирэх 20-30 жилд нүүрс хэрэггүй болохын дохио. БНХАУ 2040 он гэхэд нүүрсний хэрэглээгээ бууруулахаа мэдэгдчихсэн. Тэгэхээр бид нүүрсээ зарж орлого олох хугацаа 15 жилээс хэтрэхгүй. Энэ хугацаанд яаралтай нүүрсээ их хэмжээгээр борлуулах. Хоёрдугаарт, 15 жилийн дараа биднийг тэжээх дараагийн орлогын эх үүсвэрээ одооноос бэлтгэх шаардлагатай.

-Жишээ нь, таныхаар ямар эс үүсвэр гэж?

-Өмнөд хөрш 100 сая гаруй чинээлэг иргэнтэй. Миний мэдэхийн Хятадын  150 сая орчим иргэн жилдээ 40 сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ 150 сая хүнд зориулсан органик, чанартай мах гаргах том зах зээл Монголд байна. “Монголын мах хамгийн тансаг хүнс” гэсэн пи-арыг Хятадын зах зээлд одооноос гаргаж байж үр дүн нь 10 жилийн дараа гарна. Гэтэл эсрэгээрээ Монгол махыг Хятадад хямдхан зарах гээд байдгийг би огт ойлгодоггүй юм. Энэ мэтчилэн төр урт хугацаанд үр дүн өгөх стратегийн ажлаа хийхгүй байна. Ард түмэн сошиалаар юу ярьж байна тэрэнд нь хөтлөгдөж аливаа шийдвэрийг гаргадаг төр байж болохгүй. Үе үеийн Ерөнхий сайд нь өөрийнхөө пи-ар ажлыг хийсээр хугацаагаа дуусгаж байна шүү дээ.

-Эдийн засгийн гэнэтийн өөрчлөлт дэлхийн эдийн засгийг уналтад оруулах эхлэл болж байна гэж зарим агентлаг үзэж буй. АНУ, Их Британи тэргүүтэй бусад улс орон цар тахлын үед юунд хамгийн анхаарч байна вэ?

-Дэлхийн улс орнууд цар тахлын үед хүүхдийн боловсролд хамгийн их анхаарч байна.Танхимын хичээлийг тасалдуулахгүй байх дээр бүх хүчин чадлаа дайчилж ажилладаг нь  маш тодорхой харагдлаа. Хоёрдугаарт, бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч байна. Гуравдугаарт, иргэддээ мөнгө  тарааж байна. Гэтэл манайх дээрх гурван арга хэмжээг эсрэгээр нь хэрэгжүүлж байна.

"Бэлэн мөнгө тараах нь зөв бодлого” гэж эдийн засгийн онолын ямар ч номонд байхгүй. Энэ нь иргэдээ залхуу, төрөөс хараат болгох халамж юм.

-Сангийн яам, Монголбанк ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та үзэж байна?

-Сангийн яам тэтгэврийн реформыг яаралтай хийх шаардлагатай. Харин Монголбанк банкуудын IPO-г заавал хийх ёстой. Ирэх саруудад ийм хоёр том сорилт тулгарч байна.

Цар тахлын дараах хэвийн амьдралыг та хэрхэн төсөөлж байна  вэ?

-Иргэдээ вакцинд бүрэн хамруулж дуусгаад дахин хөл хорих шаардлагагүй. Цар тахлын дараах хэвийн амьдрал гэдэг нь аав, ээжүүд нь гудамжаар чөлөөтэй явахыг хэлэхгүй. Хүүхдүүд сургуульдаа очиж, танхимаас хичээллэхийг хэвийн амьдралд шилжих гэж үзнэ. Өнгөрсөн хугацаанд миний эмгэнэсэн нэг зүйл бол Монголын эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ боловсролд огт санаа зовдоггүй юм байна. Боловсролын салбарт очсон сайд бүхэн энэ салбараар тоглож, самардаг. Үүнийг эцэг эхчүүд нь ч тоодоггүй,  үр хүүхдүүдийнх нь боловсрол, ирээдүй чухал асуудал биш юм байна гэдгийг цар тахлаас харлаа. Хойч үеийнхээ боловсролд анхаарсан улс л хөгжинө. Хүүхдээ дэлхийтэй өрсөлдөх шилдэг боловсон хүчин болгоход анхаарлаа хандуулаач гэж нийт эцэг, эхчүүдээ уриалмаар байна. Хоёрдугаарт, цар тахлын дараа ядуурал нэмэгдэж, олон ААН хаалгаа барьж, дампуурсан байна байх. Тэдний орон зайг нөхөж, ядуурлыг бууруулахад тэсч үлдсэн хэдэн компаниудад томоохон сорилт тулгарна. Харин намчдын амьдрал өмнөх шигээ сайхан үргэлжилнэ.

Төрийн өмнө сорилт тулгарахгүй. Ядуурлыг компаниуд л бууруулна. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд илүү ачаа оногдож таарна.

-Цар тахалтай зэрэгцээд Оюутолгойн хэлэлцээ эхэллээ. Цагаа олсон хэлэлцээ мөн үү. Монгол "ялж" чадах болов уу. Ямар хүлээлт байна, танд?

-Уул уурхайн орон гэж бүгд ярьдаг мөртлөө өнөөдрийг хүртэл Монголд уул уурхайн мэргэжлийн сургууль нь алга. Эсрэгээрээ нягтлан бодогчид, эдийн засагч, хуулийн сургуулиуд нь олноор байна. Төрд  бодлого байдаггүй нь тод жишээ нь энэ. Хэрэв Оюутолгойн төслийг эхлүүлэхтэй зэрэгцээд уул уурхайн сургуулийг байгуулчихсан байсан бол өнөөдөр Оюутолгойн инженерээр Монгол залуус ажиллаж байх байлаа. Оюутолгой бидний ирээдүй биш.

Оюутолгойн төслийн талаар УИХ-ын гишүүд ярихыг нь бараг хориглох хэрэгтэй. Төсөл нь байна, компани нь очоод ухаж байхад юу нь ойлгомжгүй байна вэ. Гэрээг нь өөрчлөх шаардлагатай бол Хууль зүй, дотоод хэргийн яамандаа өг л дөө. Баахан гишүүн Оюутолгойг ярьж өөрсдийгөө рекламдаад олон жил боллоо.

Нөгөөтэйгүүр “Дижитал эрин үе эхэлж байна” гэж тасралтгүй ярьдаг. Гэтэл дижитал их сургууль нэг ч алга. Харвардын их сургуулийн манай ангид Зимбабве улсын Дижитал яамны сайд нь хамт сурч байна. Бидний ядуу зүдүү гэж ярьдаг Африкийн улс хүртэл Дижитал яамтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж