Ардчилсан намаас өнөөдөр (2021.04.15) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа ороод явж байна. Төлөвлөгөө гарсан.
Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч ажиллахад нээлттэй. Ажлын хэсгийнхээ үйл ажиллагаанд нээлттэй оролцоорой. Пэйж хуудсаар, утсаар хандаж болно.
Хоёрдугаар асуудал бол цар тахлын үеийн үр дүнгүй хөл хорио, вакцины тасалдлаас болоод иргэд маш их гомдол ирүүлж байгаа. Ерөнхий сайд дөрөв, тавдугаар сарыг хүн амаа вакцинжуулалтад хамруулах аян болгон зарласан ч зогслоо. Ардчилсан нам ч энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.
Өнгөрсөн жил дотооддоо Covid-19 халдвар алдаагүй байхад бизнесээ зогсоогоод сургууль, цэцэрлгээ хаагаад хүүхдүүдээ боловсролын хоцрогдолд оруулсан.
Сая хүн амаа дархлаажуулалтад шуурхай хамруулсан орон болно гэж тооны хойноос хөөцөлдөөд, нөөцөө базаалгүйгээр алдаа гаргаж байна. Алдааных нь хор уршиг иргэд дээр, эрүүл мэнд дээр гарч байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Цар тахлыг даван туулахад зориулж Монгол Улсад олон улсаас тусламж их ирж байгаа. Гэвч Засгийн газар халдвартай тэмцэх нэрээр хяналтгүйгээр маш их төсөв мөнгөний зарцуулалт хийж байна. Энэ асуудал дээр бид УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэйгээ хамтраад хяналт тавин ажиллана. Тийм учраас цар тахалтай тэмцэх хүрээнд зарласан төсөл, хөтөлбөрүүд дээр гүйцэтгэлийн аудит хийлгэхээр Үндэсний аудитын газарт хүсэлт гаргана
Сүүлийн үед бэлгийн дарамт хүчирхийлэлтэй холбоотой хөдөлгөөн өрнөж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдоод байгаа энэхүү асуудалд нэгдүгээрт, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд хүнийг буруутгаж болохгүй гэдэг хууль дээдлэх зарчим дээр Ардчилсан нам зогсоно. Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн ч бай хууль шүүхийн өмнө шалгуулж үнэн зөвөө тогтоолгох ёстой, хариуцлага хүлээх ёстой. Хууль шүүхийн байгууллага нөлөөнд авталгүйгээр үнэн зөвийг тогтоож ажиллана гэж найдаж байгаа.
Ардчилсан нам хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр байнга дуугарч, холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж ирсэн. Ардчилсан нам засаглаж байх үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтад ажлын байран дахь бэлгийн дарамтад эрүүгийн хариуцлага ногдуулахаар оруулж байсан. Гэтэл МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялсныхаа дараа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нэрээр энэ заалтыг хасч, Зөрчлийн хууль руу шилжүүлснээр бэлгийн дарамт үзүүлж байгаа этгээдүүд нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөрчлийн хариуцлага хүлээдэг болсон.
Тиймээс энэ асуудал дээр идэвхтэй ажиллаж байгаа төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтраад бэлгийн дарамттай холбоотой заалтыг буцааж Эрүүгийн хуульд тусгах тал дээр Ардчилсан нам ажиллаж байна.
Бэлгийн дарамт нь хувь хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой эмзэг асуудал байдаг. Ялангуяа манайд "шүгэл үлээгч" нь нэр төр, сэтгэл санаагаараа хохироод үлддэг асуудал байдаг. Хохирогчийн эрхийг хамгаалах тал дээр Тахарын албыг татан буулгасан нь маш том ухралт болсон. "Шүгэл үлээгч"-ийг хамгаалах асуудлаар Ардчилсан нам цаашдаа УИХ дахь намын бүлэгтэйгээ хамтраад төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Судалгаагаар эмэгтэйчүүдийн 79.6 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтыг мэдэрдэг гэж хариулсан нь манайд энэ талын дарамт асар их байгааг харуулж байгаа юм.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
Засгийн газрын тэргүүний байр суурь гэдэг бол хувь хүний мэдэгдэл биш. Хаанаас хэдэн сая вакцин орж ирэх вэ гэдгээ албан ёсоор баталгаажуулсны дараа мэдэгдэл хийдэг байх ёстой. Албажаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг зарлахаар вакцин нийлүүлэлт хойшлон, хоёр дахь тунгаа хийлгэж чадахгүй болж байна.
УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдоод иргэн хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа нөхцөлд заавал прокурор асуудлыг УИХ -д оруулж ирдэг баймааргүй байна.
УИХ-ын гишүүн нь асуудал байхгүй гэж үзэж байгаа бол заавал хуулийнхнаар чирүүлэхгүйгээр бүрэн эрхээсээ түдгэлзээд жирийн иргэн шиг шалгуулчихаад шүүхээр гэм буруу нь нотлогдохгүй бол эргээд УИХ-ын гишүүнээрээ ажиллахад асуудалгүй. Бүрэн эрхээсээ түдгэлзэхэд УИХ-ын гишүүнээрээ эргэн ажиллах боломжгүй болно гэсэн үг биш. Түр хугацаанд түдгэлзээд халдашгүй дархан эрх нь хэсэг хугацаанд байхгүй болоод шүүхээр гэм буруу нь нотлогдохгүй тохиолдолд буцаад УИХ-ын гишүүний ажлаа хийх бүрэн боломж байгаа.
Хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор Ардчилсан нам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулж байсан. Сайжруулах зүйлүүд бий. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах талд Ардчилсан нам байр сууриа илэрхийлэх ёстой. Энэ асуудал дээр нам дуугүй явж ирсэн алдаа бий, цаашид алдааг давтаж болохгүй.
–Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэдэг асуудлыг хуульчид хөндсөөр байна. Маргааныг таслуулахаар иргэд ч Цэцэд гомдол гаргасан байгаа. Цэцийн шийдвэр өнөөгийн Ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэдэг байдлаар гарвал яах вэ?
-Үндсэн хуулийн маргаантай асуудалд Цэц дээр шийдвэр эцэслээгүй үед би байр суурь илэрхийлэх нь оновчтой бус. Цэц гэдэг хэний ч нөлөөнд авталгүйгээр, хэний ч хараанд орохгүйгээр Үндсэн хуулийн зарчмаа барьж шийдвэр гаргах ёстой.
Монголд өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ -ын гишүүн хэн байх нь хамаагүй Үндсэн хуулийнхаа дээгүүр алхдаг байж таарахгүй.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 25-н гэхэд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийнхээ давхар дээлийг тайлах ёстой байсан. Тэрийг нь сануулж зөндөө хэлсэн. Харамсалтай нь, даваад алхаад явсан.
Цэц Үндсэн хуулийн зарчим, нэмэлт өөрчлөлтөө барьж шийдвэр гаргах ёстой.
Орчин үеийн ардчиллын зарчим гэдэг яаж ч улс төрийн үйлдэл нь халиад хуулийн дээгүүр давдаг байж таарахгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ