АНУ: Ойрхи Дорнодын зарим улс мөхлийн ирмэгт ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

АНУ: Ойрхи Дорнодын зарим улс мөхлийн ирмэгт ойрхон байна

АНУ: Ойрхи Дорнодын зарим улс мөхлийн ирмэгт ойрхон байна

АНУ-ын тагнуулын алба жил бүр гаргадаг олон улсын аюулыг үнэлэх тайлангаа энэ долоо хоногт нийтэлжээ. Тус тайланд олон улсад цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал зэрэг асуудлууд энэ онд Ойрхи Дорнодын хэд хэдэн оронд хүндээр тусч, заримыг нь мөхлийн ирмэгт хүргэнэ хэмээн онцлон дурджээ. Тус тайланг гаргахдаа АНУ-ын тагнуулын алба олон улсад хамгийн их тулгамдаж буй асуудлууд болон улс төрийн байдал, сөргөлдөөн, алан хядлага, эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэгт анхаарлаа хандуулж, нэг жилийн ирээдүйд хамгийн болзошгүй аюулуудыг урьдчилан таамагладаг аж.

Тайланд “Цар тахлын улмаас ард түмний тэвчээр барагдан, дургүйцэл дээд түвшиндээ хүрч, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал улам нэмэгдсээр байх тул Ойрхи Дорнодын удирдагч нар улс төр, эдийн засгийн шинэчлэл шаардаж буй ард иргэдийн асар том хүлээлттэй нүүр тулах болно” хэмээжээ.

ИРАН

Тагнуулын мэдээллээс үзэхэд, Иран энэ онд хэд хэдэн өндөр эрсдэлтэй алхам хийснээрээ АНУ болоод түүний холбоотон улсуудын нийтлэг ашиг сонирхолд харшилж магадгүй гэнэ. Хэдий тийм ч Ираны зүгээс АНУ-ын ширүүн хариуг таамаглаж буй учир шууд зөрчилдөөн үүсгэхээс аль болох зайлсхийсээр байх бололтой. Түүнчлэн Иран болон Ойрхи Дорнодын бусад өрсөлдөгчдийн хооронд жижиг сажиг маргаанууд тасрахгүй аж.

Мөн “Иран АНУ-ын дотор сүлжээд үүсгэх ашиг сонирхолтой хэвээрээ байгаа гэх үндэслэл бий. Гэхдээ хамгийн ноцтой аюул Америкт амьдарч буй америкчууд бус хилийн чанад, тэр дундаа Ойрхи Дорнод, Өмнөд Азид байрлаж буй америкчуудад заналхийлж байгаа юм” хэмээн дурджээ.

Хэрвээ Жо Байден хориг арга хэмжээнүүдээ сулруулахгүй бол Тегеран ойрын хугацаанд дипломат харилцаа тогтоохгүй гэх байр суурьтай байгаа. Харин АНУ-ын хориг арга хэмжээ зөөлрөхгүй удвал Иран цөмийн хөтөлбөрөө улам эрчтэй, хурдан үргэлжлүүлнэ гэдгээ сануулсан аж. Хэдий тийм ч тагнуулчдын дүгнэснээр Иран одоогоор цөмийн бөмбөг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд энэ жилдээ багтан цөмийн зэвсэгтэй болох боломжгүй гэнэ.

ИРАК

Иракийн засгийн газар энэ онд алан хядах ISIS бүлгэмүүдтэй тэмцэх, Ираны талыг баримтлагч шийтийн зэвсэгт бүлэглэлүүдийг хянахын тулд маш завгүй ажиллах бололтой. Ингэхдээ Багдад алан хядах бүлгэмүүдтэй тэмцэхдээ АНУ болон бусад гадны орнуудын дэмжлэгт ихээр найдаж буй. Харин эсрэгээр зэвсэгт бүлэглэлүүд Багдадын эсрэг тууштай тэмцсээр байх аж.

Тэр дундаа Ираны дэмжлэгтэй шийт зэвсэгт бүлэглэлүүд Иракийн засгийн газар АНУ-ын цэргүүдийг буцаах талаар Вашингтонтой тодорхой тохиролцоонд хүрэхгүй бол АНУ-ын талд шахалт үзүүлэхийн тулд Ирбилийн олон улсын нисэх онгоцны буудал руу пуужингийн довтолгоо хийсэн шигээ АНУ-ын объектуудын эсрэг дайралтуудаа үргэлжлүүлэх бололтой.

ЛИВИ

Ливийн үндэсний эв нэгдлийн түр засгийн газар өмнөх засгийн газруудын гол асуудлууд болж байсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын дуусашгүй сорилтуудтай нүүр тулсаар байх тул энх тайван сахиулахад багагүй хүндрэл үүснэ. Хэдийгээр өнгөрсөн онд Ливийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдалд тодорхой хэмжээний ахиц гарсан ч шинээр иргэний дайн дэгдэх эрсдэл энэ онд хэвээр байх бололтой. Түүнчлэн Ливийн бүс нутгийн өрсөлдөгч нарын хоорондын асуудалд гадаад орнуудын нөлөө их байгаа тул дээрх болзошгүй дайны эрсдэл цаашлаад улам том мөргөлдөөний эхлэл ч болох аюултай. Харин Египет, Орос, АНЭУ, Турк тэргүүтэй Ливийн түншүүд санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлсээр байх төлөвтэй байна.

СИРИ

Ойрын хэдэн жилийн хугацаанд мөргөлдөөн, эдийн засгийн уналт, хүмүүнлэгийн хямрал зэрэг асуудал Сирид үргэлжилснээр АНУ-ын эсрэг заналхийлэл нь улам нэмэгдэх болно. Ерөнхийлөгч Башар аль-Асад Сирийн гол цөмийг хатуу хяналтадаа байлгаж байгаа боловч улсаа бүхэлд нь хяналтад авахад Туркийн хүчирхэг арми, Исламын хэт даврагчид, Идлиб муж дахь сөрөг хүчнийхэн тэргүүтэй босогчдын үйл ажиллагаа ихээр саад учруулна.

Тиймээс Асад чухал ач холбогдол бүхий хэлэлцээрүүд байгуулан, Орос, Ираны дэмжлэгт найдах болно. Хэрвээ АНУ цэргээ татах юм бол Курдуудын эсрэг Сирийн дэглэм, Орос, Туркийн шахалт нэмэгдэж, курдуудын эдийн засаг, хүмүүнлэгийн нөхцөл байдал эрс доройтох хандлагатай байна. Сирийн зүүн хэсэгт байгаа АНУ-ын цэргүүд Иран, Сирийн хамтарсан бүлгүүдийн аюул заналхийлэлтэй тулгарах бөгөөд болзошгүй халдлагуудыг нь эсэргүүцэхэд бэрхшээлтэй байх бололтой.

АНУ-ын тагнуулын алба жил бүр уг тайланг Ерөнхийлөгч болон зарим өндөр албан тушаалтнуудад танилцуулахдаа олон нийтэд ил болгох хувилбарыг тусад нь эмхлэн нийтэлдэг юм. Тиймээс олон нийтэд ил болгодог хувилбар дээр аюулгүй байдлын үүднээс мөхөж магадгүй улс орнуудын нэрийг тодорхой дурддаггүй аж.

Эх сурвалж: AXIOS DNI.GOV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж