ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр Сovid-19-ийн шинжилгээтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр "Халдвар нэмэгдэхийн хэрээр шинжилгээний ачаалал нэмэгдэж байгаа. Дүүргүүдийн сорьц цуглуулах цэгүүд дээр шинжилгээний цаг дууссан, хэд хоног хүлээж байж шинжилгээ өгөхөөр байна. Гэтэл халдвар хүн амын дунд тархчихсан байгаа одоогийн нөхцөлд хүн бүрээс шинжилгээ авах тактик маань учир дутагдалтай гэж үзсэн. Шинжилгээний үйл явц хэд хэдэн шат дамжлагатай. Лабораторид 5 сорьцыг нэг дор төхөөрөмжид хийж байгаа. Хариу сөрөг гарвал тавуулаа сөрөг гэсэн үг. Харин эерэг гарвал нэг нэгээр задалж дахин шинжлээд халдвартай сорьцыг тодруулдаг. Энэ үйл явц нэлээд хугацаа шаардагдана. Хамгийн багадаа 24 цаг шаардлагатай. Тиймээс энэхүү шинжилгээний тактикийг өөрчлөх хэрэгтэй байна. PCR маш сайн мэдрэг чанартай шинжилгээ.
"ОЙРЫН ХАВЬТЛУУДАД COVID-19 ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ШИНЖИЛНЭ"
Цаашид эерэг батлагдсан тохиолдолд гэр бүлийн хүн нь халдвар авсан эсэхэд эхлээд шинж тэмдгийг нь ажиглаад хэрэв халдварын шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн оношлуураар авах ийм чиглэл рүү орно. Сүүлийн үед түргэвчилсэн оношлуурууд маш олноороо үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд бас хямд. Засгийн газрын зүгээс мэдрэг чанар өндөртэй түргэвчилсэн оношлуур олох, нийлүүлэх ажил дээр эрчимтэй ажиллаж байгаа. Түргэвчилсэн оношлуур хугацаа алдахгүй 10 минутад тухайн хүнийг халдвар авсан эсэхийг мэдэх боломжтой. Гэр бүлийн нэг гишүүн нь халдвар авсан тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдийн үлдээх үү эсвэл эмнэлэг рүү авч явах уу гэдэгт шинэ менежментээр ажиллана. Гэр бүлийн ойрын хүнд нь шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн шинжилгээ аваад эерэг гарвал батлагдсан өвчтөнтэй хамт эмнэлэг рүү хүргэнэ. Гэхдээ нас болон суурь өвчинтэй эсэх талаар эмнэлзүйн үнэлгээ хийнэ. Халдвартай нь батлагдсан хүн хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол гэрт нь үлдээж байгаа. Тухайн хүний гэр бүлийнхэн хэсэг хугацааны дараа халдвар авах нь тодорхой, мөн хөнгөн байсан өвчтөн хүндрээд эмнэлэгт ирэх тохиолдол гарч байна. Тиймээс стратегийг өөрчилж хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт хүргэхээр болж байгаа.
Зайлшгүй шаардлагатай биш бол PCR шинжилгээ битгий өгөөч ээ гэж байгаа юм. Үүнээс болоод шинжилгээний хариу гарах хугацаа удаашраад байна. Хариу удаж байх хооронд халдвартай хүмүүс халдвар тараагаад л явж байдаг. Тиймээс аль болох PCR шинжилгээг эрсдэлт бүлгийнхэн буюу ойрын хавьтлуудаас шинжилгээ авах тактик барьж байна.
Иргэд маань шууд л PCR шинжилгээ хийлгэе гэхээсээ илүү халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна уу гэдгээр нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй" гэлээ.
ХӨСҮТ ДҮҮРЭГ БҮРТ АЖИЛЛАНА
Covid-19-ийн хариу арга хэмжээний тактикт томоохон өөрчлөлтийг хийх сайдын тушаал өчигдөр гарсан. Халдвартай тэмцэх хариу арга хэмжээний багийг дүүрэг бүрт зохион байгуулахаар болжээ. Ингэснээр ХӨСҮТ дүүрэг бүрт ажиллана гэсэн үг юм. ХӨСҮТ-өөс өдөрт шинээр илэрч буй 800-900 тохиолдол дээрээ хүрч очиж чадахгүй хүндрэл их гарч байсан юм. Үүнийг өөрчилж, нийслэл рүү шилжүүлж дүүрэг бүрд Шуурхай хариу арга хэмжээний баг байгуулснаар яаралтай өвчтөнд хүрэх тусламж үйлчилгээ илүү хурдсах боломж бүрдэж байна гэдгийг тодотголоо.
Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ өөрийн тандалтын багийг дүүргүүдэд хуваарилна гэсэн үг. Ингэснээр тандалтын эмч нар дүүрэг бүрт шинжилгээ яаж зохион байгуулах, өвчтөнийг эмнэлэгт авчирч цээжний рентген зураг авч, оношилж эрэмбэлнэ гэсэн үг. Дүрс оношилгоогоор тухайн өвчтөний хөнгөн эсвэл хүнд байгааг тодруулж, дүүргийн эмнэлэгт дээр нь ялгах юм байна.
Холбоотой мэдээ