Намайг Сагсаахай гэдэг | News.MN

Намайг Сагсаахай гэдэг

Намайг Сагсаахай гэдэг
– “Сагсаахай”-гийн өдрийн тэмдэглэл –

Мэндчилгээ

Сайн байцгаана уу, хүн ардаа

Сагсаахай нь мэндчилж байна

Хөгжилтэй, дүрсгүй миний бие

Хүмүүс та бүхэнд

Өөрийн амьдралын бяцхан түүхийг

Өдрийн тэмдэглэл болгон

Өргөн барьж байгаадаа

Үнэхээр их баяртай байна.

“Ирвэc” бидэнд юу тохиолддогийг

Эндээс та бүхэн уншина уу.

 ХОРВООД МЭНДЭЛСЭН МИНЬ

Ээж өгүүлэхдээ, аргын тооллын 17 дугаар жарны хөхөгчин хулгана жилийн зуны эхэн сарын тэр нэгэн өдөр Говь гурван сайханыхаа сүрлэг  уулсын дундах нэгэн агуйд эхийн ариун хэвлийгээс газарт унасан гэдэг билээ.

Төрсний дараах хэд хоногт би орчин тойрноосоо юуг ч олж харж чадахгүй байж. Арга ч үгүй  шүү дээ, нүд минь  наалдаастай юм чинь. Тас аниатай нүд минь тав хоногийн дараа нээгдэхэд, өөрөөс минь өөрцгүй өчүүхэн жижигхэн хоёр амьтан байсан нь  миний хоёр дүү. Ингэж л бид ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ дөрвүүлээ гэдгээ ойлгож билээ.

Эх минь бидний нүд нээгдсэн тэр өдөр:

Эвий миний хөөрхөн “гүем”-нүүд минь

Ижийг чинь “гинс’’ гэдэг юм шүү дээ

Аав ‘’гэнд’’ чинь алс хол яваад өгсөн гэж өгүүлж билээ.

Төрсөн даруйдаа хөхөө олохгүй хөглөж байсан бид гурав яваандаа эхийн сүүгээ булаалдах шахам сорчихдог болов. Идэж, идэж гурвуулаа цадаад эгшин зуур дугхийж орхино. Арьс махаа тасчин байж алтан хэвлээсээ биднийг төрүүлсэн ээж минь ч бас хамтдаа зүүрмэглэнэ. Халуун сүүнд цохиулсан бид дороос нухлах хайрга чулууны хатууг ч үл анзааран унтаж байхад, биднийг сэрээхгүй гэсэндээ ээж минь сэм босоод жаал зугаа идэж уух зүйлээр биеэ тордохоор жалгын судаг уруудан яваад өгдөг байсныг сүүлд бид мэдсэн юм.

 ТЭР НЭГЭН ШӨНӨ

Төрснөөс хойш арваад хоногийн дараах нэгэн үдэш хоёр дүү бид гурав бүүдгэр харанхуй агуйд бөмбөлзтөл чичирсээр сэрж билээ. Ээж алга байв. Халуун сүүний илч харьж, хайрга чулуу дороос  жиндүүлсэн тэр үдэш  бид биенээсээ

-Хайрт ээж минь хаачив?

гэж асуусан ч хэн нь ч хариулж чадахгүй байв. Харуй  бүрий болж буй бололтой тул хананд тусах хариугүй бяцхан өөрсдийн сүүдрээс ч эмээцгээж эхлэж билээ. Ээж хэзээ ирэхийг мэдэхгүй болохоор бид гурав бээрсэн биесийнхээ чилээг гаргахаар ойр зууртаа л эрхлэлдэн наадаж байтал ээж минь урт сүүдэр дагуулсаар агуйдаа орж ирлээ. Учиргүй баярласан бид, уруул амыг нь долоолон баяр хөөрөөр бялхав. Ургамал ногооны үнэрээс гадна, учиргүй хурц нэг зүйл үнэртээд байлаа. Уусан идсэн зүйлийнх нь үнэр  байсан байх. Одоохондоо сүүнээс өөр амттангүй, сүүдрээс өөр ханьгүй бид юугаа ч мэдэх билээ. Илч ихтэй сүүнд цадсан бид гурав  ахиад л агуй дотроо ноцолдон тоглов. Ээж минь биднийг өхөөрдөөд:

Гэдэс нь цадсан та нар минь хичнээн ч өхөөрдөм юм бэ? Гэсэн ч одоо унтаж амарсан нь дээр байх! гээд гэдэс хэвлий дороо дарж, нам унтуулж билээ бидэн гурвыг.

Шөнө дундын үед “тас няс, түр тар’’ хийсэн айхтар чимээнээр амгалан унтаж байсан бидэн гурав цочин сэрээд, айсандаа дагжтал чичирч эхлэв. Ээж рүү харвал юу ч болоогүй мэт тайван, бүр эвшээсхийж ирээд:

-Аргаль, янгир л байна аа! Үрс минь, айх хэрэггүй. Амгалан бай. Эд чинь амарч унтана ч гэж байдаггүй, алжааж ядарна ч гэж мэдэхгүй, хачин амьтад. Харанхуй шөнө байсан ч хад асга нураагаад, харайж дүүлж явдаг гэж мэд. Өөдөсхөн үрс минь бүү ай! гээд өхөөрдөж биднийг үнэрлэв.

Ээжийнхээ үгэнд тайвширсан бид нам унтлаа. Удсан ч үгүй үүрээр би сэрчихлээ. Бүрэнхий, харанхуй шөнө алсарсан бололтой. Бүдэг цагаан  гэгээ агуйд тусжээ. Гэнэтхэн миний чихэнд нэг чимээ сонстлоо. Бүр ойртоод ирлээ өнөөх чимээ. Учиргүй муухай ч биш юм, уянгалаг намуун дуу ч биш байлаа. Ахиад л айдас. Ар нуруу минь зарсхийв. Чимээ ойртсоор, чихэнд чийртэйгээр хадаж эхлэв. Дүү нар ч бас сэрээд дүрлэгэр нүднүүдээ эргэлдүүлэн чагнаархав. Ээж рүү бид харлаа.

-Ээж:

-Ховдог муухай чононууд л байна. Хоол идсэн ч сэглэж иддэг, ёрын амьтад байгаа юм. Хонгор үрс минь бүү ай. Хөнөөлт дайсан чононууд халдаж бидэн рүү ирж чадахгүй! гэв.

ЯМАР САЙХАН ӨГЛӨӨ БАЙВ АА

Дэн дун нойртой энэ шөнө өнгөрч, өглөө болов. Өглөөний цай, өтгөн шаргал сүүгээр бор ходоодоо божийлгов. Сүүнд цадсан бид сүүлээ өргөн модойлцоод, шөргөөцөлдөж бие биенээ өдөх маягтай. Ээж  энэ удаа:

Идэж ууж цадсан бол үрс минь, агуйгаас бүгдээрээ гарцгаая. Алтан нарыг ч харъя! Ахуй байгальтайгаа ч танилцъя! Алив миний араас! гэж уриалав.

Ах дүү гурван баацгар гүем агуйн үүдээр гарлаа. Хорвоогийн шаргал нарыг анх удаа харж буй нь энэ. Ай ямар сайхан юм бэ? Бүхэл орчлонг гийгүүлэгч наранд биеэ ээсэн бид найрсаг дулаан харцаар бие биенээ сонирхон, үнгэлдэн зогсоно. Юм бүхэн соньхон байлаа. Дээр хөх тэнгэр цэлийгээд, далавчаа дэвэн нисэх шувууд, хурц шовх оройтой, хад цохиотой өндөр уулс. Хөлийн дор савар ирвэгнүүлэх хөрс шороот газар, ургамал ногоо. Эхээсээ асуух ч юм их байлаа. Ээж минь:

Харцгаа! Үзэцгээ! үрс минь. Мэлмийгээ баясгацгаа. Эцэг дээдсийн үеэс идээшиж дассан, эдүгээ бид ч амьдран буй энэ ариун тансаг газар шороо, уул, ус нутаг минь “Говь гурван сайхан’’ билээ. Багаасаа тогтоосон нэр минь “Баруун сайхан” уул. Ариун дагшин энэ л уул усныхаа рашаан булгаас нь ундаалж, асга хаданд нь авирч дүүлж, арцан дээр нь хөрвөөж, араатан жигүүртнээр нь хооллож, амьдарч ирлээ дээ бид гэв.

Ээжийн  яриаг эхнээс нь дуустал нь шимтэн сонсож байтал гэнэт эрчилсэн улаан шороо босож хөнгөн биетэй биднийг хөөргөөд аваад явчих шахлаа. Шахсанаар барахгүй эмэгтэй дүү минь үүдэн хоймрын газар бяцхан хөөрөөд газардлаа. Аз болоход  агуй ойрхон байсан тулдаа л амжиж бид шургалан орлоо. Араас ээж ч ороод ирлээ.

ХУЙ САЛХИНД ХИЙССЭН ХӨӨРХИЙ БИД ЧИНЬ ХЭЗЭЭ ТОМ БОЛОХ ВЭ? ХЭМЭЭХ АСУУЛТ

 Сандарч тэвдсээр үүрэндээ орж ирсэн хойноо бид:

– Сая юу болов оо? Өчүүхэн бид чинь өвс шиг хөнгөн юм байна. Эр юм болохоороо эрэгтэй дүү бид хоёр эрхбиш тэсэв. Эмэгтэй дүүг эгээтэй л хөөргөөд аваад явчихсангүй. Хэзээ тань шиг бие гүйцсэн ирвэс болохыг хэлээд өгөөч гэв.

Ээж минь инээх аятай болж ирээд:

– Энэ юу ч  биш дээ! үрс минь. Энгийн нэгэн “Хуй” салхи босов. Энэнээс цааш их юм болно оо. “Угалз”-ыг та нар юу! гэж бодож байна. Гэгээн цагаан өдөр байснаа гэнэт харанхуйлж шөнө болдог гэж төсөөлөөрэй. Амьтад байтугай, арга чаргатай хүмүүс хүртэл аюултай энэ шуурганаар ажил алба нь хэд хоног нам зогсдог юм. Гэнэтийн энэ байгалийн үзэгдэл гэр байшинг ч өргөөд аваад явчихдаг гэж байгаа. Хэд хоног үргэлжилбэл хэт их хохирол амсдаг. Уухилсан шуурганы хүч ууланд арай гайгүй байдаг байж ч магадгүй гэхэд эрэгтэй дүү

– Том болох тухайд тоймтой хариулсангүй та гэвэл:

– Хурдан том болох тухай мөрөөдөх нь та нарын зөв. Гэхдээ ховдог бяцхан та нарыгаа хоёр жил дэргэдээсээ холтгохгүй шүү. Божгор бие чинь хөрвөжиж бор хоолонд орно. Дараа нь жижиг ан агнуулсаар жилийн дараа тураг биетэнд хүрэх хэмжээнд хүргэнэ. Жилийн дараанаас л жигд сайхан өсцгөөнө гэж мэдээрэй. Салхинд хийсэж байгаа эмэгтэй дүү чинь ч сайхан сунагар гинс болно. Одоохондоо яахав хагас кило жинтэй л байгаа байх. Хүссэн юм хүзүүгээр татах өдөр ирнэ. Дөрвөн зуун граммаас дөч, тавин кило болтлоо л томорно гэж мэд! гэхэд эмэгтэй дүү:

– Гоё юм бэ? Гоолиг сайхан гинс болчихоод гайхуулж явах цаг удахгүй л юм байна гэв. Ээж:

– Гоё сайхан болох ч яахав нэг хэрэг. Ер нь  ирвэсүүд бидний амьдрал  тэр  чигээрээ л өрсөлдөөн, тэмцэл шүү дээ. Хүн гэгч хүчирхэг оюун ухаантанд хавчигдана, ад үзэгдэнэ. Амь насыг минь егүүтгэхээ ч тоохгүй. Хавар намар хамуу хачиганд бариулах, халуун зун балга усгүй харангандах, хар шувуунд хайртай үрсээ шүүрүүлэх, турж эцэх, өлсөж цангах, тураг ан цөөрч, туулай оготноор гол зогоох туйлын хүнд бүхнийг бид  туулна гэв.

БАГА ҮДИЙН ЗООГ БУЮУ ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ЭЭЖИЙН ЯРИА

Энэ ярианы дараа ээж  анд явна! гээд гарлаа. Удсан ч үгүй, учиргүй бяцхан амьтан зуусаар ирлээ. Ээжийн зууж ирсэн энэ амьтан эгээ л бидний сарвуунаас томгүй юм.

Энэ юу вэ гэж? ээжээс бид асуулаа.

Оготно гэдэг амьтан даа, гүемүүд минь. Та нар минь нэгэнт орчлон хорвоогийн зах зухтай танилцаж эхэлсэн болохоор ойлгуулж хэлэх зүйл их байна. Эн тэргүүнд иймэрхүү хурд, хөдөлгөөн багатай жижиг амьтдаар хооллоно. Хөлийн чинь хурд нэмэгдэж, хүч сууж, бие чинь өсөхийн хирээр хоолоо ихэсгэн, дэс дараатай томруулсаар, “Том амьтан” барих шаардлага гардаг гэхчилэнгээр ярьж байснаа нүдээ аньж толгойгоо гулзайлгав. Та нарыг төрүүлэх гэж тамир тэнхээ минь их доройтлоо. Тарвага зурамны арьс хөрс гүйцээгүй, тураг ан өөхлөөгүй үед ийм л юмаар хооллоно шүү дээ. Ер нь тэгээд говь нутгийн эрс тэс уур амьсгал, амьдралын төлөөх тэмцэл дунд голоо зогоохын тулд юу эсийг идэж уудаг гэх вэ дээ. Шулуун хэлэхэд шороо чулуу ч зажлах үе гарна. Хоол элбэг цагт бол ходоод гэдэс ирвэгнэж загатнавал харгана бутуул ч иддэг юм.

-Ээж ээ, таны энэ барьсан амьтан одоохондоо огт таалагдахгүй байна, эндээс бушуухан аваад яваач гэж бид гуйв.

-Аргагүй ээ, ангаахай үрс минь. Та нарт одоохондоо уураг сүүнээс өөр амттай хоол байхгүй. Ижий нь энэ хоолоо энүүхэн хадны цаагуур ороод зооглож орхиё. Амьд жишээ үзүүлэх л гэж амандаа зууж ирсэн юм гээд ангаа аваад холдлоо.

 Үргэлжлэл бий…

Монгол Ирвэс ТББ

П.Наранбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 192.82.75.58

Уртнасан уу

Avatar

Ж.Онгар 2021-04-15 202.179.21.209

Дэлхийд нэн ховордож "Улаан номонд" орсон амьтаны талаар тун сонирхолтой хэлбэрээр бичсэн эрэгцүүлэл бна. Ялангуяа хүүхэдүүд, залуучуудын танин мэдэхгүйг хөгжүүлэх, байгаль, зэрлэг ан амьтныг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх аруин үйлсэд тус дэм болох байх. Наранбаатар сэтгүүлчид баярлалаа, ажлын амжилт хүсье

Avatar

РАВДАН 2021-04-15 66.181.161.19

ЁООЁ СААКАШВИЛИ МОНГОЛД ИРЭЭ ЮУ ГЭЖ БОДЛООШД.

Avatar

Зочин 2021-04-15 202.126.90.37

Baigaliin uzesgelen goo!

Avatar

Зочин 2021-04-15 202.9.40.133

Нүдэнд харагдтал сайхан бичжээ, ирвэс л гээд бөйхаас ийм олон нэртэйг нь мэддэггүй юм бна, хүүхдүүддэа уншуулнаа. Танин мэлэхүйн ач холбогдолтой сайхан нийтлэл, зохиол бна.

Avatar

Зочин 2021-04-15 202.126.90.85

Баярлалаа, хүүхдүүддээ уншиж өглөө

Avatar

Зочин 2021-04-15 202.21.108.222

ҮНЭХЭЭР САЙХАН БИЧЖЭЭ! 🐆 🐆🐆🐆 АН АМЬТАНАА ХАЙРЛАХТУН!!!

Avatar

Ирвэсийн тухай 2021-04-15 66.181.178.72

Гоё хүүхэлдэйн кино анимэ хийвэл бас гоё баримтат эссе байнадаа.

Avatar

Иргэн 2021-04-15 103.26.193.186

Сайхан бичсэн байнаа ,Ямар эгдүүтэй бяцхан гүемнүүд бэ….

Avatar

Зочин 2021-04-15 122.201.22.145

сагсай прокурорын тухай юм болов уу гэж бодлоо

Avatar

Зочин 2021-04-15 31.151.236.21

Nudend haragdav 3 guem eejteigee. Guem, gins, gend gedgiig ni ch meddeggui yvj. Uhuurdum, dulaahan, tanin medehuin hurteemjteid ni setgel tatagdav, Huuheldein kinoniihon sedel avaad Disney- n hemjeenii kino hiichihvel ch guemuud ch usnuduu

Avatar

sereeter 2021-04-15 202.179.25.144

Ingej zohioloor irvesnii tuhai medeelel hurgej baiga arga chn zow. zaluuchuud irvesnii talaar yu ch medehgui baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж