Япон улсын Засгийн газар Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг ослоос сэргийлэхэд ашигласан цацраг идэвхит бодистой нэг сая гаруй тонн усыг Номхон далайд асгах шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан билээ. Уг шийдвэрийг танилцуулах үеэр Японы Засгийн газрын шадар сайд Таро Асо “Усыг сайн цэвэрлэсэн тул уух ч боломжтой гэж надад хэлсэн” гэж ярьсан юм.
Харин маргааш нь Хятад улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижан “Японы албан тушаалтан саяхан уг усыг уухад аюулгүй гэж хэлсэн. Түүнээс ууж үзүүлэхийг хүсч байна” гэж хэлжээ. Тэрбээр цааш нь “Гамшиг болоод удаагүй, хохирогчдын шарх эдгээгүй байна. Япон улс түүхэн эмгэнэлт явдлаа мартах ёсгүй” хэмээн ярьсан байна.
Цацраг идэвхит усыг хөрш орнууд болон Олон улсын атомын эрчим хүчний агентлаг "IAEA"-тай зөвшилцөлгүйгээр далайд асгахгүй байхыг хөрш орнууд нь Япон улсад уриалаад байгаа билээ.
Одоогоос 10 жилийн өмнө болсон газар хөдлөлт, цүнамигийн гамшгийн улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарч, цөмийн реакторыг нь хөргөхөд их хэмжээний ус ашигласан юм. Энэ усыг тусгай саванд хадгалж байгаа бөгөөд цаашид хэрхэх тухай асуудал олон жил тус бүс нутагт маргаан дагуулж байна.
Эх сурвалж: Kyodo News
Холбоотой мэдээ