Залуус минь “Зааг занга”-нд бүү ор

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Залуус минь “Зааг занга”-нд бүү ор

Залуус минь “Зааг занга”-нд бүү ор
ЭХЛЭЛ
Улсын начин Э.Энхбат Солонгос руу эмчилгээнд явсныг сонсоод энэ сайхан залуу илааршин, эх орондоо, ээжий аавдаа эргэн ирээрэй хэмээн залбирч сууна. Энэ залууг би хэдийгээр танихгүй ч олны амнаас жудагтай залуу гэж олонтаа сонсож байснаас гадна эмнэлэгт байсан найзыгаа тэргэнцэр дээр түрж яваа баяр хөөртэй зургийг нь хараад хэр хэмжээний нөхөрлөл тэдний хооронд байсныг ойлгож байна. Энэ зураг үнэхээр гайхалтай мөчийн гэрч. Анд нөхдийн үерхэл үхэвч үүрд гэж сайхан үг ч бий. Ууч сэтгэл, уужим ухаан монгол хүнд бас бий. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Эв эе, эрүүл сэтгэл дутагдаад байна уу даа бидэнд … Энд би хэн нэгнийг шүүх гэсэнгүй, учир байдал юунд оршив гэдгийг бодлоо.
Хэдхэн жилийн өмнө нэгэн залуу бидний зүрхэнд гал болон бадарч, монголчууд бидний бахархлыг бадрааж явсан талаар хэдэн үг хэлмээр байна, сануулмаар байна.
Тэр монголчуудын уухай, итгэл, сэтгэлийн илч, эв нэгдлийн холбоос болсон гэхдээ… Монголчуудыг 7-р сарын 1-ний үймээний бараан сүүдэр нөмөрч, удам угсаа нэгтэй үндэстэн өөр хоорондоо мөргөлдөж, таван сайхан Монгол хүний амийг зольж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч олон залуус эрүүл мэндээрээ хохирч, өрөөл татанхай болж үлдсэн элэг эмтрэм уй гашуу орон даяар нөмөрлөж байсан бараан өдрүүдийн үед Найдангийн Түвшинбаяр хэмээх сайхан залуу “40 жил нам засаг, нийтээрээ мөрөөдөл болсон олимпийн анхны аварга” болж, Монгол Улсынхаа төрийн далбааг Бээжин хотын тэнгэрт мандуулж, монгол хүн бүрийн зүрхэнд итгэл, эв нэгдэл, амжилт, бахархлын гэрэл татуулж, галыг асаасан мартагдашгүй түүхийн эзэн болсон билээ.
Тэр монголчуудын хэцүү цагт “уухай, итгэл, сэтгэлийн илч, эв нэгдлийн холбоос” байв. Монголын тамирчин гэж нэрээ дуудуулан, төрийнхөө далбааг дэлхий даяар дуурсгахад анх удаа Сүхбаатарын талбай дээр өргөн олноороо цугларан, улс төрийн улаан, цэнхэр өнгөөр ялгарахгүй улстөрчдийг тэврэлдүүлж чадсан аавын хүү. Тэр хүүгээр чимж, тэврээд салахгүй байсан халамцуухан улстөрчдөөс ган хийж, ганц үг дуугарах хүн өнөөдөр байна уу.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн “Бид бахархлаар дутаж яваа улс юм. Үүнийг баталсан хүн нь чи. Энэ бол өөрийн чинь Олимпд гаргасан амжилтаас илүү зүйл шүү” гэж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр жинхэнэ сэтгэлээсээ бахархалтайгаар хэлж байсныг монгол хүн бүр л сонссон билээ.
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэвч…
Амжилтаараа аархаж, мандаж явахад нь магтан дуулсан түмэн минь алдсан энэ цагт нь ам хэлтэй болгон үгийн мууг урсгаж, уур омгоо овоо ч их гаргаад авлаа. Одоо боллоо. Тэр ч гэсэн, гэр бүл, аав ээж нь ч гэсэн сэтгэл санааны хүнд хэцүү байдалд байгаа. Энэ үед бид монгол хүмүүс байна даа өр нимгэлж, түүнтэй хамт байгаасай гэж хүснэ. Энэ үгээрээ би түүнийг өмөөрөх гэсэнгүй. Хувь хүний ёс зүйгүй үйлдлийг нь зөвтгөхгүй. Гагцхүү түүний буруу үйлдлийг нь буруутгахаас, өөрөөр түүний зүрхний галыг нь битгий дэвслээсэй гэж хүснэм. Чи залуу хүн. Ухаажиж, алдаа оноон дундаасаа дахин өндийхийг хүсье. Өнгөрснөө хариуцаж, үг үйлдэлдээ жинхэнэ эзэн болж, хат суух учиртайг амьдрал түүнд хатуухан санууллаа. Эр хүний замын хүзүү урт. Сэтгэлийн тэнхээтэй байж, бүхнийг даван туулаарай, аварга минь. Монгол түмэн минь чамайг мартахгүй.
ЗААГЛАХ, ЗАНГАНД ОРУУЛАХЫН ГАЖУУДАЛ ЮУНД ХҮРГЭВ?
Түүнийг идтэй, бяртай, цолтой гялалзаж байхад тал бүрээс нь даллан дуудаж, бэлэг сэлт, эд хөрөнгө, албан тушаал амсуулж, хөөргөдөж байлаа. Алдар нэр, цол, хүндэтгэл, зусардлын МАНАНД төөрүүлжээ.
УИХ-д нэр дэвшүүлж нэг үзэж, МҮОХ-ны дарга ч болголоо. Сүүлд нь Монгол Улсын Ерөнхий сайдын Зөвлөх ч болгов. Манайд бичигдэж албажуулаагүй нэгэн хачирхалтай, бусармаг уламжлал бол эрх мэдэлд хүрсэн, эд баялагт шунагч бэртэгчингүүд өөрийнхөө эргэн тойронд хашаа хороо, хана хэрэм босгож өөрөө шигдэхийн зэрэгцээ өрөөл бусдыг эрхшээлдээ хашиж, гамшиг төвөг тарьж, ЗААГлаж орхидог нийгмийн ГАЖУУДАЛ юм. Үүний тод томруун нэг жишээ нь салбартаа амжилттай, нэртэй яваа залууст албан тушаал өгч, алдаршуулан улс төрд шууд хомроглон татаж аван, тэднээр “гоёх” явдал юм. Эзэмшсэн мэргэжил, амжилтанд хүрсэн салбараас нь зааглан тусгаарлаж, хиймэл магтаал шагнал, албан тушаалаар бялууруулж, аажимдаа өөрсдийн бохир далайдаа живүүлж “эвдэх” явдалд өртөгдсөн олон залуус бий. Өнөө хөөрхий “долигногч, долоогч, цүнх баригчид” ч эдний эгнээнд хамрагдана. Хэн нь хэнийг яаж эвдэж, улмаар хэдэн залуусыг минь улс төрийн зангандаа оруулж, тогоондоо чанан, хутган талцуулаад байгаа нь хэн бүхний нүдэнд ил билээ.
Иймд залуучууд минь бид цөөхөн монголчууд, эв нэгдэл, эх орон гэдэг юунаас ч илүү үнэ цэнтэйг бүү мартаарай. Бид эв нэгдэлгүй үедээ дан олзлуулж, дарлуулж, алдаж явсан гашуун түүхтэй. Залуучууд, залуу насыг нь эзэмдэн эвдэгчид ч одоо больж үз. Олимпийн аваргын маань хийсэн үйлдэл түмэн буруу боловч энэ л жишгээр тэрбээр “зааглан тусгаарлагдаж, нийгмийн золиос” болчихов уу гэж бодогдоод байна.
Хэрвээ түүнийг өөрийн эрх ашигтаа нийцүүлэн, “зааглан тусгаарлаж, элдвээр бялууруулаагүй” бол хойч үе, залгамж халаагаа бэлдэх мэргэжлийн өндөр төвшний дасгалжуулагч, ирээдүйн Олимпийн медальтнуудын багш, үнэ цэнтэй давтагдашгүй сайхан хүү гүйж л яваа.
Үй зайгүй нөхөрлөсөн хоёр сайхан найз залуусын хооронд бор дарсны гайгаар гарсан “заагийг улам гүнзгийрүүлэх“ гэж нийгэм маань талцаж байна. Юунаас болов, яагаад ийм байдалд орох болов гэдгийг тунгаан бодоцгооё, өөрчилье. Архи хэмээх савнаасаа бусдыг дийлэгчид толгойгоо, эрүүл мэндээ, гэр бүлээ, амь насаа алдахаас зайлсхийх бас чухал болоод байна.
Хал үзэж, халуун чулуу долоосон хүний хувьд аавын хоёр сайхан хүүг алийг нь гэж ялгах билээ, сайн сайхан л яваасай гэж залбирья. Э.Энхбат маань хурдан тэнхэрч, эх орондоо ирээрэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Залуус минь ирээдүй та нарын л гарт бий шүү.
зааг-занганд бүү ороорой
Д.ТЭРБИШДАВГА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж